Б.Лхагвасүрэн: Би одоо хамгийн сайхан зүйл амьддаа мартагдах гэж боддог болсон
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнтэй ярилцлаа.
-“УУЛ ШИГ ЭРЧҮҮД МИНЬ ЯАЖ БАЙНА ДАА” ГЭЖ ДОТРОО ИХ ХАРАМСАЖ БАЙЛАА-
-Өнгөрсөн амралтын өдөр таны “Би цаг тооны үргэлжлэл” уран бүтээлийн их цэнгүүн болсныг дууллаа. Тоглолт сайхан болов уу?
-Миний бүтээлээр нэрлэсэн миний гэсэн нэг тийм тоглолтыг нэг компани зохион байгуулж байгаа юм. Энэ нь цуврал, Монголын авьяас билэгтнүүдээр хийж байгаа юм байна. Тэрний эхнийхэд нь би тохиолдчихгүй юу. Бүр хавар, намайг хагалгаа хийлгээд ирсний дараа хийе гэсэн юм. “Больё оо, нэгд, зөндөө хандив авчихаад, дахиад тоглолт хийнэ гэж зарлаж байх. Хоёрдугаарт, миний төлөө жаахан зовдог нэг нь дахиад бие нь муудсан юм байх даа гэж бодно. Зовдоггүй, зарим нэг өө хайсан нэг нь яасан шуналтай өвгөн бэ гэж бодно” гэж бодоод би болиулсан юм. “Боль оо, та нар” гэж гуйж байгаад татгалзсан юм. Тэгээд сая гуйж байгаад, дөрөв таван сарын дараа нэг юм хийсэн гэнэ лээ.
-Та өөрөө очоогүй юм уу?
-Би очоогүй. Очих боломж байхгүй. Яаж очих вэ дээ. Үзүүлж байгаа юм нь бүгдээрээ минийх юм. Тэрнээс олох алдар зэм, ашиг орлого нь надад ерөөсөө хамаа байхгүй. Ер нь өвчтэй байх үед ийм юм болсонд улсууд бас олон янзаар хүлээж авах юм аа. Эцсийн эцэст, төр болохгүй байна. Засаг болохгүй байна гээд загнаад байна. Хүмүүс бид ч бас болохгүй юм байгаа юм биш үү. Ард түмэн бид чинь бас зөв байх ёстой юм биш үү. Ард түмэн нь зөв байж улс нь зөв байдаг юм биш үү. Яагаад гэвэл олонхи учраас. Хүний мөс чанар, хүний тухай бодох сэтгэх нь сүүлийн үед их сүүдэртэй болж дээ. Дандаа л сүүдэр түүж явдаг. Аливаа нэг юмны муу муухай, арга булхайг л бодож явдаг болчихсон.
-Энэ нь аливаа ард түмний хөгжлийн түвшиндээ заавал туулдаг зам юм болов уу?
-Биш байх аа. Монголчууд оюунлаг ард түмэн шүү дээ. Аль хэдийнэ үздэгийг үзээд, туулдгийг туулаад, аугаа их гүрнийг байгуулаад, дараа нь суларч үзээд, дараа нь мандаж үзээд, бүх л юмыг Монголын уураг тархи дааж гарсан. Тэгэхэд заавал ард түмний нэг хэсэг, дарга цэрэг бүгдээрээ тэнэг болж байгаад дахиад цэцэн болно гэсэн тийм томъёо байдаггүй байх аа. Эцсийн эцэст бодоход, бид чинь бас төрийг бүрдүүлж байгаа, улсыг бүрдүүлж байгаа ард түмэн. Бид бас бодож явах ёстой юм байна шүү гэдэг нь жаахан юмнаас ч гэсэн ойлгогдох юм л даа.
-Таны бодлоор Монголд алга болж байгаа юм юу байна вэ?
-Мөн чанар, хүн чанар хоёр байх. Би их олон юман дээр хэлдэг. Төрийг чинь хүн чанар барьдаг юм аа гэж. Төрд хандаж байгаа хандлага, төрд ажиллаж байгаа хүний гаргаж байгаа шийдвэр хүнтэйгээ адилхан гэж хичнээн олон удаа ярьдаг. Талаар л болох юм. Энэ нэг тоглолтын асуудлаас болоод би ингэж бодлоо доо. Би үзүүлэх юмтай байгаа л бол хэд ч хийсэн болно шүү дээ. Монголчууд минь тоож үзэж байвал... (утас нь дуугарч, бидний яриа түр завсарлав.сурв).
-Хоёулаа хүн чанарын тухай ярьж байсан даа?
-Хүн чанар чинь хүний биеэс үргэхийн өмнө хэдэн их том шинж илэрдэг юм гэсэн шүү. Өөртөө их хартай болдог гэсэн. Өөрөө мөнх бус мөртлөө үнэн мөнхийн гэж бодож эхэлдэг гэсэн. Бусдын сүүдэр өөрийнхөөс нь том харагддаг гэсэн. Би хүнд сэтгэлээсээ хандах албагүй гэсэн ойлголт сэтгэлд нь төрдөг гэсэн. Надад байгаа юм миний юм гэсэн бодол төрдөг гэсэн. Миний юм бол хүний юм биш гэсэн бодол төрдөг гэсэн. Хүний төлөө зовох сэтгэлээ үрэхийн нэмэр, хэрэггүй гэж боддог гэсэн. Энэ мэтчилэн олон шалтгаанууд ирээд л хүн хүн чанараа гээдэг юм гэнэ лээ. Сая нэг гомдмоор юм нь, бөхчүүдийн хурал боллоо шүү дээ.
-Аан тийм ээ?
-Түүн дээр би харлаа. Өдөр нь нэг аваргаа оршуулж, өдөржин уйлчихаад, орой нь бөхийн өргөөгөө эвдээд, зодолдож ноцолдоод эхлэхээр нь сэтгэл их гутсан. Монголчууд өнгөрсөн хүнийхээ дараагаар 49 хоног зул тасалдаггүй, хазгай буруу үг ярьдаггүй. Нутаглуулчихсан мөртлөө бараг их дуу гаргаж сав суулга унагадаггүй, тэгж их эмзэглэж, хүндэтгэлтэй ханддаг. Уйлахаас өөр, нулимсны чимээнээс өөр чимээ гаргадаггүй тэгж их хүндэлдэг. Монголчууд тийм заншилтай л даа. Тэгээд муу сайн хэлэх, хэрүүл хийх, ямарваа нэг зүй бус юм ярих, амьтны амь хөндөх гээд бүгд 49 хоногийн дотор хийж болохгүй. Гэтэл орой нь очоод зодолдоод байдаг. Уул шиг эрчүүд минь яаж байна даа гэж их л харамсаж байлаа. Энэ мэтчилэнгээр хүн чанар, ёс заншил хүнээс зайлж байгаа юм болов уу даа гэж бодогдож байна.
-СОЛОНГОСТ ЭМЧЛҮҮЛЭХДЭЭ БАГТАЖ ЯДСАН БАЯН ОРНЫ, ХАЙРЛАЖ ЯДСАН АРД ТҮМНИЙ ҮР ХҮҮХЭД ШИГ ТӨЛДӨГ ЮМЫГ НЬ ТӨЛӨӨД, ЭМЧИЛГЭЭГЭЭ ХИЙЛГЭЭД ИРСЭН-
-Манай нийгэм нэг л буруу гольдрилд ороод, өөр тийш яваад байгаа юм шиг санагдах юм. Та бодлоосоо хуваалцахгүй юу?
-Мэдэхгүй ээ, дэлхийн жишгээр явж байгаа юм гэсэн. Энэ жишгээр явсан улс нь хөгжөөд, мандаад сүйд болсон гэсэн. Өөрийн гэсэн бодомжгүй, өөрийн гэсэн чиг зорилгогүй, өөрийн гэсэн өвөрмөц уламжлалгүй, ёс суртахуун болоод түүхэн уламжлалаа гээгээгүй ард түмэн бол их хөгждөг юм шиг байсан. Энэ нийгэм тэгсэн нийгэм юм гэнэ лээ. Мэдэхгүй, мэдэхгүй. Тэгээд улсууд өөдөө гарчихсан. Бусадтай адил байна гэдэг нэг талын сайхан байх л даа. Адил юманд хорвоо их дургүй шүү дээ. Хоёрдугаарт, юм болгон адил байж чаддаггүй. Чулуу ч чулуутайгаа адилгүй. Тэгэхээр энийг нэг бодоод, дуурайж юм хуулж, тэр тэгж байна гэж учрыг үл ойлгон сүржигнэж амьдрах хаашаа ч юм бэ дээ гэсэн бодол байгаа юм.
-Монголчууд уламжлалт гэсэн бүхнээ гээчих вий гэсэн болгоомжлол төрөх юм. Та юу хэлэх вэ?
-За яах вэ, цус нь байгаа юм, цусанд нь үлдэх байх. Уламжлал гэдгийг хадгалж л явах ёстой л доо. Би ард түмнээ уламжлалгүй, хоосорлоо гэж бодоогүй. Хэсэг бүлэг хүмүүсийн хүн чанаргүй хүн ёсноос дэндүү гадуур болж байгаад нь харамссанаа ярьж байгаа юм. Миний ард түмэн бол яг л нинжин сэтгэлтэй хэвээрээ юм байна лээ. Би сая өвдөхдөө ойлгосон. Өчүүхэн намайг ямар өндөр хүндэлж, яаж хандав. Би Солонгост очоод эмчлүүлэхдээ ёстой нэг багтаж ядсан баян орны хайрлаж үзсэн ард түмний үр хүүхэд шиг төлдөг юмыг нь төлөөд, эмчилгээгээ хийлгээд ирсэн. Энэ их хайрыг одоо яаж даана даа л гэж бодож явдаг юм. Тэгэхээр хүнийг хайрлах хайр нь байж байна. Очиж очиж намайг шүү дээ. Байгаа юмыг үгүйсгэх аргагүй. Ийм л сайхан юм. Сайхан юмтай ч тааралдах юм.
-Өнөөдөр Монголд багш нарын цалин мөнгөний асуудал гол сэдэв болон яригдаж байна. Таныг энэ талаар бодлоо хуваалцах байх гэж бодож байна?
-Багшид мөргөмү, номд мөргөмү гэж байдаг юм. Багш гэдэг бол хамгийн эрхэмсэг, их мундаг гэгээн алба л даа. Багш нар сая ажил хаялаа. Би бодож байгаа юм. Тэдний амьдрал “ядуу”. Луйварчид, авлигачдаас л бага боломжтой, бага боломжоор амьдарч байгаа байхгүй юу. Аагаа багтаасан тэр шимэгч хорхойнуудаас дор амьдарч байНА.
-Багш гэдэг маань хэн юм бэ?
-Хамгийн том тодорхойлолт бол хүнд оюуны гэрэл хайрлахын тулд хоёр талаас нь асаасан лаа шиг шатаж дуусдаг бодьгалийг багш гэнэ гэж байгаа юм. Үнэн тийм, багш бол. Социализмын үед, би тод санаж байна, миний үеийн олон багш бий. Зуны амралт болохтой зэрэг тэднээс өөр баян хүнгүй л болчихдог байсан шүү дээ. Амралтын мөнгөө авсан үедээ миний үе тэнгийн багш нарын баян болж байгаа гэж хачин. Тэр мөнгө нь хааччихсан юм бэ? Мөрөөрөө жаал жаалхан нэмээд яваад байж яагаад болоогүй юм бэ? чөлөөт эдийн засаг гэж нэг юм гарч ирснээрээ хачин хачин ангиллууд тогтоогоод, ингээд нэг сонин болгоод байгаа юм. Энд юу дутагдаж байна вэ гэхээр эцсийн эцэст яг төлөвлөгөөт эдийн засаг дутаж байгаа юм. Тийм учраас багш нар маань ядуу амьдарч байна.
-Тэднийгээ баян байг гэхэд сэтгэл хангалуун амьдруулах боломж баймаар юм?
-Бая улс үгүй мөн олон байшин барих юм. Хичнээн олон баян компани байшин барьж байна? Хотоор дүүрэн шавар. Би олон хэлсээн. Байшин бариад, зам тавиад хөгждөггүй юм аа. Хүн нь хөгжсөн газар их хөгжсөн гэж үгүй мөн олон хэлж байгаа юм. Энэ байшингуудыг төр зээлж аваад, хэдэн багш, эмч, сувилагч нар, нийслэлийн хот цэвэрлэдэг ажилтан өөр хэн байдаг юм бэ ядарсан болгондоо өгчихөд яадаг юм бэ. Төр ард түмэндээ өртэй байх сайхан шүү дээ. Мөнхөд л өртэй байдаг юм чинь. Сайхан шүү дээ. Төрийн өр бол мөнгөний өр биш. Тэр нь ард түмнээ сайн сайхан амьдруулах, тэдний ирээдүйг бодох, үр хүүхдийн аз жаргалын төлөө, тэдний боловсролын төлөө, Монгол орны уламжлалт түүх соёлын төлөө, эрүүл энхийн төлөө төр ямагт өртэй байдаг. Энэ хэдэн байшинг чинь аваад, өр тавиад өгчихөөр төрөөсөө авлагатай байх сайхан шүү дээ. Хамгийн найдвартай зээлдэгч бол төр. Төрдөө өгчих юм аа, хүнд хэрэг болж байгаа байх аа хэмээн бодоод сууж байхад мөн өег байна даа. Тэгээд улаан цайм төрөөсөө нэхээд байхгүй шүү дээ. Энэ байшингуудад чинь хүн орохгүй байвал яах юм бэ? Эзэнгүй юм гэдэг бол доороо овоолсон шавар болдог. Эсвэл хэдэн цонх нь хагараад, хэрээ ухсан нүд шиг, новш л болно. Ердөө эзэнгүй оромж гэдэг хоёр, гуравхан жилийн пян даадаггүй юм. Энийгээ ойлгоод, ард түмэндээ хямд үнээр өгдөг юм уу, яадаг юм бэ, хагасыг нь улс төлдөг юм уу. Амьдралыг нь болгочихвол багш нар юу гээд ажлаа хаяад байх вэ дээ.
-Ард түмний гээд байгаа мөнгө бүгд өнөө баян 200, 300-хан хүний халаасанд эргэлдээд байна гэж яриад байгаа шүү дээ?
-Баяжсан компаниуд байна. АСЕМ гэх мэтчилэн нэг том юм болоход баяжсан нь л баяжаад байна. Бусдадаа хувааж хэрэглэх, хувааж бүтээх, бие биенээ тэнцүү бодох хаа байна. Социализмын үед тэгшитгэл бодох буруу гэчихсэн учраас буруу болчихдог. Тэнд хүн чанарын тэгшитгэл, хуваарилалтын тэгшитгэл байхаас аргагүй шүү дээ. Ийм юм нь байхгүй болчихсон, хэцүү юм. Би багш нарыг өрөвдөөд байгаа юм. Ажлаа хаячихаад, очоод хичээлээ зааж байгаа байхгүй юу. Хичээл орохгүй ажлаа хаях, ажлаа хаяж ирээд хичээл зааж байгаа багш хоёрын үнэ ер нь ямар бол, бараг адилхан байх. Хүүхэд бол мундаг шүү дээ. Хүүхэд бол аугаа уураг тархи. Юунд чамлаж, юунд гомдохоо мэднэ шүү дээ, тэд нар чинь.
-ЯВЖ ЯВЖ БИД МЭДЭХГҮЙГЭЭСЭЭ ИЧДЭГГҮЙ, ЧАДАХГҮЙГЭЭСЭЭ ЗОВДОГГҮЙ
ХАМГИЙН ТЭНЭГҮҮДИЙГ ТӨРД СОНГОДОГ ЮМ БАЙНА-
-Багш нар ажил хаяхаар хохирогч нь хүүхэд болчихож байгаа нь харамсалтай байсан. Өөр сонголт хийх боломж хайж болоогүй юм байх даа. Та юу хэлэх вэ?
-Дэмий юм хийх юм даа, ажил хаяад ч хаачих билээ. Ер нь юмныхаа багцааг харах хэрэгтэй. “Хөнжлийнхөө хэрээр жийнэ” гэдэг энгийн үг мөртлөө яасан ч айхтар үг вэ дээ. Улс орон минь ямар боломжтой байна? Бүр хахаж цацаад байхаар болсон ч цалинг чинь өгөхгүй байна уу, бүр ядаад өгч чадахгүй байна уу, учраа олохгүй бужигнаад өгч чадахгүй байна уу гэдгийг анзаарч л байж хаях байх даа. Тэрний дараачийн нэг юм бол энэ багш нарыг бэлтгэж байгаа сургуулиуд Монголын маргаашийн оюун ухааныг бэлтгэж байгаа эрх ашиг бол чиний хувийн эрх ашгаас дээгүүр гэсэн ухамсар суулгаж төгсгөдөггүй юм байна. Дутуу л төгсгөдөг бололтой юм. Яах вэ багш нар, хөөрхий минь, аргаа барж байгаа байх. Тэд баян байж болно шүү дээ. Бага, эмч хоёр баян байхад атаархдаг хүн байдаггүй юм. Сайд, дарга нар баян байвал атаархана. Бүр ад үзнэ. Багш, эмч хоёр багтаж ядтал баяжсан байхад ер гайхах юм байхгүй. Монголчууд чинь тийм л улс. Эд нар баян байхгүй бол өөр хэн баян байх юм бэ. Эд нарын хүчинд бид амьд байгаа, эдний хүчинд манай Монголын хүүхдүүд, манай маргааш бүтэж байгаа юм. Тэднийг гэгээрүүлж байгаа юм. Монголчууд тэрнийг ойлгоно. Багш нарын цалинг хичнээн нэмсэн ч ард түмэн атаархахгүй.
-Сувилагч нар ажлаа орхиод, амьдралын эрхээр Солонгост очиж ажиллаж байна. Тэд байхгүй бол бас хэцүүднэ шүү дээ. Тийм ээ?
-Цалин нь бага шүү дээ. Сая жаахан нэмэх шиг болно лээ. Хөөрхий минь, баярлаад яриад байсан. Сувилагч нарын цалинг нэмдэг нь мөнөөр барахгүй. Сувилагч нарыг өрөвдмөөр байдаг. Эмч нарын хийдэг ажлын 60 хувийг нь хийдэг. Үлдсэн 40 хувийг нь эмч нар хийдэг. Жинхэнэ гүйцэтгэлийг эмч хийдэг ч наад бүх бэлтгэл сувилагчгүйгээр яаж ч урагшлахгүй юм. Эмч сувилагчгүй бол цэвэрлэсэн ширээн дээрээсээ хайчаа ч авч чадахгүй. Хөлсөө ч арчиж чадахгүй. Тийм болохоор сувилагч бол агуу. Тэднийг их харж үзэх хэрэгтэй. Сэжиглэлгүй, бүх юмтай л хутгалддаг улс даа. Сувилагч нарын цалинг нэмэх ёстой. Саяын нэмэгдэл багадсан. Нэг хүн ортой л юм ярьж байна лээ. Нэг чадваргүй хүүхэд мөнгө төлж сайд болчихоод, 2-3 саяын цалин аваад яваад байдаг. Шүүгч гэхэд 7, 8 сая төгрөгийн цалинтай гэж. Ийм тэгшитгэлгүй цалин, ийм бодомжгүй, ухаангүй тэнэг оноолтууд Монгол Улсыг ийм байдалд оруулж байгаа юм. Цалингийн оноолт нь буруу байна шүү дээ. Ийм мэтийн юмыг бодууштай. Боддог байх аа, энэ улсууд. Тэгээд алийн болгон төр лүүгээ чичлэх вэ.
-БИ АМЬДДАА ЭНЭ ХЭРЭГГҮЙ НОВШ БОЛСОН ЧИГЭЭРЭЭ ДУУСААСАЙ
ГЭЖ БОДОЖ БАЙНА-
-Төрийн бодлого буруу яваагаас ард түмэн ядуу амьдарч байгаа учраас энэ асуудалд иргэд ихэд шүүмжлэлтэй хандаж байна?
-Төр төр гэж зүхээд байх юм. Төрд байгаа улс чинь ойлгохтой, ойлгохгүйтэй. Явж явж бид мэдэхгүйгээсээ ичдэггүй, чадахгүйгээсээ зовдоггүй, хамгийн ичдэггүй тэнэгүүдийг төрд сонгодог юм байна гэж бодож байгаа шүү.
-Тийм л учраас төрийн албаны ажил замарч байгаа гэдэгтэй та санал нийлж байна уу?
-Тийм. Ярьж байгаа юмнуудыг нь. Уншсан юм байхгүй, толгой хоосон. Нэг л маяг. Айлчилж энд тэнд явсан улс. Ажил хийж байгаа нэгнээ оролдоод байгаа юм. Ажил хийж байгаа хүн байна шүү дээ. Одоо хэнийг ч хамаагүй оролдоод л байна. Тэнд төрийн далбаа алга, америкчууд тоосонгүй гэж байна. Англид монгол хүн монгол хүнийхээ эсрэг жагсаад эсэргүүцээд сууж байхад “Тэр дэмий” гэж хэлж чадаагүй байж тэнд далбаа алга гэж хэл ам хийж байна шүү дээ. Тийм тэнэг. Тийм тэнэгүүдээ загнаж чадаагүй байж, далбаа байсангүй, худлаа айлчлал, бараг айлд ороод гарч байгаа юм шиг боллоо гэж солиорч байна.
-“Буян”-гийн Жаргалсайханы цахим хуудастаа бичиж, хүмүүсийг шуугиулсан талаар та яриад байна аа даа. Гэхдээ зөв биш үү, албан ёсны айлчлал хоёр орны төрийн далбаатай байх ёстой гэсэн шүүмжлэл?
-Тэгж солиорч болохгүй шүү дээ. Хүрэлсүх юм хийчих гэж оролдож байгаа. Харин тэр мөнгийг яаж зарцуулахад нь ажиглуулштай юм байдаг юм билээ. Нэлээн ихийг нь нэг хачин юманд үрэх ч байх шиг, Урьдчилсан тооцоонууд, зориулалтыг нь харахад анхаармаар, тийм мэтийн засаж болохоор юмнуудаа ярина уу гэхээс хэн хаана суугаад, Америкийн том хүнтэй яаж ярьсан, хаашаа харж, ямар сандал дээр суусан нь ямар хүртээл байна аа. Хийсэн ажил нь байхад. Ингээд хүнийг юм хийлгэхгүй юм. Гоочлоод, дэмий ярина. Бүх дэлхийг царай алдаж, хошуу цорвойж гуйж байж ямар хэмжээнд авахуулах гээд байгаа юм бэ. Тийм их хүчирхэг гүрнийг ийм болтол нь шалчийлгачихаад сүүлд нь яах гээд байгаа юм бэ.
-Яаж том байх гээд байгаа юм бэ гэж үү?
-Тоохгүй байна шүү дээ. Дэлхийд тоогдохоо байлаа. Виктор Гюгогийн “Шоовдорлогдсон хүмүүс” гэж зохиол байдаг. Дэлхий шоовдор харж байна. Яагаад гэвэл болж байгаа юмнууд нь захаасаа эхлээд бүтэлгүй байх юм. Хөгжсөн, залхсан тийм орнуудад тийм харагддаг юм шиг байгаа юм. Тэглээ гээд Монгол дэлхийгээс гологдтол удна даа. Монголын уураг тархи, Монголын түүх, Монголын эрэлхэг ард түмэн, Монголын толгой өндөр ард түмэх дэлхийд гологдоно гэж ёстой холоо хэвтэнэ. Ганцхан зохион байгуулалт, зөв сонголт, зөв зорилго, зөв бодол санаа, эв нэгдэл, бие биенээ хайрлах үзэл хэрэгтэй болоод байна. Үгүйдээ бие биенээ муу хэлэхдээ хайрлах хэрэгтэй байна шүү дээ. Чи намайг зөөлөн зодоорой гэдэг шиг. Бие биенээ доромжлоё гэж доромжлохгүй мөртлөө бас учир байдгаа даа. Цаана нь хүн чанар амтагдаж байдаг. Яагаад байдаг юм бэ. Атаархаад... Хар л даа, юмыг нь хийлгэ л дээ. Яаж хийх нь вэ хар. Нэг юман дээр битгий яаран дуугар. Хоёр, гурав болгож байгаад, үр дүн нь бүр болмооргүй бол дэнсэлж, банжиж олон удаагийн тохиолдолд хийж чадаагүй юмыг нь ярь л даа, ярих юм бол. Хийж чадахыг нь хар л даа. Хүний хийж чадсан эсэхийг харах хүлээх тэвчээр байх ёстой.
-Та түрүүн хэллээ. Дэмий зүйлд төр их мөнгө зарж байна гэж. Үнэхээр ч хүлээн авалтаас эхлээд танамаар юм олон байгаа шүү?
-Сонирхолтой, нүсэр, урд нь байгаагүй үйл ажиллагаа, том спортын арга хэмжээ, том үзүүлэн сургалт, том баяр ёслол ийм юмаар улс хөгждөггүй юм шүү. Хүний тоо нь олшроод, оролцоо нь ихсээд байвал тэр нь хөгжил болно гэж байдаггүй. Тийм нэг элдвийн арга хэмжээ, нэг их уралдаан тэмцээн, нэг их олон баяр цэнгэл, спортын олон арга хэмжээгээр улс хөгжихгүй.
-Таныг удаан тэвчээртэй сууж надтай ярилцсанд баярлалаа. Энэ удаагийн яриагаа таны шинэ бүтээлийн сониноор өндөрлүүлье гэж бодлоо. Одоо ямар бүтээл ард түмэндээ өргөн барихаар төлөвлөж байна вэ?
-Удаан ярилаа. Одоо хоёр цаг юм бичээд удаан суух миний чадавхи байхгүй болсон. Ой санамж их мууддаг юм байна. Нойрсуулагч эмээс болдог юм уу, юунаас болдог юм бэ. Олон ч удаа хагалгаанд орлоо. Хоёрдугаарт, энэ хүнд хагалгааны дараа маш их ядарч байна. Тийм болохоор “Тэр одоо өвчтэй байгаа, тэр одоо хэрэггүй болсон” гээд мартаарай гэж гуймаар байна. Би одоо хамгийн сайхан зүйл амьддаа мартагдах гэж боддог болсон шүү. Амьддаа мартагдахгүй бол үхсэн хойно минь миний үр хүүхэд, намайг гэдэг, чин сэтгэлээсээ хайрладаг болгон их зовно. Тийм учраас тэднийхээ зовлонг хөнгөлөхийн тулд би амьддаа, энэ хэрэггүй новш болсон чигээрээ дуусаасай гэж бодож байна.
-Баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.
medee.mn Д.ЭРДЭНЭТУЯА
СЭТГЭГДЭЛ БИЧИХ