Роберт Цой: Хүүгээ "Од" байсныг нас барсных нь дараа л ойлгосон

Виктор Цой амьд сэрүүн байсансан бол энэ жил 56 настай байх байжээ. Ид хийж бүтээх торгон ирэн дээрээ байх байж. Гэхдээ 28-хан наслахдаа хийж бүтээсэн уран бүтээл нь одоо ч дуулагдсаар, эзнээ алдаршуулсаар байгаа билээ. Ойрмогхон түүнийг “АНУ-ын ТТГ-ын даалгавраар ажилладаг тагнуул байсан” гэсэн яриа хойд хөршид дэгдсэн. Эрх баригч намын гишүүн Евгений Федоров “ В.Цой АНУ-ын ТТГ-т ажилладаг байсан. “Перемен” /“Өөрчлөлт”/ дуу нь АНУ-ын захиалгатай. Түүнд ТТГ захиалга өгч, Холливудаас дууных нь үгийг бичиж өгдөг байсан юм билээ. ЗХУ-ын үед КГБ-д ажиллаж байсан ахмад тагнуулчаас энэ мэдээллийг авсан” гэж мэдэгдэж байгаа бичлэг интернэтээр тарснаас болж энэхүү шуугиан дэгдсэн юм. Үүний дараа дуучны шүтэн бишрэгчид уурлан хилэгнэж, улстөрчийг дуучны гэр бүлийнхнээс албан ёсоор уучлалт гуйх ёстой хэмээн шаардаж эхэлсэн юм. Харин Е.Федоров “Би В.Цойг тагнуулын хэрэгт буруутгаж ярьсан удаа байхгүй” хэмээн уучлалт гуйхаас татгалзаад байгаа юм. Үнэндээ В.Цойгийн дуунд эрх чөлөөг хүсч тэмүүлсэн, өөрчлөлтийг үгүйлсэн утгатай дуу олон бий. Үхэл нь ч гэсэн маш сэжигтэй байдаг. Гэвч тухайн үед В.Цойтой ижил үзэл бодолтой хүн олон байсан учраас л ЗХУ задарсан байж таарна. Тиймээс В.Цойг тагнуул байсан гэх нь өөрчлөлтийг хүссэн хэдэн сая хүнийг буруутгаж байгаатай ялгаагүй юм.

Бид энэ удаа дуучны эцэг Роберт Цойгийн хүүгийнхээ талаар өгсөн нэлээд дээхнэ үеийн ярилцлагыг нь хүргэж байна.

Өнгөрсөн сарын 24-ний өдөр нэрээ нууцалсан нэгэн этгээд Виктор Цойгийн гар бичмэл, пасспортыг зарна хэмээн олон нийтийн сүлжээнд зар тавьсан нь Робер Цойг олны анхааралд оруулсан байна. Тэрээр зар тавьсан этгээдийг “залилан мэхлэгч” гэсэн бол зар тавьсан этгээд энэ бүгдийг В.Цой өөрөө гэрт нь мартаж явсан хэмээн баталж байсан аж. Гэвч зар тавьсан этгээд удалгүй зараа устгажээ.   

Роберт Цой: Хүүгээ од гэдгийг нас барсных нь дараа л ойлгосон

-Викторт урлагийн авьяас байгааг анх хэзээ олж харсан бэ?

-Эхлээд зургийн авьяас нь илэрсэн юм. Ээж Валентина Васильевна нь олж харсан.  Гурав, дөрөвдүгээр ангид байхдаа хүү минь үнэхээр муугүй зурдаг байсан юм. Ээж нь хүүгээ зураач болж магадгүй гэж горьдож байсан учир Дүрслэх урлагийн сургуульд оруулсан гээч. Тэр тэнд таван жил сурсан. Муугүй ч суралцаж, хотын үзэсгэлэнд бүтээлүүд нь тавигдаж байлаа. Авьяас нь багаасаа илэрсэн болохоор бид түүнийг зураач болно л гэж боддог байв. Хөгжим сонирхоод явчихна гэж санаагүй.

-Түүний бүтээлүүдэд бусдаас ялгагдах онцлог байсан уу?

-Натюрморт, графикууд гээд сурагчийн л ажил байсан болохоос өөрийн гэсэн бүтээл байгаагүй л дээ. Харин The Beatles хамтлагийн зургийг их зурдаг байсан. Жон Леннон, Битлз түүнийг хөгжимд сонирхолтой болоход гол үүрэг гүйцэтгэсэн гэж боддог.

Роберт Цой: Хүүгээ

-Хүүгээ рок хөгжимд шимтэж эхэлсэн үеийг нь санаж байна уу?

-Хоолойны өнгө нь өөрчлөгдөж эхэлсэн тэр үеэс эхэлсэн. Тэр үед түүний хоолой нь тогтож өгөхгүй их зовж байсныг нь би одоо л ойлгож байна. Гэртээ байх үедээ тэр угаалгын өрөөнд орж хоолойгоо янз бүр болгож дасгал хийж байх шиг байдаг байсан. Тэр үеэс л гитар тоглож, дуу зохиож, байрны багачуудтай хамтлаг байгуулж эхэлсэн.

-Хэзээнээс шүлэг бичих болсон юм бол?

-Яаж эхэлснийг нь Гребенщиков их тодорхой  бичсэн байдаг юм. Виктор 20 настайдаа анхныхаа дууг бичээд Борис Гребенщиковт үзүүлсэн байдаг. “Миний найзууд амьдралд үргэлж цоглог алхалдаг”/"Мои друзья всегда идут по жизни маршем"/ дуу. Түүний анхны дуунуудын нэг байсан байх. Борис түүнийг их магтаж энэ үеэс хойш Виктор нэг хэсэг түүний нөмөр нөөлөгт багтсан гэсэн. Энэ талаар өмнө нь их бичсэн дээ.

-Хүүгийнхээ тоглолтод очиж байсан уу?

-Нэг удаа. 88 билүү 89 онд, түүнийг алдартай болчихсон байх үед ээжтэй нь хамт очиж байсан. Мэдээж, дажгүй байсан. Хүмүүс их цугласан. Ойлгоход хэцүү юм шиг санагдаж байсан. Цаг үе нь тийм байлаа шүү дээ.

-Викторыг анх телевизээр харахад ямар санагдаж байсан бэ?

-Хамгийн эхнийх нь 1985 онд, нэг, хоёр орчим минут гарсан юм. Тэгээд л цаашаа давтамж нь ч хугацаа нь ч нэмэгдсэн дээ. 88-аас 90-ээд оны үед маш их алдаршиж  “Харц” /“Взгляд”/ нэвтрүүлэгт байнга уригддаг байв. Энэ мэдээж жирийн хэрэг биш шүү дээ. Бахархах мэдрэмж мэдээж хэрэг байлгүй яах вэ.

-Викторыг од гэдгийг хэдийд мэдэрсэн бэ?

-Бидний хүү од байжээ гэдгийг өнгөрснийх нь дараа л ойлгосон. Өмнө нь энэ талаар бодож байгаагүй юм. Зөвхөн бид ч биш бүгд л ойлгосон гэж бодож байна. Нэр алдар нь улам ч их өссөн. Алдар хүндийн оргилд байх үедээ өнгөрсөнтэй нь холбоотой байх.

Роберт Цой: Хүүгээ

-Хүүтэйгээ байх үеээс юуг хамгийн сайн санадаг вэ?

-Сүүлчийн уулзалт. Тэгэхэд тэр ээж Валентина Васильевнагийнхаа ажил дээр ирж “Жигули” машин бэлэглэсэн юм. Бидэнд тийм машин авах мөнгө байгаагүй, гэтэл тэр 9000 рублийг халааснаасаа л гаргаад өгсөн. Тэр үед нүдэнд нь ямар нэг гунигтай байдал илрэх шиг санагдсан. Түүний энэ байдал надад таалагдаагүй байснаас тэгж санагдсан ч байж болох юм. Тухайн үедээ асуулгүй өнгөрсөн, гэвч дараа нь... өнгөрсөн дөө.

-Ханан дээр “Цой амьд” гэж бичсэн байхыг, гудамжинд хэн нэгэн хөвгүүн хүүгийн тань дууг дуулж байхыг сонсход ямар байдаг вэ?

-22 жил өнгөрсөн байна шүү дээ /ярилцлагыг 2012 онд авсан/. Цаг хугацаа бүхнийг эмчилдэг. Эхэн үедээ хэцүү л байсан. Гурав, дөрвөн жилийн дараа гэхэд хүмүүс түүнийг мартах байх даа гэж боддог байв. Гэтэл огт мартагдаагүй. Хүүг минь ямар хүн байсныг ч мэдэхгүй жаахан хүүхдүүд дуунд нь дурлаж байгааг хараад гайхдаг. Энэ бол үнэхээр авьяас. 

Роберт Цой: Хүүгээ

-Та тэгвэл ямар дуунд нь дуртай вэ?

-Хүмүүс “Цусны бүлэг” /"Группа крови"/, “Нарны нэрэмжит од” /"Звезда по имени Солнце"/ дууг нь их сонсож алдаршуулдаг. Харин надад бол “Тогшилт” /”Стук”/ бусдаасаа илүү таалагддаг.

-Виктороос Саша хүү нь үлдсэн. Та нартай холбоотой байдаг уу?

-Харилцаагаа хадгалахад амар биш байсан. Түүнд хэцүү байгаа. Виктор Цойн ганц хүү нь байна гэдэг ямар хэцүү болохыг би одоо ойлгож байна. Тэр 14-15 настай байхдаа л олны танил гэж ямар байдгийг мэдэрчихсэн. Магтуулж, муулуулж үзсэн. Тэгээд энэ бүхнийг нулимахаар шийдсэн. Би ойлгож байгаа. Саша хэнд ч , тэр байтугай надад ч утасны дугаараа өгдөггүй. Энэ бүхэнд сэтгүүлч та нар бас буруутай. Та нар бүгд адилхан сайн санаатай байдаггүй шүү дээ. 

Эх сурвалж:eagle.mn 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ