Даргын бараан царай
Хэрэв та анзаарсан бол энэ наадмаар хамгийн баргар царайлсан хүн нь УИХ-ын дарга М.Энхболд байлаа.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн төрийн төв индэрт ч, шагайн асарт ч бэлгэ тэмдгийг бодон сууж, шагнал гардуулах үеэр ёсыг бодон гар барьж харагдсан. Харин хажууханд нь суугаа Ерөнхийлөгч болоод Ерөнхий сайдын хувьд байдал өөр, наадмын настертай байв. Мэдээж, УИХ-ын даргад бараан царайлах шалтгаан бий. Нэгэн цагт өмнөөс нь хараад инээж, дагаж гүйж байсан хүү өнөөдөр өстөн дайсан нь болчихсон, “ээлжит бус чуулганаа зарла, 60 тэрбумын хэргээ хүлээ” хэмээн хоолойг нь боомилж эхэлсэн. Наадмын өмнөхөн буюу энэ сарын 10-ны өдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлагыг спикерт хүргүүлсэн. УИХ-ын 25 гишүүний гарын үсэгтэй тус бичиг наадмын дараа ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах хангалттай шалтгаан болно хэмээн эрхэм гишүүн тайлбарлаж байв. Тус бичиг УИХ-ын даргын гарт очсоноос хойш 14 хоногийн хугацаанд УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах учиртай. Тэгэхээр долоодугаар сарын 24 хүртэл буюу УИХ-ын даргад одоо долоон хоног л үлдээд байна гэсэн үг. Харин УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг зарлах болов уу, энэ асуулт одоогоор хариултгүй байна.
Хэрвээ УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг зарлавал энэ хуралдаанаар халуухан сэдвүүдийг хэлэлцэнэ. Амралтын байдалтай байгаа нам гүмийг сэрээнэ л гэсэн үг. Төрийн албыг наймаалцахыг санаархсан МАН-ын 60 тэрбум, авлигачдыг хаацайлж буй нэр зүүгээр буй АТГ-ын дарга Х.Энхжаргалын суудал, Эрдэнэтийн асуудал, Чингис, Самурай бондын зарцуулалт гэхчлэнгээр халуун зунаар сэрүү татуулам сэдвүүд энэ чуулганыг хүлээж байна. Олон нийт ч хэлэлцэх асуудлыг чих тавин сонсох нь дамжиггүй.
УИХ-ын гишүүдийн шаардлагаар ээлжит чуулганыг зарлаж, дээрх сэдвүүдийг хөндвөл эрхэм даргын суудал ч яригдаж болзошгүй. Сонгуулийн гол сенсааци болсон 60 тэрбумын асуудалд М.Энхболд даргын нэр холбоотой. Авлигын хэргийг замхаруулдаг гэх АТГ-ын даргын томилгоо ч УИХ-ын даргаас хамааралтай. Тэгэхээр авлига гэх сэдвийг байгаа болгосон чуулган эхэлбэл арга буюу М.Энхболд даргын нэр холбогдоно. Тиймдээ ч наадмаар хүртэл бараан явсан биз, М.Энхболд дарга.
Хэдэн сарын өмнөөс 60 тэрбумынхныг онилж эхэлсэн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийх бүртээ “М.Энхболд ажлаа өгөх ёстой, түүнд УИХ-ыг удирдах ёс суртахуун байхгүй” зэргээр цоллож, шахалт үзүүлж эхэлсэн. Харин энэ бүхэнд УИХ-ын дарга тоймтой хариулт өгөөгүй, “60 тэрбумын асуудлыг хуулийн байгууллага шийдсэн” гэхээс өөрийг хэлээгүй. Магадгүй ээлжит бус чуулганыг зарлаж, энэ асуудалд хариулт өгч ч болох. Ямартай ч УИХ-ын даргыг хүлээх долоон хоног байна. УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлах эрх түүнд л бий.
Б.Учрал
Эх сурвалж: Shuud.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ