Монгол, Хятадын цэрэг оролцох нүсэр том байлдааны сургуулилалтын товыг ОХУ зарлалаа

Өчигдөр ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу 1981 оноос хойш тус улсад зохион байгуулагдах хамгийн том байлдааны сургуулилалтын товыг зарлалаа.

Уг нүсэр арга хэмжээнд Хятад, Монголын цэрэг, техник оролцох ажээ.

Восток-2018 гэж нэрлэж байгаа сургуулилалтад 1,000 гаруй нисэх онгоц, 300,000 цэрэг, 900 танк, Оросын төв болон зүүн цэргийн тойргийн бараг бүх анги нэгтгэлүүд, Хойд болон Номхон далайн флотууд оролцох гэнэ. Мөн нийтдээ 36,000 танк, хуягт тэрэг, машин механизмын байлдааны бэлэн байдлыг уг сургуулилалтын үеэр шалгана гэж Шойгу мэдээлжээ.

Хятад, Монголын талаас хуурай замын цэргүүд, нисэх онгоц, нисдэг тэрэг оролцох гэнэ. Восток-2018 есдүгээр сарын 11-ээс 15-ны хооронд зүүн Сибирь, Алс Дорнодын бүс нутагт үргэлжилнэ.

Хүйтэн дайны үеэс хойш хамгийн том байлдааны сургуулилалтыг зохион байгуулах болсон шалтгааныг “олон улсын хэмжээнд зөрчил тэмцэл хурцдаж, манай орон руу түрэмгий, найрсаг бус хандлага гаргах нь нэмэгдэж байгаа”-гаас үүдэлтэй гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч тайлбарлажээ.

 

Эх сурвалж: BBC, New York Times

  ikon.mn

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ