С.Баясгалан: Монгол Улс Евро-Азийн эдийн засгийн холбоонд нь л элсэхэд хангалттай
МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн багш, доктор С.Баясгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Саяхан болсон Дональд Трамп, Ким Жон Ун нарын уулзалтын ач холбогдол юу вэ?
-Энэ уулзалт хоёр орны харилцаанд түүхэн ач холбогдолтой. Үүнээс өмнө АНУ, Хойд Солонгосын хооронд хоёр талт уулзалт болж байгаагүй. АНУ-ын Засгийн газар ч Д.Трампаас өмнө Хойд Солонгосын удирдагчтай уулзах талаар санаа цухуйлгаж байгаагүй юм. Энэ нь АНУ Хойд Солонгосыг хүлээн зөвшөөрдөггүй байсантай холбоотой. Харин тус хоёр орны хооронд Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг арилгах зорилготой зургаан талт яриа хэлэлцээр болж байсныг бид мэднэ.
Гэвч тухайн үедээ үр дүнд хүрээгүй. Нэг талаар Трамп, Ким нарын энэ уулзалтаар АНУ Хойд Солонгосын дэглэмийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж болно. Хоёрдугаарт, энэ уулзалт Зүүн Хойд Ази төдийгүй дэлхийн аюулгүй байдалд чухал ач холбогдолтой. Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө 1990 оноос хойш өөрийн дэглэм, улсын аюулгүй байдлаа хангахын тулд хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр олон жилийн турш бүс нутагтаа аюул занал учруулж, хурцадмал байдал дэгдсэн шүү дээ.
Ер нь Зүүн хойд Азид гол нөлөөллөө тогтоосон, цөмийн зэвсэгтэй гурван гүрэн байдаг нь АНУ, БНХАУ, ОХУ. Мөн АНУ-ын нөлөөн дор байх Өмнөд Солонгос, Япон гэсэн хоёр том орон бий. Энэ бүс нутагт ямар нэг байдлаар хурцадмал асуудал үүсвэл тэр нь дэлхийн аюулгүй байдалд заналхийлнэ. Ким Жон Уны сүүлийн үеийн бодлогыг ажиглавал дан ганц зэвсэглэлээр хөөцөлдөөд амжилтанд хүрэхгүй, эдийн засгаа нээж байж засаглал нь оршин тогтноно гэдгийг ойлгосон нь харагдаж байна.
Магадгүй Ким Хятадын онцлогтой социализм эсвэл Вьетнамын загварыг дуурайж болох юм.Тэр бол дөнгөж 30 гарч яваа залуу хүн. Хойд Солонгос энэ удирдагчийн үед хэр их хөгжих вэ гэдгээс засаглал нь хэр бат оршин тогтнох вэ гэдэг харагдана.
-Уулзалтаар талууд ямар үр дүнд хүрсэн бэ?
-Энэ хоёр удирдагч уулзсаны дүнд санаанд оромгүй олон шийдвэр гарлаа. Тухайлбал, Трампын талаас Өмнөд Солонгос, АНУ-ын хоорондох хамтын цэргийн сургуулилтыг болиулж байна. Уулзалтын өмнө Д.Трампын Хойд Солонгост тавьсан эхний шаардлага нь цөмийн хөтөлбөрөө зогсоох байв. Ким Жен Ун ч уг шаардлагыг биелүүлсэн. Гэхдээ цөмийн зэвсгээ хураалгаагүй. Мөн Хойд Солонгос, АНУ хоорондын харилцааг сайжруулах асуудал гэнэт яригдсан.
БарагД.Трамп Хойд Солонгост буулт хийгээд эхэлчхэв үү гэмээр. Үүнээс гадна хоёр тал хамтарсан мэдэгдэл гаргасан. Ирээдүйд судлаачдын гол ярианы сэдэв нь Хойд Солонгосын цөмийн зэвсгийг хураах асуудал байх болов уу. Цаашид талууд энэ асуудал дээр хэрхэх нь сонирхолтой байна. Зарим нь Хойд Солонгос хэзээ ч зэвсгээ хураалгахгүй гэж үзэж байгаа бол зарим нь хэрэв аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөх юм бол Хойд Солонгос цөмийн зэвсгээ хураалгана гэсэн байр суурьтай байна.
Хойд Солонгос цөмийн технологитой болсон учраас ямар нэг хурцадмал байдал гарах юм бол дараа нь богино хугацаанд цөмийн зэвсгээ дахин сэргээх чадвартай. Хэрэв хураалгана гэж үзвэл бодлогын чанартай ийм алхам хийж болох юм.
-Монголд ямар нөлөө үзүүлэх бол?
-Энэ уулзалтаар хэлэлцэх Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудал Монголд шууд хамааралтай. Нэгдүгээрт, Монголын 30 орчим мянган залуус Өмнөд Солонгост ажиллаж байгаа тул бид иргэдээ хамгаалах учиртай. Хоёрдугаарт, Монгол Улс Зүүн хойд Азийн бүс нутагт байдаг учраас бүс нутгийн аюулгүй байдал бидэнд нөлөөлнө. Гуравдугаарт, хэдий тоож харвахгүй гэдэг ч Хойд Солонгосын дунд тусгалын пуужингийн хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэр ордог тул бид болгоомжлох ёстой. Харин имиж талаас гэвэл уулзалт Монголд зохион байгуулагдсан бол манай орны нэр хүнд асар их өсөж улс төр, дипломатын аргаар аюулгүй байдлаа хангах нэг том чиглэл болох байв.
Хэдий Монголд зохион байгуулагдаагүй ч түүхэн уулзалт хийх боломжтой орон гэдэг нэр гарснаараа манайх тийм ч зах хязгаарлагдмал газар биш гэсэн ойлголтыг дэлхийд өгсөн эерэг талтай. Анх Монголд зохион байгуулъя гэсэн санааг манай Гадаад харилцааны яамнаас тавихад АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол нэг сонголт байж болно гэж шуугьсан. Мөн уулзалтын өмнө хоёр орны төлөөлөл уулзахад Ким Жон Ун Монголд зохион байгуулах саналтай буйгаа илэрхийлсэн нь хүн бүрийн ярианы сэдэв болоход хүргэсэн болов уу. Гэвч аль аль талдаа аюулгүй байдлыг хангахад Монгол тохиромжгүй, дэд бүтэц муутай байсан гэсэн шалтгаанаар Сингапур дээр тогтсон.
-Уг уулзалтыг тойрсон олон сэдэв судлаачдыг талцуулаад амжсан. Тухайлбал, хоёр Солонгосын нэгдлийн асуудлаар Улаанбаатарт олон улсын бага хурал зохион байгууллаа. Энэ нөхцөл байдалд нэгдлийн талаар ярих ёстой юу?
-Ойрын хэдэн жилдээ хоёр Солонгосын нэгдлийг ярих үндэс байхгүй. Яагаад гэвэл тус хоёр улс өөрсдөө нэгдлийн асуудлыг гаргаж тавьж болох ч цаана нь зогсоо гурван их гүрний ашиг сонирхолд энэ нь нийцэхгүй. Өөрөөр хэлбэл геополитикийн шалтгаантай. Хойд Солонгост Өмнөд Солонгос нэгдвэл Америк санаачилгаа алдах тул хүлээн зөвшөөрөхгүй. Харин Өмнөд Солонгост Хойд Солонгос нэгдвэл АНУ-ын холбоотон улс болж Хятад, Орос хоёртой хуурай замаар шууд хиллэх болох тул тэд хүлээн зөвшөөрөхгүй.
Хэдий хоёр Солонгосын ард иргэд нэгдэх гэсэн туйлын хүсэлтэй байвч энэ хоёр улсыг бий болгосон нь хүйтэн дайны дайсагнагч талууд ЗХУ, АНУ юм. Орчин үед ЗХУ-ын халааг авсан ОХУ, БНХАУ нь Хойд Солонгосыг дэмжих нь тодорхой. Ингэж үзвэл хүйтэн дайны цог унтраагүй гэж хэлж болно.
Хоёрт ялангуяа Ким Жон Унд Солонгос Улсыг нэгтгэх хүсэл байхгүй болов уу. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон Хойд Солонгосын асуудлыг Ливийн зарчмаар шийднэ гэж хэлсэн удаатай. Бид бүгдийн мэдэхээр Ливийн дэглэм нурж Каддафи алагдсан. Ким Жон Ун өөртөө тийм хувь заяаг хүсэхгүй. Ардчилсан дэглэмтэй Өмнөд Солонгостой нэгдвэл Ким Жон Ун өөрөө хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг хийсэн гэдгээр шүүхийн өмнө суух болно шүү дээ.
Наад зах нь АНУ-ын иргэнийг удаан хугацаанд хорьж улмаар үхэлд хүргэсэн саяхны жишээ байна. Харин эсрэгээрээ хоёр Солонгос нэгдье гэвэл Кимийн хувьд Өмнөд Солонгосыг өөрт шингээх бодлого л баримтална. Тэгээд ч Ким ЖоН Ун цөмийн зэвсгээрээ дэглэмээ баталгаажуулсан учраас ард иргэд нь бослого гаргана гэдэг хувилбар байхгүй. Хоёр Солонгосын нэгдэл гурван их гүрнээс хамаарах тул ойрын ирээдүйд лав бүтэшгүй зүйл.
-Монгол яагаад 14 жил ажиглагчийн статустай байсан мөртөө одоо гэнэт ШХАБ-ын гишүүн болох талаар яриад эхлэв?
-Энэ бол цэвэр манай Ерөнхийлөгчийн бодлоготой холбоотой. ШХАБ нь хил орчмын аюулгүй байдлыг хангах, харилцан итгэлцлийг бий болгох зорилгоор ОХУ, БНХАУ тэргүүлэн Шанхайд гэрээ байгуулснаар эхэлсэн түүхтэй. Гэрээний хүрээнд хил орчмын зэвсэгт хүчнийг хааш хааш нь хилийн дотогш 50 орчим км-ээр татъя гэсэн санаачилга гарсан байдаг. Тухайн үед хилийн маргаантай байсан ОХУ, БНХАУ хоёрын асуудалд Ельцин буулт хийснээр 1996 онд Дундад Азийн гурван орны хамт Шанхайн тавын гэрээг байгуулсан. Энэ дунд хэдий аюулгүй байдлын байгууллага ч гэсэн Узбекстан Улс ашиг сонирхол нийцэхгүй зүйл тулгарвал гарах болзол тавьж орсон байдаг.
Харин хожим энэ гэрээ байгууллага болж өргөжсөн. ШХАБ бол аюулгүй байдалд төвлөрсөн байгууллага. Үүний урьдач нөхцөл нь ЗХУ нуран унасны дараах Дундад Азид үүссэн хоосон орон зайд Өмнөд Азиас лалын хэт үзэлтэн экстремистүүд Халифатыг байгуулахаар орж ирсэн явдал. Улмаар тэд сепарист буюу салан тусгаарлах үзэлтнүүд болж терроризмын үйл ажиллагаа явуулах болсноор ШХАБ-ын гишүүн орнууд үүний эсрэг хамтран ажиллах болсон юм. ШХАБ-ын орнуудын аюулгүй байдлын үндсэн гурван чиглэл нь терроризм, экстремизм, сепаризм байсаар ирсэн боловч сүүлд Чиндаогийнуулзалтаас хойш нарко буюу хар тамхины наймаа, дамжин өнгөрүүлэлтийн асуудал нэмэгдсэн.
Нэг ёсондоо Монгол газар зүйн байршлаараа ШХАБ-ын орнуудаар хүрээлэгдсэн тул энэ байгууллагатай холбоотой байх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ зөвхөн аюулгүй байдлын тал дээр л анхаардаг байгууллага учраас бидэнд ач холбогдолгүй. ШХАБ-д үйл хэрэг нь бодитоор хэрэгжиж буй ганц л байгууллага байдаг нь Бүс нутгийн терроризмын эсрэг бүтэц (RATS) юм. Бид ажиглагчийн хүрээнд энэ байгууллагатай мэдээлэл солилцож явахад хангалттай гэж үзэж байна. Монгол Улсад өнөөгийн байдлаар ШХАБ-ын “гурван изм”-ын бодит аюул тулгараагүй. Хэрэв ШХАБ эдийн засгийн интеграци болбол бид ороход бэлэн.
ШХАБ-д элсье гэсэн саналтай манай судлаачид Хятадын “Нэг бүс, нэг зам" төслийг үүнтэй хольж ойлгоод байх шиг. Энэ бодлого ШХАБ-ын дүрэмтэй нийцдэг боловч зөвхөн Хятад орны л бодлого юм. Бид энэ бодлогод эдийн засгийн ашиг сонирхлын үүднээс багтъя гэвэл заавал ШХАБ-д элсэх албагүй. Өнөөх “Талын зам” төслөөрөө хоёр талын хэлэлцээр хийгээд холбогдож болж байна. Нөгөө талд ОХУ-ын Евроази гэж бодлого ч бий.
ОХУ-тай эдийн засаг, худалдааны харилцаа ярья гэвэл Евро-Азийн эдийн засгийн холбоонд нь л элсэхэд хангалттай. ШХАБ-д элссэнээр давуу тал ч байхгүй. Сөрөг тал ч байхгүй. Монгол Улс чухал гэсэн зүйлдээ л элсэж байх ёстой. Муугаар бодоход хэрэв ШХАБ-д элсвэл гуравдагч хөршийн орнуудад сөрөг имижтэй харагдаж болох юм. Гуравдагч хөршийн орнууд бидэнтэй шууд харилцаагаа таслахгүй нь ойлгомжтой. Гэвч Монголтой хамтрагч бизнесийн хийгээд олон улсын байгууллагуудын хандлагад өөрчлөлт гарах магадлалтай.
-Монголыг тойроод Төв Азийн орнууд ШХАБ-д элссэн учраас газар зүйн хувьд бид ганцаардахгүй юу?
-ШХАБ одоогоор аюулгүй байдлын байгууллага хэвээр байна. Европын холбоо зэрэг бусад интеграцитай харьцуулахад улс төрийнх гэж нэрлэх аргагүй учраас бидэнд ганцаардах гэсэн асуудал байхгүй. Яг одоогийн байдлаар хөршүүд маань зүү орох зайгүй эвлэлдээд байна. Магадгүй хоёр их гүрний дунд байдгаараа бидэнд дарамт шахалт ирдэг байж болно. Тийм л учраас бид “Гуравдагч хөршийн бодлого"-ыг баримталдаг болсон юм шүү дээ. Монгол худалдааны хувьд голчлон Хятадтай харилцаж байгаа ч гол техник хэрэгсэл, бараануудаа гуравдагч хөрш гэгдэх Япон, Солонгос зэрэг гадны зах зээлээс импортолж байна.
-“Гуравдагч хөршийн бодлого” гадаад бодлогын бодит стратеги мөн үү гэх шүүмж багагүй бий. Бидэнд гадаад бодлого гэж үнэхээр байна уу?
-Гадагшаа гараад харъя. Хүмүүс Япон машин унаж, Солонгос утас барьж байна. Бид хоёр том их гүрний дунд оршиж байгаа ч гуравдагч гэгдэх орнуудаас л хэрэглээнийхээ бараа бүтээгдэхүүнийг татдаг. Гэхдээ бүр хөршийнхөө хилээр тээвэрлэж шүү. Гуравдагч хөршийн бодлого бол харин ч бодитой бодлого. Бид “Гадаад бодлогын үзэл баримтлал”, “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ыг мөрдөж гадаад бодлогоо явуулдаг. Гэвч энэ нь хэр идэвхтэй хэрэгждэг, Монгол Улс гадаад бодлого явуулж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй. Учир нь гадаад бодлого дотоодын улстөрийн нөхцөл байдалтай шууд хамааралтай шүү дээ.
Нам солигдохоор төр солигддог замбараагүй системийг бодож үзвэл бидэнд төрийн залгамж чанар байна уу гэх асуулт тулгарна. Гэтэл нөгөө талд дэлхийн их гүрэн болох АНУ-д Д.Трамп гэгч хүний олон улсын харилцааг донсолгож буй огцом шийдвэрүүдийг судлаачид гадаад бодлого гэж харж байна. Хэрэв Трампт гадаад бодлого гэж байгаа бол Монголд ч гэсэн гадаад бодлого гэж бий.
Б.Минжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ