Б.Бямбасайхан:Үгээ ололцож чадвал дэлхийгээс мөнгө босгох асуудалгүй гэж хөрөнгө оруулагчид хэлж байна
Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхантай өнөө жилийн “Дисковер Монголиа” эрдэс баялгийн нэгдсэн чуулганы үр дүн, өгөөжийн талаар ярилцлаа.
-Энэ жилийн “Дисковер Монголиа”-гаас анзаарахад хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж эхэлсэн нь анзаарагдлаа. Та хөрөнгө оруулагчидтай ойр харилцдаг хүн. тэр утгаараа онцолж хэлэхээр ямар хүмүүстэй уулзав. тэд монголын тухай ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-Банкир, хуульч, хөрөнгө оруулалтын сангийн менежер, геологич гээд олон хүнтэй уулзлаа. Хөрөнгө оруулагч хүн оруулсан хөрөнгө мөнгөө хэдий хугацаанд ашигтай эргүүлэх вэ гэдэг тооцоог маш нарийн аргачлалын хүрээнд хийдэг. Энэ тооцоонд төслийн геологийн нөөц, хүдрийн агуулга мэдээж маш чухал. Гэхдээ түүнээс дутахгүй олон шалгуур бий. Эдийн засгийн чадавх, боловсон хүчний чадавх болон олдоц, технологийн хөгжил, улс төрийн эрсдэл, банк санхүүгийн системийн найдвартай байдал, шүүхийн арилжааны маргаан шийдвэрлэх чадавх гээд яривал урт жагсаалт болно.
Дээр нь зах зээлийн хандлага их чухал. Нэг сангийн менежер илтгэлдээ энэ хандлагыг сүрэг тагтаатай жишиж ярьсан нь сонирхолтой, байгаа олсон зүйрлэл санагдсан. Өөрөөр хэлвэл, сүрэг тагтаа сууж байгаад нэг нь үргэхэд бүгд нисч оддог. Монголд ч ийм хандлага хэдэн жилийн өмнөөс бий болсныг хөрөнгө оруулалтын сангийн менежер илтгэлдээ дурдаж байсан. Манай улсад үйл ажиллагаа явуулж буй хэдэн хайгуулын компанийн захирлуудыг би Монголын зах зээлийн хамгийн сайн элчин сайд нар гэж би боддог. Энэ хүмүүс өөдрөг бодол санаатай болж буйг саяын чуулганаар анзаарлаа.
-Хайгуулын компаниудын илтгэлээс өөдрөг хандлага, эерэг мэдээлэл ч анзаарагдсан шүү. Анх удаа Монголд хайгуул хийж байгаа том компаниуд бүгдээрээ илтгэл тавьсан уу. Хайгуулын салбарыг хөгжүүлэх боломж, гарцын талаар ямар шийдлүүд яригдав?
-Тэгсэн. Хайгуулын том төслүүд хэрэгжүүлж байгаа бүх компани илтгэл тавьж, оролцсон. Монгол Улсад өнөөдөр хайгуулын 1537 тусгай зөвшөөрөл бий. Шинээр хайгуул хийх 8.5 сая гектар талбайг сонгон шалгаруулалтаар зарлана гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд илтгэлдээ дурдсан. 20052010 онд олон улсын хөрөнгийн биржүүд дээр бүртгэлтэй 60 гаруй компани Монголд хайгуулын бизнес эрхэлдэг байсан тухай мэргэжилтнүүд дурдана лээ. Харин энэ тоо өнөөдөр 10 хүрэхгүй компани болтлоо буурсан. Монголд үлдсэн цөөхөн хайгуулын компанийн захирлууд тодорхой илтгэлүүд тавьсан. Хэрэв Засгийн газар, орон нутаг, бусадтайгаа хэл амаа ололцоод, бие биеээ дэмжээд байвал олон улсын зах зээлээс хөрөнгө босгоод явах бүрэн боломжтой гэж тэд дүгнэж байна.
-Хөрөнгө оруулалтын сангуудын төлөөллүүд ирсэн нь олны анхааралд байлаа. Тэд Монголд хөрөнгө оруулах боломжийн талаар юу ярьсан бол. Ер нь хөрөнгө оруулагчдын эргэлзээ арилж уу?
-Монгол геологийн хувьд сонирхолтой, боломж ихтэй улс. Манай улсын энэ давуу талтай хэн ч маргадаггүй. Хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөл, хөрөнгө оруулагчдын хувьд “Засгийн газраас цаашдаа хэр тууштай ажиллахаас шалтгаална даа” гэсэн хариу өгч байна. Хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж, хандлага наашилсан нь хүн бүхэнд анзаарагдсан байх. Чуулганы үеэр байр сууриа илэрхийлсэн хөрөнгө оруулагчдын үгийг анзаарахад ч энэ хандлага тодорхой байсан.
-Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын хувьд том зах зээлийн хажууханд гэсэн давуу талыг олонтаа онцолж байсан. Энэ давуу талаа боломж болгохын тулд яах ёстой талаар хөрөнгө оруулагчид тодорхой санаа, гарц хэлж байна уу?
-Нэлээд оролцогч хажуудаа том зах зээлтэй гэсэн давуу талыг онцолж байсан. Ер нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын тухайд зах зээл нь хажууханд гэсэн давуу талыг онцолдог. Хажуухандаа байгаа том зах зээлдээ яаж ойртох вэ гэсэн асуултын хариуг тэд сонирхож байна. Надтай уулзсан хүмүүс “Олон улсын зах зээл дээр хөрөнгө, технологи, ноү хау нь бүгд бий, тэгэхээр салбарын ухаалаг, тооцоотой, холыг харсан бодлогоос л бүх зүйл хамаарна” гэсэн утгатай үг хэлж байсан.
-Таны удирдсан Монголын хөгжлийг бүс нутагтай уясан салбар хуралдаан шинэлэг, хэрэгтэй сэдэв шиг санагдсан...?
-Биднийг тойроод бүс нутгийн эдийн засаг, худалдаа, дэд бүтцийн интеграци хүчтэй явж байна. Түүхэнд дахин давтагдахгүй энэ том эрэлт, боломжийг алдахгүйн тулд л Монголын бизнесийн зөвлөл, Уул уурхайн үндэсний ассоциаци, УУХҮЯтайгаа хамтарч ажиллалаа. Цаашид ч олон зүйл дээр хамтрах төлөвтэй байна.
-Хөрөнгө оруулагчид ямар бэрхшээлийг түлхүү ярьж байна. Тэдний тавьж буй нийтлэг санал гэвэл та юуг онцлох вэ?
-Уул уурхайн салбарын татварын орчин ойлгомжгүй, бусадтай харьцуулахад өндөр гэсэн дүгнэлтийг татварын мэргэжилтнүүд чуулганы үеэр хэлсэн. Уул уурхайн бизнес эрхэлдэг орнуудыг жагсаахад Монгол нийт татвар, төлбөрийн хэмжээгээр эхний гуравт жагсаж байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын сангийн менежер хүн яг адил хэмжээний хоёр ордыг өөр улсуудад оллоо гэж төсөөлье. Нэг нь Канадад, нөгөөх нь Монголд. Энэ тохиолдолд хаана нь илүү хөрөнгө оруулах вэ гэсэн асуулт тавигдана аа даа. Хэрвээ Засгийн газрынх нь бодлого байнга өөрчлөгддөг, татварын орчин ойлгомжгүй байвал хариу нь тодорхой. Манай уул уурхай, ашигт малтмалын салбарын хуулиудад сүүлийн арав гаруй жил 200 гаруй өөрчлөлт орсон гэсэн статистик бий. Энэ нь тодорхой төсөл дээр буухаар ямар дүр зураг тодрох бол гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж таарна. Хайгуул хийж буй компанийн биржийн үнэлгээ олон зүйлийг хэлдэг. Канадад байгаа орд дээр ажиллаж буй хайгуулын компанийн үнэлгээ нэг тэрбум канад доллар байхад, адил хэмжээний нөөц, агуулгатай Монголын орд дээр хайгуул хийж буй компанийн биржийн үнэлгээ 60 хүрэхгүй сая канад доллар байх жишээний. Энэ жишээг сая болсон “Дисковер Монголиа”гийн үеэр нэг илтгэгч дурдсан. Энэ бол бодит байдал.
-Уул уурхайн сайдын илтгэл, чуулганы хуралдаануудад суусан оролцоо хөрөнгө оруулагчдад найдвар төрүүлэх шиг боллоо. Тантай уулзсан хөрөнгө оруулагчид сайдын энэ оролцоог яаж харж байна?
-Уул уурхайн салбар 2017 оны байдлаар манай улсын экспортын бүтээгдэхүүний 90 хувийг, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 74 хувийг, дотоодын нийт бүтээгдэхүүний 22 хувийг, гадаадын хөрөнгө оруулалтын 72 хувийг бүрдүүлж байгаа нь эдийн засгийн тогтвортой өсөлтийн салшгүй нэгэн хүчин зүйлд зүй ёсоор орно гэж Д.Сумъяабазар сайд онцолсон. Уул уурхайн олборлох салбар энэ оны эхний долоон сарын байдлаар 26.3 сая тн нүүрс, 764.4 мян.тонн зэсийн баяжмал, 9.2 тонн алт, 3.1 мян.тонн молибдений баяжмал, 1.7 сая тонн төмрийн хүдрийн баяжмал олборлож байгааг ч “Дисковер Монголиа” эрдэс баялгийн нэгдсэн чуулганы индрээс хөрөнгө оруулагчдад дуулгасан. Монголын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын баримталж буй зарчим, бодлого, уриалж байгаа үгсийг оролцогчид нэг бүрчлэн задалж, шинжилж, дүгнэж суугаа нь тодорхой асуудал. Хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн гол нь богино хугацаанд ямар бодитой үр гаргахыг хүлээж байгаа. Сайд өнгөрсөн арван сарын хугацаанд уул уурхайн дэлхийн гол төвүүд болох орнуудад айлчилж, олон хөрөнгө оруулагчтай уулзсан. Хийх ажил их гэдгийг аль аль талдаа ойлгож, дэмжиж байгаа.
-Энэ жилийн “Дисковер”-ийн зохион байгуулагчаар Монголын бизнесийн зөвлөл орж ирсэн нь зочдын чансаа, хүрээг өсгөх, Засгийн газрын оролцоог нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлсэн гэж дүгнэх хүн олон байна. Бизнесийн зөвлөл ер нь ямар оролцоотой ажиллав?
-Монголын бизнесийн зөвлөл өнөөдөр 250 гишүүн компанитай, идэвхтэй бизнесийн талбар юм. Энэ жил бид Уул уурхайн үндэсний ассоциаци, УУХҮЯтайгаа хамтран 16 дахь удаагийн “Дисковер Монголиа”г зохион байгууллаа. Өмнө нь Монгол Улсын ууган Ерөнхийлөгч П.Очирбат тэргүүтэй Уул уурхай үндэсний ассоциацийн баг амжилттай зохион байгуулсаар өнөөг хүрсэн. Хамгийн гол нь Монголын бизнесийн нийгэмлэгүүд нэг зорилгын төлөө нэгдэн ажиллаж, Засгийн газартайгаа хэл амаа олдог болж байгааг харуулсан эерег жишгийг энэ удаагийн арга хэмжээ тогтоолоо.
Дараа жил Зүүн хойд Азийн бүс нутгийн хэмжээний уул уурхайн салбарын чуулганыг Монголд зохион байгуулах уриалгыг дэмжин ажиллахаар болж байна. Монголын бизнесийн зөвлөл олон улсын хөрөнгө оруулалтын олон чуулганыг гишүүдийнхээ хүрээнд зохион байгуулж ирсэн туршлагатай. Цаашид бид бусад нийгэмлэг, олон улсын байгууллагатай хамтарч бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бодлогын судалгаа хийж, идэвхтэй ажиллах төлөвлөгөөтэй байгаа.
-“Соаl Mongolia-2018” чуулганы үеэр ийм тийм гэрээ байгуулагдсан гэх мэт мэдээлэл цацагдлаа. “Дисковер Монголиа”-гийн үеэр ийм бодитой хэлцлүүд хийгдэв үү?
-Бодитой шинэ төсөл гэвэл, ойрын үед нүүрсний давхаргын метаны хайгуул хийх зорилгоор гадаадын хөрөнгө оруулагч Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ зурна гэсэн мэдээлэл байна. Энэ бол богино хугацаанд бусдыг уриалан татах эерэг мэдээ юм.
-Уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулган зорилгоо биелүүлж чадсан уу?
-Өнөө жилийн “Дисковер Монголиа”д 700 хүн бүртгүүлж төлбөрөө төлөөд оролцлоо. 50 гаруй хүн илтгэл, хэлэлцүүлэгт оролцсон тоог онцолмоор байна. Бид анхнаасаа л Монголын уул уурхай, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын боломжийг олон улсын хөрөнгө оруулагчдад таниулахыг зорьсон. Зорилгоо ч биелүүлж чадлаа. Дараагийн зорилго маань салбаруудад тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг бодитоор хэмжиж, дүгнэж ямар нэгэн улс төргүйгээр хэлэлцэх байсан. Мөн л биелүүлж чадлаа. Үндсэн чуулган гурван өдрийн турш, хэлэлцүүлэг, төслийн танилцуулга, том төсөлтэй газар дээр нь очиж танилцахаас бүрдсэн. Чуулган болохоос долоо хоногийн өмнө татвар, эрх зүй, орон нутгийн харилцаа, усны менежмэнт сэдвүүдээр мэргэжлийн улсууд хаалттайгаар хэлэлцсэн нь маш үр дүнтэй болсон.
-Өмнөх чуулганаар огт хөндөж байгаагүй шинэ сэдэв гэвэл та юуг онцлох вэ?
-Бид энэ удаа ирээдүйгээ харж чуулахыг зорилоо. Монголын уул уурхайн салбар XXI зуунд шинэ технологийн эринтэй золгож байгаа гэсэн том онцлог бий. Энэ салбарт өрсөлдөж яваа компаниуд бүгд л өөр газар, өөр компани үйлдвэрлэж болох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа. Энгийнээр хэлбэл зөвхөн Монголд л зэс үйлдвэрлэдэг гэж харж, ойлгож болохгүй. Чилид, Орост ч үйлдвэрлэж байгаа. Өөрөөр хэлбэл тэд манай хүчтэй өрсөлдөгч. Ингэж харах хэрэгтэй л дээ. Уул уурхайн салбарт “Тэр компани нэг тонн тутамд төчнөөн мөнгө зарж байна” гээд олборлолтын зардлыг нь мэдээлдэг шүү дээ. Өнгөц сонсоход хэдхэн центийн асуудал яригддаг ч их хэмжээний үйлдвэрлэл, олборлолт явуулдаг компаниудын хувьд маш том мөнгөний асуудал. Бүр тодруулж хэлбэл уул уурхайн том компаниудын дунд нэг центийн зардлаа тонн тутамд хэмнэх тухай өрсөлдөөн олон улсад явагдаж байна. Ийм онцлогтой салбарт шинэ технологи, хиймэл оюун ухаан, роботууд дэвшил авчрах болно гэсэн хандлага хүчтэй болчихлоо. “Дисковер Монголиа”гийн үеэр яригдсан шинэ өнцөг гэвэл энэ жишээг дурдаж болж байна. Эдгээр аргыг ашиглаж чадвал хайгуулын өртөг, үйлдвэрлэлийн зардал ч багасна гэж хөрөнгө оруулагчид ярьж байна.
Эх сурвалж:dnn.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ