Н.Нацагням: Төр засаг импортоо дэмжээд ард иргэдийг ажилгүй болгож байна

Засгийн газрын 147 дугаар тогтоолын дагуу 100 саяын шагналын санд бүтээл нь шалгарсан “Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал”-т эрдэмтдийн “100 саяас хязгааргүй” нээлттэй хэлэлцүүлэг энэ сарын 5-нд МУИС-ын Номын санд болсон билээ. Энэ үеэр 2013 онд “Синхрон генераторын реактив чадлын автомат тохируулга болох NaNyam-AX12 болон түүний виртуал төхөөрөмж бүтээл”-ээрээ уг шагналыг хүртсэн инженер, Техникийн ухааны доктор /Ph.D/ Н.Нацагнямтай ярилцлаа.



-Сайн байна уу. Юуны өмнө энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болсонд тань баяр хүргэе. Шагнал хүртсэн бүтээлээ эдийн засгийн эргэлтэд оруулахад төрөөс юм уу холбогдох салбарууд нь хэр дэмжиж ажиллаж байна вэ. Мөн залуу эрдэмтдийг дэмжиж ажиллахад юун дээр анхаарах шаардлагатай байна вэ?

-Манай эрдэмтдийн дунд дэлхийд байхгүй технологи гаргасан хүмүүс байна. Станцыг удирддаг миний энэ төхөөрөмж Англи, Америкт шинэ зүйл биш. Өдөөлтийн систем 100 жилийн өмнө ч дэлхийд байсан. Гэхдээ миний уг бүтээлийг дэлхийд байхгүй хэмээгээд 2015 онд Японы “Азийн бар” хэмээх байгууллагаас алтан медаль өгсөн. Өөр мундаг мундаг докторуудын бүтээл ч байна. Гэтэл манай улс ийм зүйл байхгүй гээд импортоор бүх зүйлээ гаднаас оруулж ирээд байдаг. Нэг ёсондоо ардчилсан улс гээд байгаа ч хар зах зээл, хар монополь үүссэн. Англи, Америкийн хөгжлийн шалтгаан нь ерөөсөө бүх зүйл нь цагаан монопольтойд байгаа юм. Тэнд тендер зарлахгүй. Харин манайд нэг хүн сайд болоход тухайн зах зээлийг удирдаад байна. Тэр хүний шуналаар хятадуудыг ажлын байраар хангаж, монголчууд ажилгүй байгаа юм. Тухайн сайдын эсрэг Ерөнхий сайд хөдөлж чадахгүй. Учир нь тухайн сайд Ерөнхий сайдыг томилж байгаа. Нэг жишээ дурдахад яг ийм тогтолцоотой байсан Италийн Ерөнхий сайд “энэ ардчилсан тогтолцооноос салъя, би ажлаа өгье, парламентын олигархуудаас үл хамааралтай, байнгын засаглалтай байя” гээд орилж байсан. 2016 оны зургадугаар сард ийнхүү мэдэгдэл хийж, 12 дугаар сард ажлаа өгөх гэж байхад нь бага зэргийн эрх мэдэл өгсөн байдаг.


Ер нь манайх шиг ардчилсан засаглалтай улс болгонд бүх юм нь импортоор, хар монопольтой байдаг. Пакистан, Иран, Ирак, Монгол, Киргизийн иргэд эх орондоо ажилгүй болонгуутаа Англид очиж өдрийн нэг сая төгрөгийн цалинтай ажил хийж байна. Англи хүмүүсийн хийж чадахгүй зүйлийг нь тэр хүмүүс хийдэг мөртлөө эх орон нь ядуу байгаад байна. Өнөөдөр бид нар төр, засгийн дэмжлэгийг авах ямар ч боломж алга. Учир нь дамын наймаа хийж 10 сая доллар олох гэж буй сайд Ерөнхий сайдын үгэнд орохгүй. Үүнээс гарах гарц нь Ерөнхий сайдыг парламентаас үл хамааралтай болгох хэрэгтэй. Тухайлбал, Швейцарын долоон сайд насаараа төр барьж байна. Хэрэв тийм болбол бидэнд өнөөдөр ажлын байр өгнө.


-Та 100 сая төгрөгийн шагнал хүртсэн бүтээлээ танилцуулаач.

-Би 100 сая төгрөгийн шагнал авсан бүтээлээ хийхийн тулд дөрвөн жил цалингүй ажиллая гээд 68 сая төгрөгийн өрөнд орсон. Миний уг бүтээлийг Гантөмөр сайд хараагүй бол би өнөөдөр траншейнд архичин болчихсон байгаа. Траншейнд байгаа хүмүүсийг муу хүн гэж битгий бодоорой. Социализмын үед нээлт хийсэн алтан гартай хүмүүс тэнд байгаа шүү.


-Бүтээгдэхүүнийхээ ач холбогдлын талаар товчхон хэлж өгнө үү.

-Компьютерын хаардтай адил станцыг 24 цаг удирддаг генератор. Шөнө айлуудын гэрэл унтарч, цахилгаан хэрэглэгч нь тогтвортой бус болоход генераторын гэдсэн дэх соронзыг автоматоор ихэсгэж, багасгадаг төхөөрөмж юм.




-Уг төхөөрөмжөө эдийн засгийн эргэлтэд оруулж байна уу?

-ТЭЦ-2 дээр 2013 оноос хойш ажиллаж байна. ТЭЦ-2-ын залуус үнэхээр гайхалтай. Миний өөрөө туршаагүй туршилтыг зааврыг нь уншаад туршчихсан мундаг залуус байна лээ. 2013 оны дөрөвдүгээр сард тавиад зургадугаар сард нь том туршилт болж, үр дүн нь харагдсан. Бүх станцын өдөөлтийн систем нурж, систем нойл зогсоход нано төхөөрөмж ТЭЦ-2-ыг авч үлдээд системээ аварч байсан. Хэрэв бүх систем нойл суувал олон тэрбум төгрөгийн алдагдалд ордог. Үүнийг хамгаалж чадсан.


-Одоогоор та ямар чиглэлээр төхөөрөмж дээр ажиллаж байна. Цаашдын зорилго, хийх ажил юу байна вэ?

-Уг системийг уул уурхай, эрчим хүч гээд бүх салбарт ашиглах боломжтой. 10 жилийн лабораторид үнэгүй багшилдаг. Учир нь 10 жилийн тоо, физикийн аварга хүүхдүүд санхүүгээр явна гэдэг. Тэр хүүхдүүдэд арга, техникийг нь зааж өгөөд, шуналыг хөдөлгөөд инженер болох чиглэл рүү нь оруулсан.


-Шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал нь юу байна вэ?

-Шинжлэх ухааны салбар бол хөгжчихсөн. Хамгийн гол нь бид нарт ажлын байр алга, импортын бүтээгдэхүүн дүүрэн байна. Төр засаг импортоо дэмжээд биднийг ажилгүй байлгаад байна.


Л.Булганчимэг

Эх сурвалж:times.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ