Х.Энхжаргалын СӨРСӨН БАЗАА

АТГ-аас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хандлаа. Ингэхдээ УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй гишүүдэд хуулийн хариуцлага тооцохыг байнгын хорооноос хүсэв. АТГ-ын гомдолд “... УИХ-аас томилогддог албан тушаалтныг огцруулах, түүнийг томилсон УИХ-ын шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага гаргах нэрээр улс төрийн дарамт, шахалт үзүүлэн, ёс зүйгүй үйлдлийг удаа дараа гаргаж байгаа тул...” хэмээн дурджээ.

Наадмын өмнөхөн Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлсэн. УИХ-ын 25 гишүүний гарын үсэгтэй албан шаардлагын хугацаа өнөөдөр дуусгавар болж буй. Шаардлагыг хүлээн авснаас хойш 14 хоногийн хугацаанд ээлжит бус чуулганыг зарлах хуралдуулах хуулийн заалттайг тухайн үед УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэлж байв.

 

Харин энэ ээлжит бус чуулганаар улс орны эрх ашигтай холбоотой хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, нээлттэй сонсгол явуулах шаардлагыг тавьсан. Чухал хэмээн тодотгосон тэр асуудлууд дунд АТГ-ын дарга Х.Энхжаргалын суудал багтсан. “Авлигыг замхаруулдаг, авлигачдыг хаацайлдаг, авлигатай тэмцэх байгууллагыг удирдах ёс суртахуунгүй” гэх шалтгаанаар Х.Энхжаргалын суудлын асуудал парламентын танхимд очсон нь энэ. Эл шаардлагад Х.Энхжаргал хариу арга хэмжээ авч, гарын үсэг зурсан гишүүдийг хууль зөрчсөн үндэслэлээр хариуцлага тооцуулахаар байнгын хороонд гомдол хаяглалаа. АТГ-ын гомдолд “Хуульд зааснаас бусад ямар ч үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын даргыг огцруулах, чөлөөлөх эрх УИХ-ын гишүүн төдийгүй бусад хэн нэгэн этгээдэд олгогдоогүй тул дээр дурдсан үндэслэл нь хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа...” хэмээн Л.Оюун-Эрдэнэ тэргүүтнүүдэд сануулга өгөв.

 

АТГ-ын даргын суудлын асуудалд “За яахав ээ, яахав” хэмээн хэнэггүйтэж байсан Х.Энхжаргал энэ удаа илүү буурьтай хандахаар шийджээ. Байнгын хороонд гомдол гаргаж, хуулийн хамгаалалт хүслээ. УИХ-ын дарга М.Энхболдын томилгооны хүн, энэ парламентын үед АТГ-ыг удирдах баараггүй эрхтэй хэмээн том суусан түүнийг УИХ-ын 25 гишүүний шаардлага сандаргав бололтой.

 

Х.Энхжаргалын суудал багагүй хугацаанд дэнжигнэж байгаа. Ерөнхийлөгч УИХ-ын даргад ээлжит бус чуулганыг хуралдуулахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн албан бичигтээ  Х.Энхжаргалын нэрийг дурдсан. Тэрбээр “Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын ажиллах хугацаанд авлигатай тэмцэх үйл ажиллагаанд гарсан ахиц дэвшил, өмнө хүрсэн амжилт эрс буурч, үйл ажиллагаа нь жилээс жилд уруудан, энэ байгууллагад итгэх олон нийтийн итгэл үгүй болсныг иргэдийн эсэргүүцэл шүүмжлэлээс гадна олон улсын байгууллагын судалгаа дүгнэлт бүрэн харуулсан” хэмээн тодотгосон нь энэ хүнийг явуулах ажиллагааны талд  бат зогссоноо илэрхийлсэн хэрэг.

 

Г.Баасангаас эхэлж,  УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээр үргэлжилж, Ерөнхийлөгч Х.Баттулгын хүч нэмэгдүүлсэн Х.Энхжаргалын суудал УИХ-ын даргын шийдвэрээс хамаарахаар хүлээгдэж байна. М.Энхболд дарга ээлжит бус чуулганыг зарлавал энэ асуудал дуун дээр хэлэлцэгдэх нь тодорхой. Тиймдээ ч Х.Энхжаргал сөрсөн базаа хийж, амжлаа. УИХ-ын 25 гишүүний шаардлага бодитой юу. Эсвэл АТГ-ын дарга Х.Энхжаргал илүү хүчтэй юу гэдгийг харах л үлдлээ.

 

Б.Учрал


    Эх сурвалж:shuud.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ