Чулуутын хавцал дээгүүр барих шилэн гүүрийн ажил санхүүжилтгүйн улмаас зогсчээ
Өнгөрсөн жил Архангай аймгийн Чулуутын хавцал дээгүүр 150 метр урттай шилэн гүүр барьж, Үндэсний баяр наадмаас өмнө ашиглалтад оруулна гэдэг мэдээлэл цацагдсан. Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан сонинд өгсөн ярилцлагадаа “Дэлхийн дөрөв дэх шилэн гүүрийг Чулуутын хавцалд барина” хэмээн ярьж байсан ч бүтэн жил өнгөрөөд байхад шилэн гүүр ашиглалтад ороогүй, бүтээн байгуулалтын ажил нь ч эхлээгүй байгаа юм.
Чулуутын хавцал дээгүүр тавигдах шилэн гүүрийг “Шилмэл шил” ХХК-ийн хамт олон хийж гүйцэтгэхээр ажиллаж байв. Бид уг гүүр хэзээ ашиглалтад орох, бүтээн байгуулалтын ажил яагаад зогссоныг “Шилмэл шил” ХХК-ийн захирал Ч.Туулаас тодрууллаа.
-МОНГОЛ УЛСЫН 300 МЯНГАН ИРГЭН 20 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХАНДИВ
ӨГВӨЛ ШИЛЭН ГҮҮРНИЙ ТӨСӨВ БҮРДЭНЭ-
Тэрбээр ярихдаа “Одоохондоо шилэн гүүрний бүтээн байгуулалтын ажил санхүүжилт байхгүйн улмаас зогссон байна. Ирэх жилээс улсаас шилэн гүүр барих төсвийн 20-40 хувийг өгнө гэсэн. Үлдсэн хөрөнгийг ард түмний хандиваар босгохоор төлөвлөж байна. “Олны хүч оломгүй далай” гэдэг шүү дээ. Ард түмэндээ хандаж байна.
Монгол Улсын нийт хүн амын 10 хувь буюу 300 мянган хүн 20 мянган төгрөгийн хандив өгөхөд шилэн гүүрний төсөв бүрдэх юм. Шилэн гүүрний нийт төсөв 3.8 тэрбум төгрөг, цогцолбор байгуулъя гэвэл зургаан тэрбум төгрөг шаардагдана. Өнгөрсөн жил Хятад улс Чулуутын хавцлын шилэн гүүрийг бариад өгье гэхэд аймгийн Засаг дарга нь зөвшөөрөөгүй. Энэ бүтээн байгуулалтыг монголчууд өөрсдөө бүтээж чадвал дэлхийд гайхагдсан бүтээл болно гээд гаднаас хөрөнгө оруулалт аваагүй ээ.
20 мянган төгрөгийн хандив өгсөн иргэнд шилэн гүүрэн дээр гарах нэг хүний эрх, 100 мянган төгрөг өгвөл шилэн гүүрэн дээр гарах таван эрх өгнө. Гэхдээ манай компаниас шилэн гүүрээр гараад хүмүүст юу үзүүлэх вэ гэж нэлээд бодож боловсруулж байгаад дэлхийн аль ч оронд байхгүй таван тансаг идээ ундарсан мөнгөн мод бүтээхээр болсон.
Газрын гүнээс урган гарч ирж буй мөнгөн модонд таван хошуу малын толгой байрлуулж, амнаас нь таван тансаг идээ болох айраг, сүү, ингэний хоормог, нэрмэл архи, тараг ундарч, 100 литрийн багтаамжтай шилэн тогоонд орох юм.
Мөнгөн модны оройд домбо барьсан монгол эмэгтэйн баримал бүтээнэ. Яагаад ингэж хийж байгаа вэ гэвэл монгол эмэгтэйчүүд маань эрт дээр үеэс эхлэн таван хошуу малынхаа сүүг боловсруулж цагаан хийдэг шүү дээ. Энэ мөнгөн мод дэлхийд хаана ч байхгүй Монгол Улсын бахархал болсон үзмэр болно.
Манай урд хөрш БНХАУ шилэн гүүрийг уул ороож тавьсан байдаг. Тиймээс Чулуутын хавцалд баригдах шилэн гүүр тал нутагт барьж буй гэдгээрээ их онцлог. Бид дан ганц шилэн гүүр барихгүй гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг татсан бүхий л зүйлийг шилээр хийнэ. Жишээлбэл, шилэн гэр, төөрдөг шилэн байшин гэх мэт зүйлс барихаар төлөвлөж байна” гэлээ.
М.Амаржаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ