Э.Цэндбаатар: Ослоос амьд үлдэхэд “Чи одоо ухаар аа” гэж хэлсэн шиг санагддаг
Азийн наадамд түрүүлсэн, Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хорооны тамирчин Эрдэнэбатын Цэндбаатартай ярилцлаа.
-“ХЭН НЬ ХАШААНД ХЭН НЬ ШОРОНД БАЙХАА ҮЗЬЕ. ХООЛОО ОЛЖ ИДДЭГ БОКСЫГ ЧИНЬ ТОГЛОЖ ЧАДАХГҮЙ БОЛГОЖ ЧАДНА” ГЭЖ ЭЭЖ, ААВ НЬ ХҮРТЭЛ ДАРАМТАЛЖ БАЙСАН-
-Та энэ онд Олон улсын таван тэмцээнээс медаль хүртсэн амжилт үзүүллээ. Азийн наадамд Монголынхоо далбааг мандуулаад ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Сайхан байна. Энэ онд тэмцээн болгондоо амжилттай оролцлоо. Мөн маш их зүйл ухаарсан он жил байлаа. Энэ жилийн хамгийн том тэмцээн Азийн наадам байсан. Одоо ч олон тэмцээн бий. Өөртэйгээ сайн ажиллах, бэлтгэл сургуулилтаа илүү сайн хийх шаардлага байна.
-Зарим хэвлэлээр таныг бусадтай зодолдож байгаад зодуулаад сэхээнд орсон мэтээр бичиж байсан юм билээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тулгарсан бүхнийг даван туулж дэвжээнд гарна гэдэг амаргүй байсан болов уу?
-Шигшээгийн хэдэн тамирчидтайгаа Хандгайтад байрласан бэлтгэлийн байрнаасаа шөнөөр гарч яваад дарвиж, шоудсан. Уг нь бид ямар нэгэн асуудал гаргалгүй шууд бэлтгэлийн байр руугаа буцах гэж байсан ч хэдэн залуу араас ирж элдвээр хэлсэн. Бид эхэндээ “Шөнийн цэнгээний газар зодуулсан залуустайгаа андуурч байгаа бололтой” гэж бодоод “Та нар хүн андуураад байна. Бид боксчин. Ямар нэгэн асуудал үүсгэмээргүй байна” гэтэл нэг нь “Чи муу боксчин байхаар яадаг юм бэ, ална” гэж дайрсан. Бид аль болох зодолдохгүйг хичээн, зугтаагаад би такси барих гээд зогсож байтал араас машинаар гүйцэж ирсэн. Урсгал сөрөөд над руу тулаад ирлээ. Арай ч дайрчихгүй байлгүй дээ гэж бодсон ч нэг л мэдэхэд эмнэлэгт сэрсэн. Бүх зүйл орвонгоороо эргэхэд үнэхээр хүнд байсан. Амьдрах итгэлгүй болдог юм билээ. Эцэст нь өөрийгөө ялан дийлж, мөрөөдөлдөө хүрэх гэж хичээж тэмүүлсэн.
-Таныг машинаар дайрсан залуус хуулийн хариуцлага хүлээсэн үү?
-Намайг машинаар дайрсан залуус олуулаа байсан. Гэвч би ганцааараа байсан гээд нэг л хүн гүрийсэн. Гэтэл “Би Э.Цэндбаатарт зодуулсан” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ хэрэг миний амьдралд үнэхээр гай болсон ганц зүйл юм. Үүнээс болж би гадагшаа гарах эрхгүй болж, миний олон боломжид саад болсон. Ингээд “Би амьд үлдсэн, боксоо хүртэл тоглож чадаж байгаа учраас та нараас ямар ч мөнгө авахгүй ээ. Зүгээр эмчилгээний зардал болох хоёр сая төгрөг л өгчих” гэж хэлсэн. Тухайн үед би эмчилгээний зардлаа өөрөөсөө гаргасан байсан. Гэтэл намайг санаатайгаар алахыг завдаж, миний эмчилгээний зардлын мөнгийг ч гаргаагүй байж “Хэн нь хашаанд байх, хэн нь шоронд байх аа үзье. Чиний хоолоо олж иддэг ганц боксыг чинь тоглож чадахгүй болгож чадна” гэх мэтээр ээж, аав нь хүртэл дарамталж байсан удаа бий. Тэгээд би явдаг газраар нь явахаар шийдсэн чинь өөр дээрээ бэртэл, надад хөнгөн бэртэл гээд гаргуулчихсан байсан. Эцэст нь шүүх хурлаар явж байхдаа би адилхан залуу хүний хувьд хэн хэн нь алдаж болох учраас гомдолгүй л гэж хэлсэн. Ингээд миний хэрэг хэрэгсэхгүй болж, намайг машинаар дайрсан залуу нэг жилийн ял авсан.
-Хүн алдаж болох ч алдсанаа давтаж болохгүй, олон зүйлийг ухаарч ойлгосон тухай ярьсныг чинь уншиж байсан. Залуустаа хандаж юу гэж хэлмээр байна?
-Би алдаж байж л ухаарсан даа. Өөрийгөө эргээд харахад онгироо сагсуу байсан ч юм шиг санагдаж байна. Одоо би ямар үг хэлэх, ямар үйлдэл хийхээ хянадаг болчихсон. Надад бурхан гэж байдаг юм шиг санагдсан. Тэр ослоос намайг амьд үлдээсэн нь “Чи одоо ухаар аа” гэж хэлсэн юм шиг л санагддаг. Гэхдээ би өөрийгөө мундаг болчихсон гэж хэлэхгүй, надад сурах зүйл маш их байна. Гашуун идээнээс хол байгаарай, мөрөөдлөө зөв тодорхойлон, түүнийхээ төлөө тууштай зүтгээрэй гэж залуусдаа хэлмээр байна.
-ӨМНӨ НЬ ЗҮГЭЭР Л ЗОДОЛДОХ ГЭЖ, ХЭН НЭГНИЙГ ЯЛАХ ГЭЖ
РИНГЭН ДЭЭР ГАРДАГ БАЙСАН-
-Тэмцээн бүрийн өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ. Рингэнд гарахын өмнө өөрийгөө яаж зоригжуулдаг вэ?
-Тэмцээн болохын өмнө надад аварга, алтан медаль гэсэн нэг л зүйл бодогддог. Нөгөө талаас хүчтэй өрсөлдөгч гарч ирсэн ч эмээх сэтгэл өөртөө төрүүлдэггүй. Адилхан л гар хөлтэй, адилхан хүн юм чинь нэгнээсээ илүү байна гэж байхгүй гэж боддог. Өөрийнхөө тоглолтыг гаргана, би илүү, би аварга гэх үгнүүдийг өөртөө байнга хэлдэг. Эх орон ард түмэн надад байгаа учраас би Монгол хүн болж төрснөөрөө маш их бахархдаг. Амны билгээс ашдын билэг гэж ярьдаг учраас “Аварга” гэж өөртөө байнга хэлснээр сэтгэл зүйгээ нөгөө хүнээсээ илүү байлгаж чаддаг юм болов уу даа.
-Багадаа өөрийгөө олимпийн аварга болж буйгаар төсөөлж байсан тань “Рио 2016” олимпоор биелэх дөхсөн гэдэг. Энэ тухайгаа ярихгүй юу?
-2013 онд зурж байсан нэг зураг байдаг юм. Би түүнийгээ бичээд хичээсэн бол хүрэх л байсан байх. Мөрөөдлөө зурчихаад нэг хэсэг хаячихсан байсан. “Рио 2016” олимпод явж ирснийхээ бүр дараа зургаа гаргаж ирээд харсан чинь яг л зургийн дагуу болсон байсан. Хэрэв би Америк залууг хожчихсон л байсан бол. Би мөрөөдөлдөө хүрэх ёстой, би алдах ёсгүй гэж бодож рингэн дээр гарсан байсан бол... Тухайн үед би сэтгэл зүйгээрээ өөртөө ялагдчихсан байсан. Жингээ хассанаасаа болоод, мөн рингэнд гарахаасаа өмнө сэтгэл зүйгээрээ ялагдчихсан байсан. Тухайн үед миний хүсэл тэмүүлэл, очийг бадраах хүн ч байгаагүй. Насаар жаахан ч байсан.
-Боксын спортоор хичээллээд хичнээн жил болж байна вэ. Яагаад боксчин болохоор шийдэж байсан бэ?
-2008 онд 10 настайгаа эхлээд хичээллэж эхэлсэн. Энэ спортыг сонгосондоо маш их баярладаг. Хэдийнэ 11 жил өнгөрсөн ч гэсэн би энэ спортын мөн чанарыг одоо л ойлгож эхэлж байна. Өмнө нь зүгээр л зодолдох гэж, хэн нэгнийг ялах гэж рингэн дээр гардаг байсан бол одоо миний хийх ёстой ажил гэж ойлгодог болсон.
-Долоо хоногийн хэдэн өдөр, хичнээн цагийг бэлтгэлдээ зарцуулдаг вэ?
-Өглөө, өдөр, орой гэсэн хувиараар өдөрт зургаан цагийн бэлтгэл хийдэг. Нойр хоолоо зохицуулах, жингээ хэвийн хэмжээнд барих гэх мэтээр маш олон зүйл өрнөдөг дөө.
-Боксын спортоор хичээллээгүй бол өөрийгөө хаана юу хийж явах байсан гэж боддог вэ. Энэ тухай төсөөлж байв уу?
-Төсөөлж байгаагүй юм байна. Өөр ажил хийж үзсэн ч энэ спортоор хоолоо олж иднэ гэдгээ маш сайн ойлгосон. Магадгүй энэ спортод хөл тавиагүй бол хаа нэгтээ хар ажил хийж байх байсан ч юм бил үү. Эсвэл оюутан болох гээд сургалтын төлбөр нэхэж ээж, аавыгаа зовоох байсан байх. Гэхдээ би тэгээгүй, өөрөө өөрийгөө ялан дийлэхийн тулд явж байна. Нөгөө талаар татвар төлөгчдийнхөө мөнгөөр цалинжаад явж байгаагийн хувьд эх орныхоо нэрийг гаргаж амжилтаараа хариулна гэж боддог юм. Ард түмнээ баярлуулж байгаадаа баяртай байна, улам их баярлуулмаар байна.
-Энэ спортоор хичээллэхийн давуу болон сул тал юу вэ?
-Дан ганц бокс гэлтгүй спортоор хичээллэхийн давуу тал маш их бий. Амьдралыг арай өөрөөр харж, бодож эргэцүүлдэг болж эхэлнэ. Хэрвээ би боксоор хичээллээгүй байсан бол онгироо сагсуу амьтан явж байх байсан даа. Ер нь өөрийгөө таньж мэдэх, хүнийг хүндэлж сурдаг юм уу даа. Хүнийг хүндэлж байж хүнээр хүндлүүлдэг гэдгийг ойлгоосой гэж боддог. Өөрийгөө тэгж ойлгосон гэж ч боддог. Нөгөө талаар эрүүл мэндээрээ хохирох султай талтай. Бид өдөрт зүрхээ хэд л бол хэд савлуулж байгаа шүү дээ. Жин хасах гэж, хоолоо сойх гэж зовно. Сарын дотор 10 кг хасчихаад, түүнийгээ хэвийн хэмжээнд барина гэдэг хэцүү. Бие маань хоол нэхсэн ч нэг балга ус, 100 грамм хоол ч идэхгүйг хичээнэ. Ерөөсөө л хагас өлсгөлөнгийн байдалтай байх ёстой.
-ӨӨРТӨӨ ЯЛАГДАХ Л ЮМ БОЛ СПОРТООР ХИЧЭЭЛЛЭХ ШААРДЛАГАГҮЙ-
-Эцэг эхчүүд “Боксоор хичээллэснээр ялангуяа тархи толгойны гэмтэлтэй болдог” гэж хүүхдүүддээ зөвлөх нь элбэг түгээмэл. Таныг боксоор хичээллэнэ гэхэд анх эцэг, эх чинь хэрхэн хүлээн зөвшөөрч байв?
-Намайг анх бас л хориглодог байсан. Хориглодог байсан ч дуртай зүйлдээ бат зогссон. Үүнийг хүсч, мөрөөдлөө болгож, түүндээ хүрэхийн тулд зорьсон. Надад шантрах үе зөндөө байсан. Өөртөө хоёр гурван ч удаа больё, амжилт гаргахгүй юм байна гэж хэлж байсан үе бий. Мөн “Үгүй ээ, цаадахыг нь үзье” гэж шийдэж ч байсан. Нэг ёсондоо өөрөө өөртэйгөө, өөрийнхөө дотор хүнтэй тэмцэлдэж байсан. Нэг л хичээхэд гарц, зам нь гэрэлтдэг юм шиг санагдсан. Эцэст нь өөртөө бууж өгөөгүй. Үнэхээр хэцүү байсан ч цаадахыг нь харнаа гээд л шүдээ зуусан. Өөртөө ялагдах л юм бол спортоор хичээллэх шаардлага байхгүй. Тийм болохоор би өөртөө бууж өгөхийг хүсдэггүй, тийм зүйл толгойдоо бодохыг ч хүсдэггүй. Бүх юмыг болгох талаас нь өөдрөгөөр хардаг.
-Танд Япон, БНСУ-аас мэргэжлийн бокст тоглуулах санал, гэрээ ирдэг ч зөвшөөрдөггүй гэсэн. Чухам яагаад зөвшөөрдөггүй юм бэ?
-Үүнд гэрээ гэж бий. Майк Тайсоны тухай баримтат кино үзэж байтал Дон Кейсон бол хамгийн муу хүн гэж хэлсэн байдаг. Яагаад тэгж хэлснийг нь бодоод байтал баян бас аварга байсан Майк Тайсон бүх мөнгөө форматортоо алдаад, сүүлдээ өөрөө өрөнд орж байх жишээтэй. Үүнээс гэрээ гэдэг зүйл маш чухал гэлгийг ойлгосон. Би хэрвээ муу гэрээг зөвшөөрчихвөл, тухайлбал таван жилийн гэрээ хийлээ гэж бодоход мэргэжлийн бокст таван жил зовж, нөгөө газартаа мөнгө олж өгсөөр байгаад дуусах байх гэж боддог. Надад таалагдсан гоё гэрээ ирээгүй. Тийм учраас татгалзсан хариу өгдөг. Өөрөө олимпийн аварга болчихвол арай өөр сайхан гэрээнүүд ирэх л байх.
-Боксын спортын тамирчныг дэмжих төр засгийн дэмжлэг хэр түвшинд байдаг вэ. Амжилт, хөдөлмөрөө хангалттай түвшинд үнэлүүлж чадаж байна уу?
-Том тэмцээнд амжилт гаргавал үнэлүүлж чаддаг. Гэхдээ байр, машин хэмжээний том дэмжлэг байдаггүй ч тодорхой хэмжээний мөнгөн шагнал байдаг. Тэр нь үнэхээр дэм болж чадахуйц хэрэгтэй байдаг. Мөн төр засаг гэхээсээ илүү хувийн зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлдэг хувь хүн, байгууллагууд ч бий. Жишээлбэл, би ШШГЕГ-ын харъяанд ажилладаг, дэд ахлагч цолтой гэдгээрээ цалин авдаг, “Ажнай” компанийн тамирчин болохоор амжилт гаргахаараа бас дэмжлэг авах үе бий. Намайг хэрэг төвөгт орооцолдоход орхиж хаяагүйд баярладаг. Машины осолд ороход энэ хүн амжилт гаргахаасаа өнгөрсөн гэж хэзээ ч хаялгүй, итгэсэн. Мөн намайг дэмждэг Элбэгсайхан, Хуягаа, Жоош гээд гурван сайхан ах минь бий. Хэрвээ намайг хаясан бол миний сэтгэл санааны хүнд байдалд улам хүнд нэрмээс болох байсан байх гэж боддог юм. Энэ хугацаад намайг орхисон хүмүүс ч бас бий. Зүгээр л ундаа уугаад, савыг нь хогонд хаяж байгаатай адилхан. Хүнд бас хор шар гэж бий. Алдах үед найз нөхдийн чанар танигдаж, хүнийг таньж сурдаг юм билээ.
-Гэр бүлийнхээ тухай танилцуулахгүй юу?
-Манай ээжийг н.Болормаа, аавыг н.Эрдэнэбат гэдэг. Эцэг эхээс олуулаа. Миний гэргийг Т.Ууганзаяа гэдэг. Гэргийтэйгээ бэлтгэл ангид хамт орж, арван жилдээ ч нэг сургуульд сурсан. Тухайн үед хайрыг анзаардаггүй явжээ (инээв.сурв). Хонхныхоо баяраар автобусанд таарсан чинь миний анзаардаггүй байсан охин маш хөөрхөн харагдсан. Тэгээд л хөл, гар, бүх зүйл нь хөөрхөн, жижигхэн харагдаад, би яагаад анзаардаггүй байсан юм бол оо гэж бодсон. Тэр цагаас хойш дурлаж эхэлсэн дээ. Надад охин төрүүлж өгсөн ханьдаа маш их хайртай. Манай хадмууд үнэхээр мундаг хүмүүс байдаг. Тийм сайхан хадмуудтай болсондоо өөрийгөө азтай залуу гэж боддог шүү(инээв.сурв). Арван жилийн сургуульд байхдаа хичээлээ сурах гэж хичээхээр ерөөсөө болохгүй, бокс хөөгөөд хичээхгүй орхичихоор онц аваад байгаа юм шиг санагддаг байж.
-Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?
-Орсон тэмцээнд бүртээ амжилт гаргахыг хичээх болно. Авч чадаагүй медалиа авахыг хүсч байна. Мөрөөдөлдөө хүрч, Монголынхоо төрийн далбааг улам илүү мандуулж, ард түмнээ баярлуулаад, нүдэндээ нулимс дуслуулан зогсохыг хүсч байна. Намайг дэмжиж тусалдаг хүмүүс миний амжилттай салшгүй холбоотой. Миний анхны багш ОУХМ н.Энхтайван гэж хүн бий. Анхны багш маань байгаагүй бол би байхгүй ч байсан юм бил үү.
Эх сурвалж: medee.mn
П.УРНАА
СЭТГЭГДЭЛ БИЧИХ