Оросын тагнуул, сэтгүүлчидтэй холбоотой УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРГҮҮД
ОХУ-ын тусгай албаны ажилтан асан, хурандаа Сергей Сприпаль, түүний охин Юлия нарыг хордуулсан хэрэг болон гурван орос сэтгүүлчийн учир битүүлэг үхэл дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байна. Дээрх хэргүүдийг үйлдсэн гол эзэд хэн болохыг илчлэхээр олон улсын сэтгүүлчид эрж хайсаар буй юм.
-СЕРГЕЙ СКРИПАЛЬ, ТҮҮНИЙ ОХИН ЮЛИЯ НАРЫГ “НОВИЧОК” ГЭХ ХИМИЙН
БОДИСООР ХОРДУУЛСАН НЬ ТОГТООГДЖЭЭ-
Энэ оны гуравдугаар сарын 4-ний өдөр Английн Солсбери хотын гудамжинд ОХУ-ын нууц албаны ажилтан байсан Сергей Скрипаль, түүний охин Юлия нарыг ухаан алдсан байдалтай байхад нь олж, эмнэлгийн тусламж үзүүлсэн байдаг.
Солсбери хотын дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан Юлия өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-ний өдөр эмнэлгээс гарсан бол тавдугаар сард Сергей Скрипалийг ухаан орж, бие нь тэнхэрсэн учраас эмнэлгээс гаргасан талаар Их Британийн Үндэсний эрүүл мэндийн албанаас мэдээлж байв.
Сүүлд тэднийг “Новичок” гэх химийн бодист хордсон болохыг тогтоож, улмаар санаатай хордуулсан гэж үзэн, Английн тал энэ хэрэгт ОХУ-ыг буруутгасан билээ.
Английн цагдаагийн алба Скрипаль, түүний охиныг хордуулсан хэргийн дагуу мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа талаар мэдээлжээ. Хэргийг Их Британийн контр-терроризмтай тэмцэх алба мөрдөн шалгаж буй аж.
Их Британийн Солсбери хотын эмч нар “BBC” телевизэд өгсөн ярилцлагадаа Сергей болон Юлия Скрипалийг амьд гарна гэдэгт итгэхгүй байсан тухайгаа хэлсэн байдаг. “Тэднийг тархи мэдрэл саажуулдаг, маш хортой бодист хордсон гэдгийг мэдсэн даруйд бид тагнуулч асан болон түүний охины амийг аварч чадахгүй нь гэж бодсон. Бид эмчилгээний бүхий л аргыг хэрэглэсэн. Тэднийг Солсбери хотын эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт яаралтай эмчилсний үр дүнд амь нь аврагдлаа” гэж ярьж байв.
Юлия Скрипаль эмнэлгээс гарсныхаа дараа видео бичлэг хийж үлдээсэн талаар Их Британийн цагдаагийн газраас “Юлия үеэл эгч Виктория Скрипальтайгаа уулзах хүсэлгүй, мөн “Оросын тусламж бидэнд хэрэггүй” гэж дамжуулсан” гэж мэдээлсэн байдаг. Харин Их Британи дахь Оросын Элчин сайдын яам Юлия Скрипаль англичуудын шахалтаар тийм мэдэгдэл хийсэн гэж үзэж байгаагаа илэрхийлсээр юм. Үеэл эгч Виктория нь түүнтэй холбогдох гээд чадахгүй байгаа тухайгаа Оросын телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо ярьж байжээ.
Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй энэ хэрэгт Оросыг буруутгасан бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Сергей Скрипалийг хордуулсан бодис Орост байхгүй” хэмээсэн билээ.
ОХУ-ын тагнуулч асан Сергей Скрипаль болон түүний охин Юлия Скрипалийг "Новичок" химийн бодисоор хордуулж, амь насанд нь хүрэхийг оролдсон хэрэгт Их Британийн талаас ОХУ-ын иргэн Александр Петров, Руслан Бошыров нарыг буруутгасан байдаг.
Тэд өнгөрсөн гуравдугаар сарын 2-ны өдөр буюу хэрэг гарахаас хоёр хоногийн өмнө ОХУ-ын паспортаар Москва хотоос “Gatwick” нисэх онгоцны буудалд газардсаныг тогтоожээ. Мөн гуравдугаар сарын 2-ноос 4-ний өдрүүдэд Лондоноос Солсбери хот руу ирснийг нотлох дүрс бүхий камерын зургийг олон нийтэд дэлгэсэн байдаг.
Сэжигтнүүд Сергей Скрипалийг хордсоноос хэдхэн цагийн дараа “Heathrow” нисэх буудлаас Москва руу буцаад нисчээ. Цагдаа нар “Nina Ricci”-ийн сүрчгийн саванд хор хийж, Сергей Скрипалийн гэрийн хаалганы бариулд түрхсэн гэж таамагласан байдаг. ОХУ-д ялтан шилжүүлэх хууль байдаггүй учраас сэжигтнүүдийг шилжүүлэх хүсэлтийг ОХУ-ын Засгийн газарт тавих боломжгүйд хүрчээ.
Хэвлэлд гарсан хамгийн сүүлийн мэдээллээр, Юлиягийн үеэл эгч Виктория Скрипаль нь хурандаа Сергей Скрипалийг охиных нь хамт хөнөөхийг завдсан хэрэгт сэжиглэгдэж буй Александр Петров, Руслан Бошыров нарыг энэ хэрэгт огт хамааралгүй гэдэгт итгэлтэй байгаагаа мэдээлснийг “РИА Новости” агентлаг уламжилжээ.
Сергей Скрипалийг охиных нь хамт хордуулж хөнөөхийг оролдсон гэмт этгээдүүд хэн байв гэдэг оньсоор хэвээр, олны анхааралд байсаар байна.
“ОРОСУУД РУУ ХАЛДСАН ХҮМҮҮС АРАБ ХЭЛЭЭР ЯРЬЖ, ДААВУУГААР
БИЕЭ ОРООСОН БАЙСАН”
Өнгөрсөн долдугаар сарын 30-ны өдөр Төв Африкийн Бүгд найрамдах улсад ОХУ-ын Орхан Жемаль, Кирилл Радченко болон Александр Расторгуев хэмээх гурван сэтгүүлч амиа алдсан байдаг. Тэд тус улс руу явах аяллын зорилгоо "аялал жуулчлал" хэмээн мэдүүлсэн байсан гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова мэдэгдэж байв. Түүний хэлснээр, дээрх гурван сэтгүүлч Төв Африкт очсон гэдгээ Гадаад хэргийн яам болон тус улсад суугаа Элчин сайдын яаманд мэдэгдээгүй ажээ.
Амиа алдсан гурван сэтгүүлчийн хоёрт нь “Известия” агентлагийн үнэмлэх байсан гэсэн мэдээлэл гарсан ч тус агентлагаас сэтгүүлчдээ Төв Африк руу илгээгээгүй хэмээн албан ёсоор мэдэгдсэн билээ.
Энэхүү эмгэнэлт үйл явдал Төв Африкийн Сибю хотоос холгүй газар болсон байдаг. “Radoi Ndeke Luka” радиогийн мэдээлснээр, орон нутгийн цагаар ойролцоогоор 18:00 цагийн үед оросууд руу 10 хүн халдсан аж.
Орон нутгийн захирагч Марселин Йойо “Харанхуй болсон тул аюулгүй байдлын хүчнийхэн тэдэнд аяллаа үргэлжлүүлэхгүй байхыг анхааруулсан хэдий ч тэд үл тоон, цааш явсан. Оросууд руу халдсан хүмүүс араб хэлээр ярьж, даавуугаар биеэ ороосон байсан. Гурван орос газар дээрээ амиа алдсан. Жолооч нь зугтаж, орон нутгийн захиргаанд болсон явдлын талаар ойролцоогоор өглөөний 05:00 цагт мэдэгджээ.
Тухайн үед тус улсын Мөрдөн байцаах албаны дарга Андрей Коняхин “Сэтгүүлчдийн баг 23 км замаас хазайсан. Мөн автомашины жолооч айсан, түгшсэн байдалтай байсан” гэж мэдэгдсэн байна.
Оросын сэтгүүлчдэд НҮБ-ын төлөөлөгчийн газраас жолооч гаргаж өгсөн байдаг бөгөөд маргааш нь замынхаа талыг туулаад байхдаа буудуулж, жолооч нь амьд үлдсэн байдаг нь асуудал дагуулсаар буй юм. Амиа алдсан гурван сэтгүүлч биедээ 8.5 мянган ам.доллартай байжээ.
ОХУ-ын улс төрийн судалгааны хүрээлэнгийн Ази, Африкийн орнуудын судалгааны газрын дарга Арсений Григорьев “ОХУ-ын гурван сэтгүүлч амиа алдсан явдал тус улсад уй гашуу авчирлаа” гэж хэлсэн.
Түүний хэлснээр Орхан Жемаль нь Ислам, Ойрхи Дорнод судлалын салбарт нэрт мэргэжилтэн, маш зоригтой нэгэн байжээ. Александр Расторгуев нь гавьяат найруулагч, баримтат киногоор мэргэшсэн. Мөн зураглаач, халуун цэгүүд дээр ажиллаж байсан туршлагатай нэгэн байжээ.
Арсений Григорьев хэлэхдээ “Магадгүй бүх хүчин зүйл нь бүрдчихсэн байсан байж болох юм. Харамсалтай нь, энэ бүс нутаг хүнийг амьд үлдээнэ гэж байхгүй. Орон нутгийн бүлэглэлийн нэг нь л үйлдсэн байх боломжтой" гэсэн байдаг.
Түүхч, нийтлэлч Станислав Хатунцев Төв Африкийн Бүгд Найрамдах улсад мусульман болон христүүдийн мөргөлдөөн олон жил үргэлжилж байгаа бөгөөд аялал жуучлалд хамгийн тохиромжгүй улсаар нэрлэгддэг гэдгийг сануулжээ.
Тэрбээр “Төв Африкийн Бүгд найрамдах улс нь Францын колони байсан. 1960 онд тусгаар тогтносон. Тэр цагаас хойш цэргүүд төрийн эргэлтийг зохион байгуулж, иргэний мөргөлдөөн ширүүсч байна. Энэ улс ашигт малтмалаар баялаг, гэхдээ үүнийгээ ашиглаж чаддаггүй. Дотоод зөрчилдөөн ширүүссэн тул хөрөнгө оруулалт маш бага. Энэ улс бол Африк тив төдийгүй дэлхийн хамгийн ядуу улсын нэг" гэж хэлж байжээ.
Засгийн газрынхаа эх сурвалжид үндэслэн орон нутгийн хэвлэл мэдээллийн агентлагууд "Халдлагын хариуцлагыг “Селека” мусульман бүлэглэлийн босогчид хүлээх ёстой" хэмээн мэдээлсэн байдаг.
Тус бүлэглэл нь 2013 онд Засгийн газрын эрх мэдлийг булаан авсан удаатай. Түүнийх нь хариуд “Анти-Балака” хэмээх Христэд итгэгчдийн цэргийн анги байгуулагджээ. 2013 онд Банги хотыг эзлэн, олон нийтийн дунд цэвэрлэгээ хийж, улмаар цуст мөргөлдөөн гарч, эцэст нь Христүүд ялагдаж, хөөгдөж байжээ.
ОХУ-ын Сэтгүүлчдийн холбооны тэргүүн Владимир Соловьёв “Бидний хамт олны дундаас гурван сэтгүүлч амиа алдлаа. Тэд маш их туршлагатай сэтгүүлчид байсан. Гэхдээ заримдаа эрүүл ухаан ч гэсэн туршлагатай хүмүүсийг хөөддөг. Харанхуй шөнө явж, ямар ч итгэмжлэлгүй, орон нутгийн цагдаагийн зөвшөөрөл ч үгүй… Мэдээж, ийм аюултай ажилд явахдаа аюулгүй байдалдаа хэчнээн рубль төлсөн ч болно, зохих баримт бичгийг нь авах ёстой байсан, урьдаас төлөвлөж, бэлтгэх ёстой байсан” гэж мэдээлж байжээ.
Харин хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллагаас Human Rights Watch /HRW/-ийн ахлах судлаач Льюис Маж Төв Африкийн Засгийн газрыг дээрх явдлыг мөрдөхийг уриалжээ. Тэрбээр “Төв Африкт аллага, халдлага байнга гарч байдаг. Гэхдээ энэ явдал маш хачирхалтай. Учир нь, тэд зэвсэгт бүлэглэл багатай, аюулгүй газраар явсан атлаа амиа алдлаа. Бид энэ замаар байнга явдаг. Төв Африкийн удирдлагууд ОХУ-ын Элчин сайдын яам болон НҮБ-тай хамтран мөрдөх ажиллагааг зохион байгуулж, гэмт этгээдийг олж, шүүхийн өмнө ялыг нь сонсгох хэрэгтэй” гэжээ.
Оросын сэтгүүлчид учир битүүлгээр амиа алдсан хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд Төв Африкийн цагдаа нарт нэмэлт хүч болгон “MINUSCA”-гаас бүлэг цагдаа илгээсэн байдаг.
-ОРОСЫН ХӨЛСНИЙ ЦЭРЭГ НИЙЛҮҮЛЭГЧ ХУВИЙН КОМПАНИЙ
ТУХАЙ ЯРИА ДАХИН СӨХӨГДӨВ-
AFP агентлагийн мэдээлснээр, Төв Африкийн БНУ-д гарсан сэтгүүлчдийн эсрэг халдлагын улмаас “Wagner Group” гэгддэг Оросын хөлсний цэрэг нийлүүлэгч хувийн компанийн тухай яриа дахин сөхөгдсөн ажээ.
Сэтгүүлчдийн зорчиж явсан машины жолооч “Гэмт халдлагын үеэр нэг сэтгүүлч нь техник хэрэгслээ алдахгүйн тулд тэмцэлдэж байсан. Нэг нь газар дээрээ алагдаж, үлдсэн хоёр нь шархаа даалгүй амиа алдсан” гэж мэдүүлсэн байдаг аж.
Москвагийн эрх баригчид гадаад орнуудад явуулдаг цэргийн ажиллагаандаа Wagner Group-ийн дайчдыг давхар ашигладаг нь үндсэн армийн хохирлын хэмжээг бууруулах зорилготой байдаг гэсэн мэдээллийг AFP нийтэлсэн удаатай.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Африкийн энэ улсад зэвсэг нийлүүлэх, цэргийн сургалт явуулах зөвшөөрлийг ОХУ НҮБ-аас авсан тул албан ёсны цэргийн ажиллагаа нь Wagner Group-ийн ажиллагаатай уялдаатай явагдаж буй гэж таамаглажээ.
Wagner Group-ийг Оросын тагнуулын офицер асан Дмитрий Уткин байгуулж, анхны дайчдаа 2013 онд Сирид илгээж байжээ. Энэ нь Сирийн дайнд ОХУ албан ёсоор оролцож эхлэхээс нэлээд өмнө гэсэн үг аж.
Wagner Group-ийн талаар сурвалжилсан сэтгүүлчдийн хувь заяа эмгэнэлтэй дууссан тохиолдол бий аж. Сири дэх тус компанийн ажиллагааг сурвалжилж байсан сэтгүүлч өнгөрсөн дөрөвдүгээр сард Екатеринбургийн орон сууцны тавдугаар давхрын тагтнаас унаж амиа алджээ.
Сэтгүүлчдийн амийг хөнөөсөн хэргийг Төв Африкийн БНУ, ОХУ, НҮБ-ын энхийг сахиулагчид хамтран шалгаж буй аж. Энэ мэтчилэн ОХУ-ын иргэдтэй холбоотой учир битүүлэг хэргүүд хариу нэхсэн хэвээр байна.
Эх сурвалж medee.mn Д.ТУЯА
СЭТГЭГДЭЛ БИЧИХ