Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн хэн нь хэн бэ?
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга 2017 оны 7 сарын 10-нд Төрийн ордны их танхимд тангаргаа өргөснөөр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Тэрбээр энэ үедээ Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглаж байсан юм.
Ерөнхийлөгч Х.Баттулгын нэг жилийн үйл ажиллагааг дүгнэх эсэхээ түр хойш нь тавьж, түүний албан ёсны багийнхан буюу Ерөнхийлөгчийн Тамгын Газрын удирдлага, зөвлөхүүдийн хэн нь хэн болох тухай асуултанд хариулт эрцгээе.
Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд.
1984 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн дунд сургууль,1989 онд ОХУ-ын Уралын Политехникийн дээд сургууль Автоматик телемеханикийн инженер мэргэжлээр, 1996 онд Монгол Улсын Их Сургууль Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
2004 онд АНУ-ын Денверийн Их Сургуульд ОУ-ын Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
1989-1991 онд “Монел” фирмд инженер, 1991-1993 онд “Эрэл” ХХКомпаний захирал, 1993-1996 онд “Интер” ХЭАА ХХКомпанид захирал,
1996-1999 онд Төрийн өмчийн хорооны дарга,
1999-2000 онд УИХ-ын даргын зөвлөх,
2000-2001 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга,
2004-2005 онд Төрийн өмчийн хорооны дарга,
2005-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын дарга, 2014-2016 онд АН-ын даргаар ажиллаж байсан юм.
Монголын Социал Демократ Нам, тус намын дарга Р.Гончигдоржтой холбогдон, их улс төрд орж байсан.
АН дахь "Шонхор" фракци буюу Ардчилсан Хүчний Холбооны удирдагчдын нэг.
З.Энхболд зоримог, өөрийн зөв гэж бодсон зүйлдээ эрс хатуу байж чаддаг, аливаа асуудлын детальд ч биечлэн оролцдог хувь хүний онцлогтой. Мэдээллийн технологийн хөгжлийг ихэд сонирхдог. УИХ-ын даргаар ажиллаж байх үедээ одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай Тавантолгойн ордыг ашиглах хэрхэн ашиглах вэ? гэдэг асуудал дээр ихээхэн санал нийлдэг байв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга - Төсвийн шууд захирагч Г.Байгалмаа.
1994 онд Нийслэлийн 10 жилийн 38-р сургууль,
1999 онд Отгонтэнгэр их сургууль,
2011 онд Нийгмийн ухааны Либерти дээд сургууль тус тус төгссөн.Олон улсын эрхзүйч.
2002-2006 ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газар ахлах байцаагч,
2006 оноос 2012 он хүртэл МоАХ-ны Удирдах Зөвлөлийн нарийн бичгийн даргаар,
2012-2016 онд Барилга хот байгуулалтын дэд сайдаар, 2016 онд УИХ-ын даргын Ипотек, барилгын салбар хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан.
Г.Байгалмаа нь Ерөнхийлөгч Х.Баттулгын "баруун гар", хамгийн итгэлт хүмүүсийнх нь нэг бөгөөд түүнийг МоАХ-ы дарга болсноос хойш албан ёсоор шадарлаж, нарийн бичгийн даргаар нь ажиллаж байв. УИХ-ын 2016 оны сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвшин, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдоржид ялагдсан. Улсын Заан Ч.Гочоосүрэнгийн охин. МоАХ фракцийнх.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга - Бодлого, үйл ажиллагааны менежер Б.Саруул.
Батлан хамгаалахын их сургуулийн бэлтгэл офицерийн ангийг дэслэгч цолтойгоор төгссөн.
“Талх Чихэр” ХК, “Мах Импекс” ХК-иудын менежмент хариуцсан газрын Маркетингийн албаны дарга, Улсын Их Хурлын гишүүний Зөвлөх, Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн Сайдын Зөвлөх, Хууль зүйн байнгын хорооны даргын туслах, Нийслэлийн АН-ын Улс төрийн ажилтнаар тус тус ажиллаж байсан.
Ерөнхийлөгч Х.Баттулгын хувийнх нь компанид хүртэл ажиллаж байсан, итгэлт хүмүүсийнх нь нэг. Ардчилсан Намын өсөх ирээдүйтэй залуусын нэг, МоАХ фракцийнх.
Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг.
1958 онд Увс аймгийн Улаангом хотод төрсөн.
1981 онд МУИС-ийн биофизик, физикийн багшийн мэргэжлээр төгссөн. Физикч.
1981 – 1990 онд МУИС-ийн ФМФ-ийн Биофизикийн тэнхимд багш,
1990 – 1992 онд МСДН-ын Нарийн бичгийн дарга,
1992 – 1994 онд “Энэ өдөр” ББХКомпанид Захирал,
1994 – 1996 онд МСДН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга,
1996 – 2000 онд Монгол Улсын их хурлын гишүүн,
1998 – 1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөө Аж Ахуй, Үйлдвэрийн сайд,
1999 – 2000 онд Монгол Улсын их хурлын Аюулгүй Байдал Гадаад Бодлогын Байнгын Хорооны дарга,
1999 – 2000 онд МСДН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга,
2000 – 2001 онд Ардчилсан намын СХДүүргийн АН-ын дарга,
2001 – 2003 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга,
2004 – 2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд,
2006 – 2008 онд Монгол Улсын Их Хурал дахь АН-ын Зөвлөлд зөвлөх,
2008 онд Ардчилсан нам Бодлогын зөвлөлийн дарга,
2008 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2008 – 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Тэргүүн шадар сайд,
2008 – 2014 онд Ардчилсан намын Дарга,
2012 – 2014 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 2012 – 2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016 оноос “Хөгжил – Ардчилал” ТББ-ын Тэргүүнээр ажиллаж байсан.
Монгол Улсын Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд.
Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байх үедээ "Чингис" тэргүүтэй бондыг олон улсын зах зээл дээрээс босгож, Монгол улсыг их хэмжээний өрөнд оруулсан гэх буюу их бүтээн байгуулалт хийсэн гэх хоёр туйлт тайлбар байдаг. Н.Энхбаяр, Р.Гончигдорж нарын байгуулсан "Алтангадас" фракцийн үлдэгдэл болох жижиг "Алтангадас" гэх фракцийн удирдагч гэлцдэг. МСДН-ын угшилтай.
Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Г.Тэгшжаргал.
1996 онд ОХУ-аас БНПУ-д суугаа ЭСЯ-ны дэргэдэх дунд сургууль,
2006 онд ХБНГУ-ын Потсдамын Их сургууль, Улс төр судлал, Англи хэл, соёл судлал, Захиргааны хуулийн магистр.
2007 – 2010 онд ГХЯ-ны Европын газар, атташе,
2010 – 2013 онд Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ-нд III, II нарийн бичгийн дарга,
2013 – 2015 онд ГХЯ-ны Европ, Ойрхи дорнодын газрын II нарийн бичгийн дарга,
2015 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын дэд захирал
2015 – 2016 онд ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал,
2016 онд ГХЯ-ны Америк, Ойрхи дорнод, Африкийн газар, дэд захирал,
2017 онд ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газар, зөвлөхөөр ажиллаж байсан.
Нам бус боловч АН-ыг эрх барьж байх үед л Гадаад Харилцааны яаман дахь карьер нь эхэлсэн байдаг. Гадаад харилцааны салбарын өсөх ирээдүйтэй залуу боловсон хүчин.
Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан.
МУБИС-д суралцаж байсан.
“Ардын эрх”, "Өнөөдөр", "Өдрийн сонин" сонинд сэтгүүлч, Монголын Хүүхэлдэйн Театрын захирлаар ажиллаж байсан.
Ц.Хулан нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, ТЕГ-ын дарга Б.Хурц нарыг илтэд дэмждэг, ил тод түүнийгээ зарладаг байсан ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгууль эхэлснээс хойш хэсэг хугацааны дараа Х.Баттулгыг дэмжигч болсон. Монгол Ардын Намын гишүүн. Яруу найрагч, "Болор цом" наадмын хошой шагналт, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн.
Нийгэм, улс төрийн нийтлэл, ярилцлага, өрнө болон дорнын утга зохиолын судалгаа, шүүмж, хувь хүмүүсийн намтар, орчуулга, жүжиг яруу найргийн арав гаруй ном бичиж хэвлүүлсэн.
Монголын нэрт яруу найрагч Д.Цоодолын охин.
Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа.
1996 онд Нийслэлийн тэргүүний 1 дүгээр дунд сургууль,
2002 онд Монгол Бизнес Дээд Сургууль,
2007 онд Удирдлагын Академийн Нийгмийн Удирдлагын Сургууль төгссөн.
Бизнес удирдлагын мэргэжилтэй.
2004 он –2012 онд “ЦЭНАН” ХХК-ийн гүйцэтгэх захирал,
2012 онд Нийслэлийн Засаг даргын Үйлдвэрлэл , экологийн асуудал хариуцсан Орлогч дарга,
2012 он – 2017 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой их ойр, ойлголцож ажилладаг байсан.
Ерөнхийлөгчийн хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа.
1990 онд Хөнгөн Хүнсний Аж Үйлдвэрийн техникум,
2000 онд Улаанбаатар Эрдэм дээд сургуулийг Бизнесийн удирдлагын менежер, эдийн засагчаар,
2007 онд Удирдлагын академийг Нийгмийн удирдлагын менежерээр тус тус төгссөн.
2004-2008 онд УИХ гишүүн Э.Бат-Үүлийн бие төлөөлөгч,
2009-2012 онд УИХ гишүүн С.Эрдэнийн бие төлөөлөгч, туслах,
2008-2012 онд БГД ИТХ-ийн төлөөлөгч,
2012-2016 онд АМХЭГ-ын дэд дарга,
2017 онд Ардчилсан намын ХЭГ-ын даргаар ажиллаж байсан.
АН-ын дарга С.Эрдэнийн "баруун гар", хамгийн итгэлт хүмүүсийнх нь нэг. АН дахь "Шонхор" фракцийн төлөөлөл.
Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга.
1993 онд Нийслэлийн 10 жилийн 40 дүгээр дунд сургууль,
1999 онд Дорно дахины дээд сургууль Сэтгүүлч мэргэжлээр,
2009 онд Хүмүүнлэгийн ухааны их сургууль Орчуулагч мэргэжлээр тус тус төгссөн.
1998 – 2001 онд Ийгл телевизэд нэвтрүүлэгч, сурвалжлагч, парламентын сурвалжлагч, редактор,
2000 оноос эхэлсэн нийгмийг шинэчлэх зорилготой иргэний хөдөлгөөний үүсгэн байгуулагч, анхдагчдын нэг, 2001 – 2004 онд Ардчилсан намын олон нийттэй харилцах хэлтэст,
2004 – 2009 онд “Монгол таймс” сонины эрхлэгч,
2009 – 2010 онд Улс төрийн сонины эрхлэгч, 2010 – 2011 онд Монгол Үндэсний Ардчилсан Намын ерөнхий нарийн бичгийн дарга,
2012 – 2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр, 2016 онд Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Намын даргаар ажиллаж байв.
Түүний Х.Баттулга, Ж.Батзандан, О.Магнай, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Г.Баасан нартай хамтран өрнүүлсэн олон жилийн тэмцэл Монголын улс төрийн амьдрал, олон нийтийн санаа бодолд нийгмийн шинэчлэлийн үзэл санаа, баялгын үндэсний үзэл, МАНАН дэглэмийн сөрөг нөлөө, Үндсэн хуулийн өөрчлөлтэй холбоотой тодорхой хэмжээний өөрчлөлт авчирч чадсан гэж судлаачид үздэг.
Намын гишүүн бус.
Ерөнхийлөгчийн Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Ц.Эрдэнэбат.
1992 онд Улаанбаатар хотын Технологийн дээд сургууль,
1996 онд Сингапурт Мэдээллийн удирдлагын системч,
2008 онд АНУ-д Бизнесийн удирдлагын бакалавр,
2011 онд Денверийн Их сургуульд Олон улсын улс төр, эдийн засаг судлалын магистраар төгссөн.
Монголын хөрөнгийн биржид Гадаад харилцааны референт
Сангийн яаманд Сангийн сайдын туслах, ахлах эдийн засагч
Азийн санд ахлах ажилтан
Нэгдсэн Үндэстний байгууллагад Ази, номхон далайн бүсийн нийтлэг үйлчилгээний эксперт, нийтлэг үйлчилгээний зохицуулагч
АНУ дахь “Эксперт консалтинг” компанид зөвлөх, захирал
“Орика Монгол” компанийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан.
Ерөнхийлөгчийн Хэвлэл, Мэдээллийн Албаны дарга Ж.Цэсэн.
УБИС, Удирдлагын академи, АНУ-д International Language instituteд тус тус суралцсан.
Сэтгүүлч, утга зохиол судлаач мэргэжилтэй. Уран зохиол, Төрийн удирдлагын магистр, англи хэлтэй.
“Мянганы зууч” сонинд сэтгүүлч, редактор, орлогч эрхлэгч,
МоАХ-ы “Ардчилал" сонинд Эрэн сурвалжлах албаны дарга, тоймч
ЗТБХБЯ-д Сайдын Хэвлэлийн төлөөлөгч
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд Сайдын Хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулгатай 10 гаруй жил хамтран ажиллаж буй итгэлт хүмүүсийнх нь нэг.
Ерөнхийлөгч Х.Баттулгын албан ёсны багийнхан буюу ЕТГ-ын удирдлага, орон тооны зөвлөхүүдийнх нь 7 нь Ардчилсан Намын гишүүн, 1 нь Монгол Ардын Намын гишүүн байгаа бол 3 нь нам бус байна. Ардчилсан Намын гишүүдийн дийлэнхи нь "МоАХ", "Шонхор" фракцийнх байна.
Бэлтгэсэн: П.Мандах Эх сурвалж:sonin.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ