М.Билэгт: Хавдрын эмнэлгийн барилгыг төр авна гэвэл би татгалзахгүй
УИХ-ын гишүүн М.БИЛЭГТТЭЙ ярилцлаа.
-Таныг хувийн эмнэлгээ төрд шахах гэж байна гэсэн мэдээлэл гараад эхэллээ. Ер нь эмнэлэг барих санаа хэдийд төрсөн юм бэ?
-Эрүүл мэндийн салбарын эрдэмтэн, судлаачид 2014 оны тавдугаар сард төрийн гурван өндөрлөгт хандан "Монгол Улсын хавдрын өвчтэй иргэний тоо 300 мянгад хүрлээ. Энэ өвчин үндэсний аюулгүй байдалд харанга дэлдэж байна. Тиймээс төр үүнд анхаарлаа хандуулаач" гэсэн захидал илгээсэн байдаг. Үүнээс дөрвөн жилийн өмнө буюу 2010 онд гаднын орнуудад өндөр зардлаар эмчүүлж байгаа иргэдийг хөгжилтэй орны жишигт нийцэх оношилгоо, эмчилгээнд Монголдоо хамруулах нөхцөлийг бүрдүүлэхэд би хувь нэмрээ оруулах юмсан гэдэг үүднээс жирийн иргэн байхдаа хавдрын эмнэлэг барих төслийг санаачилсан юм. Хамгийн гол нь, хөгжилтэй орны оношилгоо, эмчилгээний менежментийг нэвтрүүлэхийг зорьсон.
Ингээд Монголын эрүүл мэндийн стандартыг хангасан барилгын зураг төслийг хийлгүүлэн барилга эхлэх зөвшөөрлөө авч, 2012 онд ажлаа эхлүүлсэн. Б1 давхартайгаа нийлээд 13 давхар, 11 мянган ам метр талбайтай зураг төсөл байсан. Барилга барьж эхлээд япончуудад хандан "Монголд Японы эрүүл мэндийн менежментийг нутагшуулж өгөөч" гэсэн хүсэлтийг тавьсан. Гэтэл япончууд миний том гэж үзсэн барилгыг авч хэлэлцээгүй. "Японы стандартыг хангах эмнэлгийн барилга биш байна. Урсгал төлөвлөлтийг зөв хийгээгүй байхад эмнэлгийн ямар ч том барилга байлаа гээд зүгээр л "араг яс" болно гээд авч хэлэлцээгүй. Тиймээс "Японы эрүүл мэндийн стандартыг хангасан барилга барьчихвал Монгол Улсын хөгжилд тэр тусмаа, уналтад орсон эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулж чадах юм байна" гэж бодож гол зорилтоо тавьсан. Манайд жилдээ 6000 иргэн шинээр хавдрын өвчнөөр оношлогдож байна. Үүний 70 хувь нь хожимдож буюу III, IV үедээ оношлуулж, тухайн жилдээ хорвоогоос хальж байна. Тиймээс эрт оношилж, төгс эмчлэх менежментийг Монголд нутагшуулахын тулд энэ төслийг эхлүүлж, 20 орчим жил хуримтлуулсан бүх хөрөнгөөрөө дэнчин тавьж, арилжааны банкнаас зээл авч барилгын ажлаа эхлүүлсэн юм.
-Таны бариулж байгаа эмнэлгийн барилгыг Хавдар судлалын үндэсний төв болгоё гэдэг санал гарч байна. Та эмнэлгийн барилгыг улсад өгөх үү?
-Эрүүл мэндийн яамнаас бэлэн болсон эмнэлгийн барилгыг "Хавдар судлалын үндэсний төвийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэхэд хэрэгтэй" гэж үзээд улсад авах саналыг тавьж байгаа. Би үүнд татгалзсан хариу өгч чадахгүй. Яагаад гэвэл, Эрүүл мэндийн хуульд "Хавдрын өвчтэй иргэний эмчилгээг төр хариуцна" гэж заасан байдаг. Энэ утгаараа хавдрын өвчтэй иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ хямд хүрэх ёстой. Тиймээс төр авья гэвэл би татгалзахгүй. Гэхдээ аваач гээд явах шаардлага байхгүй. Миний зорилго эхнээсээ их зардлаар гадаадын хөгжингүй орнууд руу явж эмчлүүлж байгаа хавдартай иргэдийг Монголдоо хямд зардлаар оношилгоо, эмчилгээнд хамруулах байсан учир үүнийхээ дагуу үйл ажиллагаа явуулна.
-Эмнэлгийн барилгыг хэзээ ашиглалтад оруулах вэ?
-Эхний ээлжийн 120 ортой эмнэлэг өдөртөө 500 хүнд амбулаториор үйлчилж, жилдээ 50 мянган өвчтөнийг хүлээн авч хэвтүүлэн эмчлэх хүчин чадалтай. Барилгыг энэ сарын сүүлчээр улсын комисст хүлээлгэж өгөхөөр төлөвлөж байна.
-Эмнэлгийн барилгыг төрд өгөхгүйгээр шийдвэл Японы багтай хамтарч ажиллана гэж ойлгож болох уу?
-Барилгаа дуусгасны дараа Японы эрүүл мэндийн менежментийн баг тоног төхөөрөмжтэйгөө орж ирэх боломжтой болж байгаа юм. Гэхдээ япончууд манайхыг гурван жил хүлээсэн. Энэ хугацаанд хэлтэс хүртэл байгуулсан байдаг. Гэвч 2016 онд татан буулгасан. Ер нь Японы талтай дахин харилцаагаа сэргээх талаар өнгөрсөн зургаадугаар сарын сүүлчээр хүсэлт явуулсан. Одоогоор хариу өгөөгүй байна.
-Нэлээд удаан хугацаанд барьж байна. Яагаад ингэж удаашрах болов. Өргөтгөлийн барилгын ажлын явц хэр байна вэ?
-Шүүхийн шийдвэр, хүмүүсийн эсэргүүцлээс шалтгаалан хоёр, гурван жил ажил нь гацсан. Өнгөрсөн оны сүүлчээс л асуудлыг шийдэж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Мэдээж сүүлийн үеийн техник хэрэгслээр тоноглогдох учраас барилга нь тийм хэмжээний стандарттай байх ёстой. Хүчин чадал сайтай, сүүлийн үеийн техник хэрэгсэл, нарийн мэргэжлийн шинжилгээний аппаратыг байрлуулахад 11 мянган ам метр багаддаг юм байна. Ийм хэмжээний талбайтай эмнэлгийн барилгад сүүлийн үеийн үнэтэй тоног төхөөрөмж суурилуулж, менежментийн баг эрүүл мэндийн уйлчилгээг хямд өртгөөр явуулахад учир дутагдалтай. Эмнэлгийн барилгын цогцолбор том байх тусмаа эрүүл мэндийн төрийн үйлчилгээ хямд өртөгтөй болох боломж бүрддэг гэсэн зөвлөгөөний дагуу өргөтгөлийг барьж эхлүүлсэн юм. Тийм учраас энэ эмнэлгийн хоёрдугаар салбар болгож 26 мянган ам метр талбай бүхий 16 давхар буюу өмнөхөөсөө 2.5 дахин их багтаамжтай, хүчин чадал сайтай өргөтгөлийн барилгыг ирэх оны сүүлч, 2020 нэгдүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
-Та тойрогтоо нэлээд идэвхтэй ажиллаж байгаа харагдсан. Малчдын нөхцөл байдал ямар байна вэ?
-Чуулган завсарласнаас хойш тойрогтоо ажиллаж, бүх сум, зарим багаар орж иргэд, малчидтайгаа уулзаад ирлээ. Өнгөрсөн онд бороо хур бага орсноос улсын хэмжээнд өвс, ногооны ургац муу байсан. 2017-2018 онд шилжих өвөл сүүлийн 10 гаруй жил болоогүй хүйтэн болсон. Тиймээс өнгөрсөн намар малчид хуц, ухнаа тавиагүй. Өөрөөр хэлбэл, мал жил өнжиж төллөвөл жилбэ нь сайжирдаг юм байна. Тиймээс энэ онд мал төллөлт маш бага байх нь. Манай говьд өнгөрсөн хавар ногоо ургаагүй гандуу байснаас мал өлдөж, хавраас хойш малчид отор, нүүдлээр явж байна. Одоо л бороо хур элбэгшиж, зуны эхэн сар шиг сайхан болж байгаа учир малчид нутаг руугаа эргэн ирж, малчдын сэтгэл сэргэж, малын зоо нуруу тэнийсэн ийм сайхан үед нь малчидтай уулзаад ирлээ. Малчид, иргэддээ УИХ, Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулж, тэднийхээ санал бодлыг сонсч, сонирхсон асуултад нь хариулт өглөө.
-Малчдын зүгээс ямар асуудлыг илүү хөндөж байна вэ. Төрөөс малчдаа дэмжих талд ямар бодлого хэрэгтэй байна вэ?
-Монгол Улсын эдийн засгийг солонгоруулахад мал аж ахуйн салбар хэрэгтэй гэдгийг цаг хугацаа харуулж байна. Зөвхөн уул уурхайгаас хамааралтай байхад эдийн засаг сэргэдэггүйг бид ойлгосон. Мал аж ахуйн салбар Монголын эдийн засгийн үндэс суурь гэдгийг 20 гаруй жилийн дараа харлаа. Яагаад гэвэл, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед буюу 20-оод жилийн өмнө манай улсад гутал, оёдол, сүлжмэл, шевро, арьс ширний үйлдвэр бүгд байсан. Тэр үед олон зуун иргэн ажлын байртай байлаа. Гэтэл зах зээлд шилжиж үйлдвэрүүдээ хувьчлахыг нь хувьчилж, бүгд дампуурсан. Харин тэр үед малын тоо толгойг 25 саяд хүргэхээр таван жилийн төлөвлөгөөндөө оруулдаг байсан ч хүрч байгаагүй. Гэтэл зах зээлийн өнөө үед малын тоо толгой 60-70 саяд хүрчихлээ. Хөгжингүй орнуудад бэлчээрийн мал аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүн гэдэг үнэхээрийн хэрэгцээтэй зүйл. Олон орон гэлтгүйгээр зөвхөн Өвөрмонгол руу малын түүхий эд, бүтээгдэхүүнээ гаргах гарцыг хайх ёстой. Ингэж чадвал малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнэ өсөхийг дагаад жижиг бизнес эрхлэгчдийн борлуулалт сайжирна. Малчид малаа өсгөөд 60, 70 сая болгочихлоо. Тэгвэл төр үүнийг анзаарч гадаад зах зээлд чухам юуг нь гаргах боломж байгааг нээж өгөх ёстой. Малчны хотонд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний үнийн өсөлт бууралтаас Монгол Улсын нэг сая иргэний амь амьжиргаа шалтгаалж байна. Хэрэв малчид биеийн амрыг бодоод төв суурин газар руу шилжиж эхэлбэл Монгол Улсын хүн амын гол хүнсийг төр хангахад хэцүү болно. Тиймээс цаашид төрөөс мал аж ахуйн салбараа хөгжүүлэхэд, тэр тусмаа малыг эрүүлжүүлэхэд анхаарах нь чухал. Энэ бол зөвхөн малчдыг дэмжиж байгаа бус нийт иргэдээ эрүүл хүнсээр хангахад анхаарч байгаа хэрэг. Хоёрдугаарт, төр залуу малчдаа дэмжихэд онцгойлон анхаарах ёстой. Залуучууд нь бүгдээрээ төв суурин газар очоод ажилгүй, орлогогүй байж болохгүй. Үүнд төр зохицуулалт хийж бодлогоор дэмжих хэрэгтэй байна. Малын эмч, зоотехникч, мал эмнэлгийн салбарт ажиллах боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарвал иргэдээ ажлын байртай болгох төдийгүй Монгол Улсынхаа гурван сая иргэнийг гол хүнсээр нь хангаж чадна.
-Таны хэлснээр эдийн засгийг солонгоруулахад мал аж ахуйн салбар хэрэгтэйг хаа хаанаа ярьж байна. Үүний тулд махаа экспортод гаргах нь чухал гэдгийг ч хэлж байгаа. Гэтэл бодитой хийсэн зүйл харагдахгүй байх шиг?
-Удахгүй бодитой ажил хэрэг болно. УИХ-аас Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик, нөөцийн тухай хуулийг шинэчлэн найруулж, баталсан. Хуулийг 2018 оны зургаадугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлээд, мал эмнэлгийн салбараа төр босоо тогтолцоогоор байгуулчихлаа. Малын эрүүл мэндийн салбарыг төр хариуцаад эхэлж байгаа учир ирэх оны сүүлч гэхэд мал аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд төрийн дэмжлэг бий болно. Дээр нь хил, гаалиар малын махыг гаргах нөхцөл бүрдэнэ. Манай хоёр хөрш мал нь өвчтэй болохоор мах авч чадахгүй гээд байгаа. Гэтэл Монгол Улсын иргэд өөрсдөө юу идээд байгааг бодох ёстой. Малчид түүхий эд, бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлийг бий болгооч гэж төрөөс хүсч байна. Үүнд Засгийн газраас нэлээд анхаарч байгаа. Тухайлбал, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд манай улсад айлчилсан. Энэ үеэр малын мах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлийн талаар нэлээд ярилцсаны дүнд гарцыг нээж байх шиг байна. Энэ намраас хэрэгжүүлээд эхэлнэ гэж ойлгосон.
М.Энхцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ