Сүүлийн 40 жилд болоогүй том цэргийн сургуулилалт зүүн сибирт болно
Энэ долоо хоногт ОХУ сүүлийн 40 орчим жилд үзэгдээгүй том цэргийн сургуулилалтыг зүүн Сибирийн бүс нутагт зохион байгуулах гэж байгаа.
Уг сургуулилалт нь Алс Дорнод, Сибирийн нийт 5 сургалтын талбай, Япон тэнгис, Берингийн хоолой, Охотскийн тэнгисийн дөрвөн агаарын сургалтын орон зайд явагдах юм.
Оросын талаас 300,000 цэрэг, 1,000 орчим нисэх онгоц, 36,000 танк, хуягт, машин техник оролцох тухай ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу зарласан.
Харин Хятад, Монголын зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд анх удаа “Восток 2018”-д оролцох гэж байгааг тэр мөн мэдээлжээ. Хятадын талаас 3,200 цэрэг оролцох бол Монголын талаас хэр хэмжээний хүн хүч оролцох нь тодорхойгүй байна. Монгол, Хятадын цэргүүд Байгалын чанадын Цугол цэргийн сургуулилалтын талбайд байрлаж, уг ажиллагаанд оролцохоор болжээ.
Цугол нь гурван улсын хилийн уулзвар хэсэгт байрладаг юм.
Өмнө нь Алс Дорнод, Сибирьт цэргийн сургуулилалт хийхдээ ОХУ үргэлж Хятадтай мөргөлдөөн үүсэх үед дайтах бэлтгэл хийдэг байв. Гэтэл энэ жил анх удаа Хятадын цэргийн хүч оролцож байгаа нь Өрнөдийн ажиглагчдыг гайхшруулж байна.
Карнегийн Москва дахь төвийн Хятад судлаач мэргэжилтэн Александр Габуев “Восток сургууилалтанд Хятад улс найз нөхөр, зарим талаар холбоотны үүрэгтэй оролцож байна” гэж тайлбарлажээ.
Пентагоны төлөөлөгч “Восток 2018”-ыг АНУ анхааралтай ажиглаж байгааг мэдэгдээд энэ бол Орос, Хятадын зүгээс өгөх стратегийн дохио юм гэж тодорхойлсон байна.
“Восток 2018” маргааш эхэлж, энэ долоо хоногийг дуустал үргэлжлэх юм.
Эх сурвалж:dnn.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ