Ц.Цогзолмаа: 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд захиргааны арга хэмжээ авна
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн төвшин тогтоох зорилготой элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр дууслаа. Үүнтэй холбоотойгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-ЭЕШ-т хэдэн хүүхэд оролцсон бэ. Ямар нэг зөрчил, гомдол ирсэн үү?
-Боловсролын үнэлгээний төв, нийслэлийн Боловсролын газар, улсын Мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн байгууллагын чиг үүрэг, журмыг эртнээс анхааруулсан учир өнөөдрийн байдлаар олон хүүхэд хохирсон томоохон гомдол гараагүй. Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийг жилд дунджаар 18-21 мянган сурагч төгсдөг бол энэ жил 43 мянга гаруй сурагч төгслөө.
Энэ удаагийн Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын үеэр 371 зохион байгуулагч, 12,800 орчим хянагч багш ажилласан. Мөн энэ жилийн ЭЕШ-аар анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай анги танхимыг бүрдүүлж өгснөөрөө онцлог юм.
Тиймээс хамгийн олон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд буюу 16 сурагч шалгалт өгсөн байна. Мөн эрхээ хязгаарлуулан, ял эдэлж байгаа долоон хүүхдийг хянагчийн хамтаар шалгалт өгөх эрхийг олгосон. Онооны нэгдсэн жагсаалтыг ирэх сарын 1-нд шалгуулагч бүрийн дугаараар гаргаж, ирэх сарын 1-4-ний хооронд онооны батламжийг гардуулж өгнө.
Түүнчлэн зүүн бүсээс Орхон аймаг, баруун бүсээс Ховд аймгийг сонгон анх удаа цахим хэлбэрийн шалгалт явууллаа. Цаашдаа бид энэ системийг шалгалт авч буй 49 цэгт нэвтрүүлбэл, хялбар, шуурхай, цаг алдах асуудал гарахгүй байх бололцоотой гэдгийг энэ хоёр аймагт явуулсан цахим шалгалтаас харж болохоор байна. Тиймээс цахим машинаар хангах хөрөнгийг 2019 оны төсөвт суулгавал боловсролын системд нэлээд том ахиц гарна гэж үзэж байгаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн боловсролын салбарт 10 гомдол ирсний долоо нь шалгалтаасаа хоцорсон гэдэг гомдол байна.
-Сүүлийн жилүүдэд ЭЕШ-ын агуулга нь хэт өндөр байна гэдэг гомдлоос улбаалан шалгуурыг бууруулсан нь харьяа яам нь чанаргүй сургалт явуулах бодлогыг бий болгож байна гэдэг шүүмжлэл дагуулж байсан. Энэ жилийн хувьд агуулга нь ямар байсан бэ?
-Одоогийн байдлаар агуулга, даалгавартай холбоотой ямар нэг гомдол ирээгүй байна. Бид шалгалтад бэлтгэж байгаа сурагчдад зориулан шалгалт эхлэхээс 45-60 хоногийн өмнө 27-30 мянган даалгавартай сан бүрдүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан. Ингэснээр тухайн сурагч хүнд, хөнгөн аль ч даалгавар ирсэн сан дахь даалгаврыг бүгдийг нь хийсэн бол асуудалгүй даваад гарах бололцоог өглөө. Тиймээс энэ талаар одоогийн байдлаар гомдол гараагүй.
-79 дүгээр сургууль дээр гарсан осол дээр салбар яам ямар арга хэмжээ авсан бэ?
-Сүүлийн хэдэн өдөрт хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой хоёр асуудал гарлаа. Хүүхдийн парк дээр тоглоомын эвдрэлээс болж 4-5 хүүхэд гэмтэл авсан. Мөн 79 дүгээр сургууль дээр уржигдар (өнгөрсөн даваа гариг) гарсан ослыг осол гарсан өдрийн орой мэдэж, БСШУСЯ-наас ажлын хэсэг гарч газар дээр нь ажилласан. Тухайн үед юу болсныг нягтлахад сурагчдын амралт эхэлсэн ч хүүхдүүдэд тоглох орчин байхгүйн улмаас сургуулийн хөл бөмбөгийн талбайд тоглосон байна.
Талбайд аюулгүй байдал хангаагүй байсныг ажил хүлээж авсан болон хүлээлгэж өгсөн манаач, сургуулийн удирдлага анзаараагүй байжээ. Гэвч хүүхдүүдэд сэрэмжлүүлэх, анхааруулах нь тухайн орчинд ажиллаж байгаа хүмүүсийн үүрэг. Ингээд өнөөдөр (өчигдөр) Засгийн газрын хуралдааны эхэнд ажлын хэсгийнхэн дүгнэлтээ танилцуулсан. Сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авна. Тухайн өдөр гарч байсан манаач, хариуцлага тооцох ёстой хүмүүс дээр анхаарна.
Нөгөө талдаа хүүхэд амь насаараа хохирсон энэ үйлдэлд боловсролын байгууллага ар гэрээс нь уучлалт гуйж, сургуулийн захиралд ёс зүйн хариуцлага тооцох тухай анхааруулсан. Учир ньхүүхдийн амь нас гэдэг аав, ээж, ар гэр, Монгол Улсад үнэтэй зүйл. Гэтэл хайхрамжгүй, хэцүү айлын, хүнд нөхцөлд байсан хүүхэд гэж хүүхдийг ялгаварлан гадуурхах мэдэгдэл хийж байгаа нь удирдах ажил хийхээр хэмжээний ёс зүйтэй хүн мөн үү гэдэг асуудлыг тавьж, тодорхой хэмжээний арга хэмжээ авна. Монголын боловсролын систем хүүхдийг ялгалгүй ижил тэгш үйлчилж, ямар нэг хариуцлагын асуудалд хариуцлага алдсан хүн нь хариуцлагаа үүрэх ёстой.
-Ер нь сургуулийн орчны аюулгүй байдалд хэрхэн анхаарал тавьж байгаа юм бол?
-Хүүхдийн байгууллага эрсдэлтэй орчин учир хуучирсан, мэргэжлийн дүгнэлт гарсан ийм объектуудынхаа жагсаалтыг гаргах шаардлагатай гэдэг сургамж авч байна. Тиймээс асуудал үүсэхээс нь өмнө арга хэмжээ авах чиглэлд боловсролын байгууллага ажиллах ёстой.
Б.Номин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ