Ц.Алдармаа: Би их ядарсан , зовсон гэж хэлэх эрх надад байхгүй
Жүжигчин Ц.Алдармаатай ярилцлаа.
-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе?
-Баярлалаа. Танд болон уншигчдадаа мөн энэ өдрийн мэнд дэвшүүлье.
-Таны хүүхэд насны талаар яриагаа эхлүүлье гэж бодож байна. Бага нас тань хаана хэрхэн өнгөрсөн бэ, дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Би хотод төрж өссөн. Бусдын л адилаар аав, ээж, ах дүүгийнхээ элэг бүтэн хайранд өсөж, торнисон. Аав, ээж хоёр минь хөдөөний эгэл хүмүүс юм.
-Таныг урлагийн салбараас илүү загварын салбарт ажилласан бол илүү амжилттай явах байсан гэх хүн олон байгаа харагддаг. Та урлаг, тэр дундаа хошин урлагийг яагаад сонгох болсон юм бэ?
-Ер нь уран бүтээлч, жүжигчин хүн. Бүх нөхцөлд амьдрах, хувьсан өөрчлөгдөх чадвартай гэж боддог. Намайг загварын салбарт ажилласан бол илүү амжилттай байж магадгүй гэдэг хандлага байдгийг би мэднэ. Тэгж харж байгаад баярлалаа.
-Тайзны урлагаас хөндийрөөд багагүй хугацаа өнгөрсөн. Та энэ хугацаанд юу хийв?
- Тайзан дээрээ гаралгүй таван жил болсон байна. Энэ хооронд дэлгэцийн уран бүтээлд түлхүү ажиллаж, нэлээд хэдэн кинонд тоглолоо. Энэ зун л гэхэд “Өршөөл” уран сайхны кинонд дүр бүтээсэн. Кино ирэх аравдугаар сард нээлтээ хийх юм. Би хошин урлагийн салбарт 9, 10 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаа бол амьдралын маань салшгүй холбоотой зүйлүүдийн нэг. Тайз хүнийг маш их задалдаг. Тэр дундаа хошин урлаг гэдэг бол ритм, хурд, бүжиг зэргийг тухайн хүнээс шаарддаг онцлогтой. Одоогоор нэг жүжиг дээр ажиллаж байгаа. Гэхдээ энэ нь хошин урлаг биш. Тайзны уран бүтээлдээ тайзан дээрээ тэр дундаа жүжгээр гарч байгаадаа маш их баяртай байна. Энэ жүжигт миний оролцож байгаа дүр нь их дедиктив талдаа юм. Тиймээс би урам зоригтой ажиллаж байна.
-Дүр бүтээж байгаа жүжгийнхээ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?
-Мөрөөдлийн театртай хамтарч “Дундын хүүхэн” нэртэй насанд хүрэгчдэд буюу 18-аас дээш насныханд зориулсан тайзны уран бүтээл дээр ажиллаж байна. Энэ бүтээл маань ирэх тав дахь өдрөөс эхлэн өдөр бүр Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд тоглогдоно. Жүжгээрээ тодорхой нэг санааг илэрхийлэх гэсэн юм. Хүмүүс ирж үзээд ойлгох байх аа. Би дахин тайзан дээр гарна гэхээс маш их догдолж байна. Учир нь Үйлвэрчний эвлэлийн соёлын төв өргөөнөөс анх ажлын гараагаа эхэлж байсан. Оюутан байхдаа “Шинэ үе” продакшинд бүжиглэдэг байлаа. Энэ утгаараа надад Үйлдвэрчний эвлэлийн тайз их ээлтэй санагддаг. Энэ тайзан дээрээ олон жилийн дараа гарна гэхээр их олзуурхууштай санагдаж байна.
-Тэгвэл оюутан байхаасаа л мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн байх нь ээ?
-Тэгсэн. Гэхдээ оюутнуудыг авангуутаа шууд л тайзан дээр үг хэлүүлээд, жүжиглүүлэхгүй шүү дээ. Ангийнхаа хүүхдүүдтэй “Шинэ үе” продакшинд бүжиглэж байсан. Ч.Хүрлээ, Бооёо(Н.Ариунболд), Амбий (Ц.Батхуяг) ах нар минь намайг нэг үг хэлүүлдэг болгоод, дараа нь хоёр үг хэлүүлдэг болгож сургасныхаа дараа “Шинэ үе”-д ажиллуулж байсан.
-Та драм урлагийг шоу урлагтай хослуулсан жүжиг дээр ажиллаж байгаа. Драмын урлаг шоу урлаг хоёр ямар ялгаатай байдаг вэ?
-Мөрөөдлийн театр дан хошин урлагийн тоглолт хийгээд байдаггүй. Мөрөөдлийн “театр” гэж байгаа учраас театр урлаг болон хошин урлагийг хослуулсан жүжиг жилдээ нэг, хоёрыг тавьдаг. Энэ удаагийн жүжиг хоёр хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэг дедиктив жүжиг, хоёр дахь нь хошин комеди байгаа. Мөн жүжгийнхээ баг бүрэлдэхүүнээ их сонирхолтой бүрдүүлсэн гэж харж байгаа. Би “Шинэ үе”-д, А.Туяа “X-ТҮЦ”-д ажилладаг байсан. Хоёулаа тайзан дээр гараагүй тав зургаан жил болсон байна. Бид нэг үеийн найзууд, энэ удаад нэг тайзан дээр гарна гэдэг бол их олзуурхууштай санагдаж байгаа.
-Та саяхан “Байтаг богд”-д дүр бүтээсэн байсан. Энэ кинонд дүр бүтээх саналыг хэн тавьсан бэ. Та хэрхэн хүлээн авч байв?
-Мэдээж энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг байсан. Энэ кинонд би Монгол эмэгтэй хүнийг чадан ядан харуулахыг хичээсэн. Кинонд тоглох саналыг гавьяат жүжигчин О.Бат-Өлзий, түүний эхнэр Ардын жүжигчин С.Сарантуяа нар надад тавьсан. Би очиж уулзаж, зохиолоо аваад маш их сэтгэл хөдөлж, айж байлаа. Кино маань маш сайхан уран бүтээл болсон. Ер нь шинэ уран бүтээл болгон намайг сорьж байдаг. Өөрийгөө өөр өнцгөөр харуулах дандаа шинэ боломж байдаг учир би энэ кинонд тоглосон.
-Таны анхны түүхэн киноны зураг авалт шүү дээ, хэр хүнд байсан бэ?
-Түүхэн кино ер нь маш их хүнд байдаг. Дээрээс нь маш олон цэрэг, дандаа эрчүүдийн тухай, дандаа дайн байлдаантай ийм кино болсон. Миний хувьд бол мэдээж бэрхшээл байлгүй яах вэ. Бидний мэргэжил энэ бүхнийг давж гарч, эрж туулж, эр зориг гаргахыг л шаарддаг, тэгэхээс ч өөр аргагүй. Энэ уран бүтээлийн ард би их ядарсан, зовсон гэж хэлэх эрх надад байхгүй. Ямарваа нэг авсан дүрдээ эзэн болж, өөрийнхөө чадварыг үзэгчдэд харуулж, тэндээс үзэгчид намайг дүгнэх учраас ямар ч хэцүү байсан мэдээж даваад л гарна шүү дээ.
-Танд тоглохыг хүсдэг дүр бий юү?
-Мэдээж тийм хүсэл байлгүй л яах вэ. Гэхдээ надад түүхэн киноны санал их ирдэг. Энэ дундаас Монголын кино урлагт бол маш гоё түүхэн сэдэвтэй, улс эх орон, эр зоригт баатар эрчүүд, хацар гоо хатдын тухай кино хийгдэж байгаа байх. Энэ кинонуудад өөрийгөө ажиллах байх гэж бодож байгаа.
- Цаашид ямар уран бүтээл дээр ажиллахаар төлөвлөж байна даа?
-Маш олон киноны санал ирж байгаа. Киноны баг бүрэлдэхүүн чухал байдаг. Тиймээс түүнийг харж байгаад, мөн өөрт таарсан дүрийг харж байгаад дараагийн уран бүтээлээ сонгоно. Ер нь би аливаа уран бүтээлд орохдоо өөрийгөө тухайн дүрд тоглож чадах уу, үгүй юү гэдгээ үзэж, зохиолоо уншиж байгаад ордог доо.
-Хүн бүр мөрөөдөл, хүсэл зорилготой байдаг. Харин таны ирээдүйн зорилго юу вэ?
-Бүх л хүн урдаа зорилготой. Надад ч гэсэн хүссэн зорьсон, тэрэнд л нэг хүрчих юмсан гэдэг зорилго байдаг.
-Олон бүсгүй танд цагаахан атаархаж явдаг. Та галбиртаа хэрхэн анхаарал хандуулдаг вэ?
-Би хоолны дэглэм барьдаггүй. Манайхан удмаараа туранхай хүмүүс байдаг. Надад аав ээжээс заяасан өв тэгш бие, орчлонгийн сайхан бүхнийг харах хөөрхөн нүд байна. Энэ болгоныг баярлаж хүлээж авдаг. Тэрнээс биш энийгээ ингэчих юмсан, тэрийгээ тэгээд янзлуулчих юмсан гэсэн бодол байдаггүй.
-Хүү тань энэ жил гуравдугаар ангид орсон. Анх ээж болоход ямар мэдрэмж төрж байв?
-Эх болно гэдэг хамгийн сайхан зүйл. Үр хүүхэдтэй, сайхан хань ижилтэй, олуулаа бөөнөөрөө инээлдээд өсөх шиг сайхан зүйл юу байх вэ. Бусдын л адилаар би сайхан ээж болсон. Бид тэр сайхан мэдрэмжийг авах гэж л энэ орчлонд ирсэн мэт санагддаг.
-Би таныг их шударга гэж сонссон?
-Ер нь хүний үнэнийг хэлсэн хүн найз нөхөдгүй байдаг, жаахан адлагддаг. Ийм зүйл мэр сэр гарч л байдаг. Тэглээ гээд би хэн нэгэнд хоёр нүүр гаргаж чаддаггүй юм. Хүн байгаагаараа байх хэрэгтэй гэж боддог. Таалагдвал таалагдана л биз таалагдахгүй бол тэр биз гэж боддог доо.
Р.Хишигжаргал Эх сурвалж:24tsag.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ