Японы хүнсний компани иргэдийг урт наслуулахын тулд “бэлэн гоймон” үйлдвэрлэжээ

Аомори мужийн иргэдийн дундаж наслалт Япон дотроо хамгийн багад тооцогддог. Тухайлбал Аоморигийн эрчүүд дунджаар 78.67 насалдаг бол улсын дундаж 79.59 байдаг. Эмэгтэйчүүд нь дунджаар 85.93 насалдаг бол Японы бусад хэсгийн дундаж 86.35 байдаг ажээ.

Аоморичууд наслалтаар сүүл мушгих болсон нь тэдний хүнсэндээ хэрэглэдэг шар буурцагны сүмс, мисо амтлагчинд давс их ордогтой холбоотой гэдгийг олон жилийн өмнөөс мэдэж байсан гэнэ.

Тиймээс засгийн газрын харьяа Эрүүл Мэнд, Хүнс Тэжээлийн Үндэсний Хүрээлэн Аомори мужийнхны наслалтыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр боловсруулжээ. Ингэхдээ тус мужийн иргэдийн давсны хэрэглээг багасгаж, хүнсний ногоо, жимсний хэрэглээг дэмжих бодлого төлөвлөсөн байна.

Бас хүнсний үйлдвэрүүдэд бүтээгдэхүүнийхээ давсны орцыг бууруулахыг уриалжээ.

Үүний үр дүнд Токиогийн Тоёо Суйсан Кайша компани хамгийн түрүүнд уриалгыг хүлээн авч, давс багатай “бэлэн гоймон” шинээр үйлдвэрлэж эхэлсэн байна. Наймдугаар сарын сүүлээр тус компанийн үйлдвэрлэсэн Гекимен брэндийн хоёр бүтээгдэхүүн Аоморигийн супермаркетын сүлжээгээр худалдаалагдаж эхэлжээ.

Шар буурцагны сүмс, мисо амтлагчтай аяга гоймон 118 иений ($1.05) үнэтэй бөгөөд дөнгөж 4 грамм давс ордог нь бусад бэлэн гоймонгийн давсны дундаж хэмжээнээс 25 хувь бага болсон байна.

Аомори мужийн захирагч Шинго Мимура санаачилгыг дэмжиж, саяхан болсон хэвлэлийн хурал дээр шинэ гоймонгуудын амталгааг зохион байгуулжээ.

Гекимен бүтээгдэхүүнүүд Аоморид борлуулалт сайтай байгаа тул үйлдвэрлэгч компани нь шинэ гоймонгоо Япон даяар гаргахаар төлөвлөж эхэлсэн байна.

эх сурвалж:zuv.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ