П.Орхон сэтгэл санааны хүнд дарамтад оржээ
Азийн зуны наадамт оролцож, алтан медаль хүртээд байгаа гавьяат тамирчин П.Орхоны допингийн шинжилгээгээр сэргээш илэрсэн гэх мэдээлэл өнгөрөгч Баасан гаригт Монголын хэвлэлүүд болон олон нийтийн сүлжээнд гэрлийн хурдаар тарж эхэлсэн. Тэрбээр уг наадамд ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга Кыргызстаны Айсулуу Тыныбековаг цэвэр ялснаар алтан медалийн эзэн болсон юм. Хамгийн хачирхалтай нь байнга тэмцээн уралдаанд орж шинжилгээ хийлгээд явж байсан тамирчнаас гэнэт яагаад допингийн хамгийн хүчтэй төрөл илрэх болов гэх асуудал хариулт нэхэж байна. Одоогоор спортын холбоод албан ёсны байр сууриа илэрхийлээгүй, П.Орхон өөрөө ч ам нээгээгүй байгаа юм.
Энэ талаар лавлахаар П.Орхоны дасгалжуулагч Ц.Хосбаяртай холбогдоход “Би өөрөө Жакарта руу хамт яваагүй болохоор мэдээлэлгүй байна. Ямартай ч чөлөөт бөхийн холбоо болон, П.Орхоныг авч явсан дасгалжуулагч нар одоог хүртэл надтай холбогдоогүй.
П.Орхон маань сэтгэл санааны хүнд дарамтад байгаа. Намайг твиттерт допингийн асуудалд С. Батцэцэгийг хардаж байна гэх мэдээлэл яваад байна. Гэхдээ энэ бол худал мэдээлэл. Би дээрх явдлын учрыг олоогүй байж хэн нэгнийг буруутгахгүй” гэв. Түүнээс Азийн наадамд П.Орхонтой хамт явах боломж байсан эсэхийг асуухад “Энэ талаар яримааргүй байна" гэх хариултыг өглөө.
Харин Чөлөөт бөхийн холбоо “Бид нар одоохондоо ямар ч мэдээлэл өгөх боломжгүй байна. Олимпийн хорооноос асуу” хэмээв. Тэдний зүгээс Жакарта руу П.Орхонтой хамт явсан үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулгатай холбож өгөхийг хүсэхэд мөн л татгалзсан хариуг өгсөн юм. Үүнээс харахад хэн хэн нь түрүүлж ам нээхийг хүсэхгүй байгаа бололтой.
Азийн допингийн холбоо П.Орхоны алтан медалийг хураана гэсэн ч дээрх асуудал яг ч батлагдчихаагүй байгаа юм. П.Орхоны зүгээс “Би допингийн төрлийн зүйл хэрэглээгүй, хүмүүс намайг хорлосон байна надад нотлох баримт бий” гэсэн боловч Азийн допингийн холбоо тэр асуудлыг хүлээж аваагүй юм. П. Орхоныг барилдахын өмнөх өдөр нэр бүхий эмэгтэй тамирчин түүнд “Гаа” хэмээн эм шиг зүйл өгч түүнд хоол хүртэл хийж өгсөн тухай тамирчид өөр хоорондоо ярьж байгаа аж. Хэрэв тамирчдын хардаж байгаачлан П.Орхонд өгөөмөр зан гаргасан эмэгтэй тамирчин түүнд идэх юмаар нь дамжуулан түүнийг хорлосон бол яах вэ?
Эх сурвалж:news.mn Э.БУРАМ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ