Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын “УЛАЙРАЛ”

Хаврын чуулган завсарлахад ердөө ажлын тав хоног үлдлээ. Энэ хугацаанд Тавантолгой төсөл, Татварын багц хуулиудыг УИХ-аар батлуулахаар Засгийн газар “улайрч” буй. За яах вэ, бүтэн 10 жил маргасан Тавантолгой төслийг тав хоногт яаралтай дэгээр хэлэлцээд баталчихна гэж бодъё. Угаас үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-ын даргын зөвлөл, төрийн өндөрлөгүүд, эрх баригч намын бүлэг дээр үндсэндээ Тавантолгойн асуудлаар тохиролцоонд хүрсэн тул саадгүй урагшлах бололтой.

Гэхдээ л аль ч хуулийн төсөл тооноор орж ирээд, яаралтайгаар батлагдахдаа хүртэл тодорхой хугацаашаарддаг. Дараалсан хэлэлцүүлгүүд, байнгын хороод, зарчмын зөрүүтэй саналаа нэгтгэх гэхчилэнгээр ажил ундарч өгнө. Энэ их хөл хөдөлгөөний хажуугаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Татварын багц хуулиа сугавчлан зүтгэж байгаа нь цаг үеэ олов уу. Үнэхээр хаврын чуулганаар батлуулахыг зорьсон бол яагаад эрт оруулж ирсэнгүй вэ гэх асуултууд гарч байна.

Богино хугацаанд, олон нийтийн анхаарал дээд зэргээр сарничихсан үед Татварын багц хуулиудыг гишүүд нэг эргүүлж харсан төдий болоод л кнопдоод явах нөхцөл байдал үүсэв. Огт асуудалгүй, сайн боловсруулагдчихсан хуулийн төсөл бол бас яах вэ гэхсэн. Наанадаж татварын багц хуулиудтай хамт өргөн баригдсан ААНОАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аас Засгийн газарт буцаасан. Гэвч ердөө ажлын 4-5 хоног хуулийн төслөө “нухаад” л Засгийн газарын хуралдаанаар оруулж, УИХ-д өргөн барьчихлаа.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын “Би угаасаа өргөн барьдаг ш дээ” гэх маазралаар дахин хэлэлцэгдэхээр болж буй хуулийн төслийг гишүүд зөвхөн Оюутолгойд зориулсан байна хэмээн шүүмжилсэн. Хэлэлцүүлгийн үеэр Ч.Улаан, Г.Тэмүүлэн нарын гишүүд уг хуулийн төсөл дэх 11 заалт шууд байдлаар Оюутолгойд татварын хөнгөлөлтийн илт давуу байдал үүсгэхээр байгааг онцолсон.

Мөнхүү Оюутолгойн захирал асан Камерон МакРей “Сүүлийн удаа дахин лоббидохоор оролдож байна” гэх утга бүхий захидлыг гишүүдэд илгээж, тэдний хүсэлт хуулийн төсөлд үг үсгээрээ багтсан байгааг Ч.Улаан гишүүн тодотгосон билээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хуулийн төслөө дахин өргөн барих үеэрээ “Ч.Улаан, Г.Тэмүүлэн нартай тохирчихсон” гэх утга бүхий мэдэгдэл хийсэн хэдий ч нэр бүхий гишүүдийн зүгээс “Ямар ч тохиролцоонд ороогүй. Оюутолгойд хамаарах заалтуудыг хэрхэн өөрчилснөө цаасаар ирүүлнэ гэчихээд нам болсон” гэх мэдээлэл өгч байгаа юм.

-ОЮУТОЛГОЙД ТАВЬСАН АКТЫГ ЦАРЦААХЫН ТУЛД Д.ЗАНДАНБАТЫГ
ЯВУУЛАХААР ЗЭХЭВ ҮҮ-

Өөрөөр хэлбэл, илтэд Оюутолгойд зориулсан заалтууд чухам ямар байдлаар зассан нь асар тодорхойгүй хэвээр хуулийн төсөл дахин өргөн баригдсан гэсэн үг. Энд бас нэг зүйл анхаарал татаж буй нь, салбартаа олон жил ажилласан, Монголын татварын орчныг хамгийн сайнаар ойлгож, мэдэрдэг гэлцдэг Татварын ерөнхий газрын дарга Д.Занданбат хэлэлцүүлгүүдийн үеэр нам жим байгаа явдал.

Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд “Ажил төрлөө сайн мэддэгээрээ нь Д.Занданбат дарга тайлбар өгөх ёстой” гэсэн хэдий Ч.Хүрэлбаатар сайд “Шуурхай хуралдаан дээр ч ирдэггүй” гэх утгаар займчуулчих жишээтэй.

Уг нь өнөөгийн Татварын ерөнхий газрын дарга Оюутолгойд 150 сая ам.долларын татварын акт тавьж чадсан. Өмнөх жилүүдийн татварын маргаан тойрсон асуудлуудыг нэлээд нухацтай ухаж, төнхсөн хүн. Одоо татварын маргаан нь хоёр талын хэлэлцээрийн түвшинд байгаа энэ үед Ч.Хүрэлбаатар сайд Г.Занданбатыг албан тушаалаас нь чөлөөлж, лоббид нь хүлээцтэй ороод байхаар хүн шургуулахаар ярьж яваа нь ч үнэн билээ. Бүр оны өмнөөс Г.Занданбатыг чөлөөлж, номхон хүлцэнгүй, үгэнд ороод байхаар хүн томилох саналаа Ерөнхий сайдад хэдэнтээ уламжилсан гэх яриа ч нам дотор нь явж буй. Түүнийг хуулийн төслийн хэлэлцүүлгүүдийн үеэр огт тайлбар, мэдээлэл өгүүлэхгүй, нам барьж буй нь ямар нь учиртай вэ.

Магадгүй ингэж байж, Оюутолгой тойрсон татварын асуудлыг тэдний талд ашигтайгаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн үү. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг намынхан нь “Оюутолгойд их л өртэй хүн дээ” гэж ярьдаг нь ч нууц биш.

Тэрээр Оюутолгойн Хан бумбат нисэх онгоцны буудлын ажлыг зах зээлийн үнээ нь дөрөв дахин буюу 60 сая ам.доллараар хийж гүйцэтгэж, Дубайн гэрээг шалгах ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон мөртлөө гарын үсэг зурах үед гэнэт алга болсон гэхчлэн яриаг намын нөхөд нь чуулганы хуралдааны үеэр ч сөхөж ярьдаг.

Ийм байдлаар илтэд ашиг сонирхлын зөрчилтэй мөртлөө чуулган завсарлах дөхчихсөн шахамдуу цагаар Оюутолгойд найртавьсан хуулийн төслөө батлуулахаар зүтгэж байхаасаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ичээсэй.

Ядаж намрын чуулган руу оруулж, Оюутолгойд тавигдсан татварын маргаан нэг талд гарах цагаар ингэж улайраасай. Бүхэл бүтэн улс орны татварын суурь хуулиудыг “Рио Тинто”-д зориулан, ажлын хоногт өөрчлөхөөр чичирч буй үйлдэлдээ хяналт тавиасай.

Ж.Мядагбадам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ