Б.Сугаржаргал: Олон шилдэг багт халгаатай тэмцээн болж байна даа
Хөлбөмбөгийн 21 дэх удаагийн ДАШТ ОХУ-д зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ үед манай улсын хөгжөөн дэмжигчид аль улсын багийг дэмжиж байгаа талаар сонирхсон юм.
Монгол Улсын начин Б.Сугаржаргал.
-Та хэдэн оноос хөлбөмбөгийн спортыг сонирхсон бэ?
-2006 оноос үздэг болсон. Гэхдээ хаана, ямар газар үзсэнээ санахгүй байна аа.Хүүхэд байсан үе л дээ. Ямартай ч Барсаг дэмждэг байсан.
-Одоогоор аль баг, тоглогчийг дэмжиж байна вэ?
-Энэ удаагийн ДАШТ-д Германий багийг дэмжсэн боловч харамсалтай нь мултарчихлаа. Дараа нь Испанийг дэмжсэн боловч мөн л хасагдлаа.
-Энэ удаагийн ДАШТ-д аль улсын багийг хожино гэж бодож байна вэ?
-Английн баг хожих байх.
-Олон шилдэг тамирчин нутаг буцлаа. Жишээ нь Роналду, Месси нар. Эдгээр тоглогчдыг ийм эрт үзэгчдийн суудал руу шилжинэ гэж та төсөөлж байв уу?
-Энэ хоёроос гадна миний харж байсан олон шилдэг тамирчин нутаг буцлаа. Би тэднийг ийм эрт үзэгчдийн суудал руу шилжинэ гэж бодсонгүй ээ.
-Энэ удаагийн ДАШТ өмнөх жилүүдийнхээс юугаараа онцлог болж байна гэж та дүгнэж байна вэ?
- Энэ удаагийн дэмцээн лаг багуудад халгаатай байна даа.
Г.Отгонжаргал: Энэ жилийн ДАШТ аваргуудад л халтай болж байна
“MNB СПОРТ” сувгийн eрөнхий продюсeр Г.Отгонжаргал.
-Та хэдэн оноос хөлбөмбөгийн спортыг сонирхсон бэ?
-Анх 2002 онд МҮОНТ Япон, Солонгост болсон хөлбөмбөгийн ДАШТ-ийг шууд дамжуулсан үeэс энэ спортыг сонирхож эхэлсэн. Тэр үeд манай “Чандмань” студид шижигнэсэн олон залуу ажилладаг байлаа. Бүгд тус бүр нэг баг дэмжээд л, хоорондоо бооцоо тавиад л үздэг байлаа шүү дээ.
-Одоогоор аль баг, тоглогчийг дэмжиж байна вэ?
-Испанийн шигшээ багийг дэмжиж байсан ч даанч хасагдчихлаа.
-Энэ удаагийн ДАШТ-д аль улсын багийг хожино гэж бодож байна вэ?
-Энэ жилийн ДАШТ-д Франц их гоё өнгөтэй байна. Бараг түрүүлэх байх. Аваргуудад л халтай болж байна. Ямарч ч баг түрүүлэхэд гайхахааргүй байна даа.
-Олон шилдэг тамирчин нутаг буцлаа. Жишээ нь Роналду, Месси нар. Эдгээр тоглогчдыг ийм эрт үзэгчдийн суудал руу шилжинэ гэж та төсөөлж байв уу?
-Бөмбөг бөөрөнхий шүү дээ. Эвгүйтэх вий дээ гэсэн бодол хэсгийн эхний тоглолтын дараа төрж л байлаа. Ялангуяа Мeсси дээр.
-Энэ удаагийн ДАШТ өмнөх жилүүдийнхээс юугаараа онцлог болж байна гэж та дүгнэж байна вэ?
-WAR систeм энэ дэлхийн аваргад нэвтрүүлсэн нь тоглолтуудын хувь заяанд нөлөөлж байна. ОУХБХ-ноос шинэчлэл их хийж байна. Зохион байгуулалт сайтай болж байна.
Ю.Чинбаяр: Хорватын шигшээ багийн өмсгөл надад байдаг
Монголын самбо бөхийн холбооны хэвлэлийн төлөөлөгч, спортын сэтгүүлч Ю.Чинбаяр.
-Та хэдэн оноос хөлбөмбөгийн спортыг сонирхсон бэ?
-1998 оны Франц Улсад болсон ДАШТ-ээс эхэлж үзсэн дээ.
-Одоогоор аль баг, тоглогчийг дэмжиж байна вэ?
-Англи, Хорватын шигшээ багийг дэмжиж байгаа. Тодруулбал 1998 оноос Английг дэмжсэн. Харин Хорватын шигшээ багийн өмсгөл надад байдаг учир тоглолтыг нь үздэг. Тоглогчдоос ОХУ-ын шигшээ багийн найруулагч Александр Головинг сайн тоглож, европийн топ клубүүдэд очоосой.
-Энэ удаагийн ДАШТ-д аль улсын багийг хожино гэж бодож байна вэ?
-Түрүүлэх магадлалтай багаар Франц, Бельгийн шигшээ болов уу. Эдгээр багын бүрэлдэхүүн зузаан байрлал бүрд шилдэг тоглогчид их.
-Олон шилдэг тамирчин нутаг буцлаа. Жишээ нь Роналду, Месси нар. Эдгээр тоглогчдыг ийм эрт үзэгчдийн суудал руу шилжинэ гэж та төсөөлж байв уу?
-Энэ жилийн ДАШТ том багуудын хувьд халгаатай байна. Өнгөрсөн ДАШТ-д Германы шигшээ баг хэсгээсээ шалгарч чадаагүй гэхээр үнэхээр сенсааци ихтэй өрсөлдөөнтэй болж байна. Миний хувьд Месситэй Аргентин, Өзилтэй Германы шигшээ баг наад зах нь шөвгийн найм хүртэл явах болов уу гэж таамаглаж байлаа. Мөн 2010 оны Испаний шигшээг Орост хожигдоно чинээ бодсонгүй.
-Энэ удаагийн ДАШТ өмнөх жилүүдийнхээс юугаараа онцлог болж байна гэж та дүгнэж байна вэ?
-Олон шинэлэг зүйлээрээ онцлог болж байна. Тухайлбал VAR технилого буюу бичлэг ухрааж үзэх нь үнэхээр зөв шийвэр болж. Мөн 2014 онд Өвлийн олимпийг өндөр түвшинд зохион байгуулсан Оросууд энэ жилийн дэлхийн аваргыг олон жилийн турш ярихаар дээд түвшинд зохион байгуулж байна.
Т.Энхсайхан: Олон дэлхийн аварга баг тэмцээнээ орхисон болохоор яг тэр түрүүлнэ гэхэд хэцүү болчихлоо
Ихэвчлэн залуучууд хөлбөмбөг шимтэн үзэж буй энэ үед эмэгтэй үзэгчдийг төлөөлүүлж, хуульч эдийн засагч мэргэжилтэй, “Фүжи холдинг” ХХК-ий гүйцэтгэх захирал Т.Энхсайханаас дараах асуултад тодруулга авлаа.
-Та хэдэн оноос хөлбөмбөгийн спортыг сонирхсон бэ?
-Сүүлийн үед манай улсын телевизүүд Английн примьер лиг, дэлхий, Европын аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулан үзүүлснээр хөлбөмбөг сонирхогчдын тоо эрс нэмэгдсэн. Би ч тэдний л нэг. Гэхдээ би 1998 оны дэлхийн аваргаас хойш үзэж байна.
-Тухайн үед таны үеийнхэн дээрх спортыг хэр их сонирхдог байв?
-Намайг хөлбөмбөг сонирхход найзууд маань их нөлөөлсөн. Тухайн үед ч гэлтгүй одоо ч манай найз нөхөд, үе тэнгийнхэн маань хөлбөмбөгийг маш сайн мэддэг, үздэг сонирхдог болжээ.
-Одоогоор аль баг, тоглогчийг дэмжиж байна вэ?
-Би энэ удаагийн ДАШТ-д хоёр баг дэмжиж байгаа. Португалыг дэмжиж байсан боловч баг маань хасагдчихлаа. Зохион байгуулагч орон,Монголчуудтай ойр дотно болохоор Оросын шигшээ багийг дэмжиж байгаа. Энэ баг гайхалтай амжилт үзүүлж байна шүү.
-Энэ удаагийн ДАШТ-д аль улсын багийг хожино гэж бодож байна вэ?
-Олон дэлхийн аваргууд тэмцээнийг орхисон болохоор тэр энэ гэхэд хэцүү л болчихлоо. Дэмжиж байгаа Оросын баг маань түрүүлээсэй гэж хүсч байна.
-Энэ удаагийн ДАШТ өмнөх жилүүдийнхээс юугаараа онцлог болж байна гэж та дүгнэж байна вэ?
-ОХУ гэдэг агуу гүрэн ямар ч спортын уралдаан тэмцээн наадмыг зохион байгуулах талд үнэхээр мундаг юм аа.
Нийтэлсэн: У.Баярсайхан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ