Дубайн онгоц дүүрэн хүн халдварт өвчин тусчээ

Дубайгаас Нью-Йорк руу ниссэн онгоцны зорчигчдын бие муудсанаас болж хөл хорио тогтоожээ. Онгоцонд 500 орчим хүн байсны 10 нь эмнэлэгт хүргэгдсэн байна. “Emirates” агаарын тээврийн компанийн үзэж байгаагаар хүмүүсийн бие муудсан нь хоолны хордлого юмуу халдварт ханиад томуунаас болжээ. Тус компанийн “Airbus A380” онгоц Нью-Йоркийн цагаар өчигдөр өглөөний 9 орчимд Жон Кеннедигийн нэрэмжит нисэх буудалд газардсан байна. Газардах үед 100 орчим хүний бие таагүй байжээ.

“CBS” болон Америкийн бусад хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар бие нь муудсан 100 орчим зорчигч бүгд ханиалгаж, өндөр халуурч байжээ. Үүнийг террорист ажиллагаа болон ямар нэгэн аюул биш байсан гэж Нью-Йоркийн захиргаанаас мэдээлсэн байна. Өвчний хяналт болон урьдчилан сэргийлэх төвийнхөн онгоц руу яаралтай ирж, бие нь муудсан хүмүүст газар дээр нь үзлэг хийжээ. Нислэгийн багийн долоон гишүүн болон гурван зорчигч эмнэлэгт хэвтсэн байна. Мэргэжилтнүүд бүх зорчигчийг үзээд хэдэн цагийн дараа явуулжээ.

Нью-Йоркийн засаг захиргаанаас үзэж буйгаар онгоц томууны вирусийн тархалт маш их байгаа Мекка /Саудын Араб/ хотод зогсох үеэр вирус нэвтэрсэн байж магадгүй гэнэ.

Эх сурвалж:Zindaa.mn


СЭТГЭГДЭЛ БИЧИХ