Мүн Жэ Ин БНАСАУ-ын иргэдэд хандан үг хэлсэн БНСУ-ын анхны Ерөнхийлөгч боллоо
Мүн Жэ Ин өчигдөр Пхеньян хотод болсон олон нийтийн наадмын үеэр БНАСАУ-ын ард иргэдэд хандад үг хэлснээрээ тус улсын ард иргэдэд үг хэлсэн БНСУ-ын анхны Ерөнхийлөгч боллоо.
Тэрбээр 7 минутын турш үг хэлэхдээ, “дайны өмнө нэгдмэл байсан шигээ хоёр Солонгос дахин нэгдэх хэрэгтэй” гэж дурджээ.
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотод гурван өдрийн айлчлал хийж, тус улсын удирдагч Ким Жөн Унтай чухал ач холбогдол бүхий хэлэлцээр байгуулсан юм.
Энэхүү олон нийтийн наадам нь БНАСАУ-ын суртал ухуулгын шинжтэй хамгийн том арга хэмжээнүүдийн нэг байсан юм. БНАСАУ-ын түүх, домгийг илтгэн харуулсан уран сайхны бүжиг, гимнастикийн үзүүлбэрүүдээс бүрдэх энэ наадамд хэдэн арван мянган хүн оролцжээ.
Пхеньян хот дахь “Тавдугаар сарын өдөр” цэнгэлдэх хүрээлэнд хоёр улсын төрийн тэргүүн нарыг орж ирэхэд тэнд цугласан 150 мянга гаруй иргэн босч зогсон алга ташиж, хүндэтгэлтэйгээр хүлээн авсан байна.
Бид 70 жилийн турш үргэлжилж байгаа дайсагналыг дуусгаж, дахин нэгдэхийн тулд эв найрамдлын замналдаа орох ёстой гэж тэрбээр үгэндээ дурдав.
Мөн тэрбээр Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг хөндөн, цөмийн зэвсгээс бүрэн ангижрахыг уриалсан байна.
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ