“MONGOLIA’S NEXT TOP MODEL-2” НЭВТРҮҮЛЭГ ТУН УДАХГҮЙ...

"Боловсрол" телевизийн уран бүтээлчид энэ намрын ээлжит төслүүдээ танилцуулсны нэг нь “Mongolia’s next top model-2” нэвтрүүлэг байв. АНУ-ын CBS студийн албан ёсны эрхтэйгээр хийгддэг энэхүү шоу нэвтрүүлэг нь Монголын загварын ертөнцөд цоо шинэ өнгө төрх нэмэх, загварын салбарт хөгжлийн шинэ үеийг нэвтрүүлэх томоохон зорилго агуулдаг бөгөөд хоёр дахь жилдээ ийнхүү амжилттай хэрэгжиж үзэгчдэд хүрэх гэж байгаа юм.


Mongolia’s next top model” нэвтрүүлгийн нэгдүгээр улирлын дугаарууд олон онцлогтой байсан.Фото зураг авалт, оролцогч моделиуд, мэргэжлийн багш, менторууд гээд бүх талаараа шинэлэг, үр өгөөжтэй байсан нь үзэгчдийн хандалтаас харагдаж байсан юм. Түүнчлэн ганцхан фото зургийн цаана хэдэн хүний хөдөлмөр шингэдгийг, мэргэжлийн модель болохын тулд хэчнээн саад бэрхшээл туулдгийг энгийн үзэгчдэд ойлгуулсан олон талын ач холбогдолтой байсныг онцлох нь зүйтэй. Харин энэ жилийн дугаарууд илүү олон онцлогтой байх болно гэдгийг нэвтрүүлгийн багийнхан мэдээллээ. Тодруулбал энэ жил Монгол улсаас гадна Өвөр Монгол, Буриад улсын модель охид шалгаруулалтад оролцож гурван улсын шилдгийн шилдэг моделиуд хоорондоо өрсөлдөхөөр болсон байна.


Энэ жилийн хувьд зураг авалтын агуулга улам баялаг, сонирхолтой болж байгаа аж. Учир нь нэвтрүүлгийн багийнхан Буриад болон Өвөр Монгол улсад очиж зураг авалт хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Шүүгчид болон оролцогчдын талаарх мэдээлэл хараахан цацагдаагүй байна. Мэдээж нэвтрүүлгийн ялагчийг дэлхийн загварын тайз хүлээж байгаа нь тодорхой юм. Дашрамд хэлэхэд, “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн нэгдүгээр улирлын ялагч Б.Цэрэндолгор ялагчийн гэрээний дагуу Сингапурын загварын агентлагт ажиллахаар тун удахгүй явах гэж байгаа тухай таатай мэдээг бидэнд хэлсэн юм.


Модель болох хүсэл эрмэлзэлтэй хэн бүхэнд туршлага, мэдлэг нэмэх “Mongolia’s next top model”нэвтрүүлгийн шинэ дугаарууд тун удахгүй үзэгчдэд хүрэх нь. Энэ жилийн нэвтрүүлэг чадвар сорьсон сорилт, мэргэжлийн зураг авалт, сонирхолтой аялал, гэнэтийн бэлгээр дүүрэн байх болно гэдгийг нэвтрүүлгийн багийнхан амлаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ