Ч.Содномцэрэн: Орон нутгийн нөхөн, дахин сонгуульд 79 нэр дэвшигч бүртгүүлж, үнэмлэхээ аваад байна

Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ)-ын нөхөн сонгууль энэ сарын 24-нд болох гэж байгаатай холбогдуулан СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнтэй ярилцлаа.

-Нөхөн сонгууль хэдэн аймаг, хэдэн тойрогт болох вэ?

-Нийт 11 аймгийн 26 суманд ИТХ-ын төлөөлөгчдийн нөхөн сонгууль явагдана. Үүнээс хоёр аймагт нь аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн нөхөн сонгууль болно. Сонгуулийн тухай хуульд зааснаар нөхөн сонгуулийг зарлах эрх нь тухайн орон нутгийн ИТХ-д байдаг. Харин дахин сонгуулийн тухайд Баян-Өлгий, Ховд, Дундговь аймгийн нийт дөрвөн суманд болно. Сонгуулийн тухай хуульд зааснаар нөхөн сонгуулийн санал авах өдөр нь жил бүрийн зургадугаар сарын сүүлийн ням гариг болон аравдугаар сарын эхний ням гаригт байх ба улс даяар нэгдсэн журмаар явагдана гэж хуульчилсан. Энэ жилийн хувьд зургадугаар сарын сүүлийн ням гариг нь зургадугаар сарын 24-ний өдөр таарч байгаа. Тэгэхээр энэ өдөр дээр дурдсан нөхөн сонгууль явагдана. Дахин сонгуулийн тухайд дээрх аймгууд нь нөхөн сонгуультай хамтатгаж явуулахаар шийдвэрлэсэн.

-Төрийн албан хаагч орон нутгийн Хурлын төлөөлөгч байж болохоор хуульд өөрчлөлт оруулсан, нөхөн сонгууль явуулахгүй гээд Байнгын хороон дээр зарим гишүүд яриад байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Өнгөрсөн оны сүүлээр УИХ-ын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр орон нутгийн Хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн захиргааны албан тушаал эрхэлж болохоор заасан. Үүнтэй холбоотойгоор Хурлын төлөөлөгч төрийн албанд томилогдсон шалтгаанаар нөхөн сонгууль явуулах байсан зарим аймаг, сумд хасагдсан. Гэхдээ хуульд заасан гуравны нэгээс давсан бол нөхөн сонгууль явагдана.

-Ийм тохиолдол байгаа юу?

-Гуравны нэг хүртэл гэсэн хязгаараас давж төрийн албанд томилогдсон үндэслэлээр нөхөн сонгууль явагдах газар байгаа. Ер нь нас барсан, төрийн албанд томилогдсон үндэслэлээр нөхөн сонгууль явагдана гэж ойлгож болно.

-Зургадугаар сарын 24-ний өдөр болох сонгуульд нийт хэдэн нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлсэн бэ?

-Аймаг, сумдын сонгуулийн хороодоос авсан мэдээгээр хоёр нам, нэг эвсэл, мөн бие даагчид сонгуульд оролцохоо илэрхийлээд байна. Орон нутагт явагдах энэ удаагийн нөхөн, дахин сонгуульд нийтдээ 79 нэр дэвшигч бүртгүүлж, үнэмлэхээ аваад байна.

-Ямар нам, эвсэл оролцох вэ?

-Сонгуулийн хороодоос ирүүлсэн мэдээгээр Монгол Ардын Нам, Ардчилсан Нам болон Монгол Ардын Хувьсгалт Нам, мөн АН-МАХН-ын Төв нутаг эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлж, бүртгүүлсэн байна.

-Ер нь ямар нөхцөлд нөхөн, дахин сонгууль явагддаг юм бэ. Үндэслэлийнх нь талаар тодруулахгүй юу?

-Орон нутагт сардаа 3-4, жилдээ 30-40 нөхөн, дахин сонгууль явагддаг байсныг жилдээ хоёр удаа улс даяар нэгдсэн журмаар явуулахаар хуульчилсан.

Нөхөн сонгууль нь УИХ-ын гишүүний болон орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчийн орон гарсан тохиолдолд тэр суудлыг нөхөх зорилгоор явагддаг. Орон гарах гэдэгт УИХ-ын гишүүн болон ИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөлөгдсөн, нас барсан, эгүүлэн татагдсан зэрэг үндэслэлийг Сонгуулийн тухай хуульд заасан байдаг.

Харин сонгуулийн дүн гаргасан шийдвэр нь хүчингүйд тооцогдсон тохиолдолд дахин сонгууль явагдана. Дахин сонгуулийг тухайн шатны сонгуулийн байгууллага нь товлон зарлаж, зохион байгуулдаг. Нөхөн сонгууль явуулах үндэслэлийн тухайд Сонгуулийн тухай хуульд зааснаар нөхөн сонгууль гэж УИХ-ын гишүүн болон орон нутгийн Хурлын төлөөлөгчийн орон гарсан суудлыг нөхөх зорилгоор явагдах сонгуулийг хэлнэ гэж заасан. Харин орон гарах тухай асуудал нь УИХ-ын тухай хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулагддаг. Тухайлбал, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Хурлын төлөөлөгч нас барсан, чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан, өвчний улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, эсхүл тухайн орон нутгаас шилжсэн бол төлөөлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болохоор хуульчилсан байдаг. Энэ зургадугаар сард явагдах нөхөн сонгуулийн шалтгааныг аваад үзвэл нас барсан, төрийн албанд томилогдсон зэрэг үндэслэл дийлэнх нь байна.

-Ер нь нөхөн сонгуулийн бэлтгэл ажил хэр хангагдаж байна?

-Аль ч шатны сонгуулийн үйл ажиллагаа бол хуулиар нарийвчлан тогтоосон хугацаанд явагддаг онцлогтой байдаг. Тиймээс энэ удаагийн нөхөн сонгуулиар хуульд заасан бүхий л үйл ажиллагааг графикт оруулан цаг хугацааны хуваарийг боловсруулж СЕХ-ны хуралдаанаар хэлэлцэж баталсан. Сонгуулийн бэлтгэл ажил цаг хугацааны хуваарь, төлөвлөгөөний дагуу явагдаж байна. СЕХ-ны хувьд орон нутгийн ИТХ-ын зохион байгуулж явуулахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үүрэгтэйгээр оролцдог. Энэ ч хүрээндээ аймаг, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид болон тэдгээрээр дамжуулан бүх сум, дүүрэгт сонгууль зохион байгуулах ажлын талаар зөвлөмж, чиглэлээ хүргүүлэн ажиллаж байна. Зарим нэг аймаг, сумдад нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэн боловч орон нутгийн Хурлаас одоогоор нөхөн сонгуулиа товлон зарлаагүй байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд төлөөлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсон бол нөхөн сонгууль явуулна гэж тодорхой заасан байдаг.

-Өмнө орон нутгийн ИТХ-ын нөхөн сонгуулиар саналыг гараар тоолж байсан санагдаж байна.Энэ удаад техник хэрэгсэл ашиглах уу?

-Сонгуулийн тухай хуульд зааснаар санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүн нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна гэж хуульчилсан. Иймд аль ч төрлийн сонгууль зохион байгуулагдсан Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу санал тоолох төхөөрөмжөөр санал авах, дүн гаргах ажиллагаа хийгдэнэ. Өмнө нь орон нутгийн Хурлын нөхөн сонгуулиар санал авах хайрцгаар санал авах ажиллагаагаа зохион байгуулаад, гараар тоолж дүн гаргаж байсан. Монгол Улс 2011 онд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуультай болсон. Энэ хуулийн хүрээнд сонгууль зохион байгуулах үйл ажиллагаандаа сонгуулийн автоматжуулсан системийг ашиглаж байна. Иймд хуульд заасны дагуу бүх төрлийн сонгуульд санал тоолох төхөөрөмжөө ашиглаж явуулах нь зүйн хэрэг.

-Саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг хэзээ хүргүүлэх вэ?

-Саяхан СЕХ хуралдаж Орон нутгийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийн саналын хуудасны загвар, тоог баталсан. Сонгуулийн тухай хуульд зааснаар саналын хуудсыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хэвлүүлж, хүргүүлэх ажлыг СЕХ зохион байгуулна. Саналын хуудас хэвлэх ажил дууссан. Мөн саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг аймаг, сумдад хүргүүлэх, буцаан татах хүргэлтийн хуваарь гаргаад байна. Нийт есөн чиглэлд санал тоолох төхөөрөмж болон саналын хуудасны түгээлтийг хуульд заасан хугацаанд хийнэ.

-Ингэхэд нөхөн, дахин сонгууль зохион байгуулахад хэдий хэмжээний зардал гарах бол?

-Сонгуулийг автоматжуулсан систем ашиглан явуулж байгаа тул үүнтэй холбоотой гарах зардлыг СЕХ гаргана.

-УИХ Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлөх шийдвэр гаргалаа. Тэгэхээр Хэнтийн тойрогт УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг ямар хугацаанд хэрхэн зохион байгуулах вэ?

-УИХ-ын тухай хуульд зааснаар УИХ-ын гишүүний орон гарсан суудлыг нөхөх зорилгоор нөхөн сонгууль явагдана. Сонгуулийн тухай хуульд зааснаар УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг УИХ товлон зарлана. Нөхөн сонгуулийн зохион байгуулалтын бүх ажлууд хуульд заасан тодорхой хугацаанд явагддаг. Энэ процесс ажиллагааны хугацааг тооцож сонгуулийг товлон зарладаг. Нөхөн сонгуулийн санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө аймгийн сонгуулийн хороог байгуулах ёстой. Тэгэхээр хамгийн багадаа санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө нөхөн сонгуулийг товлон зарлах шаардлагатай юм.

УИХ долдугаар сард багтаан товлон зарлавал хуулийн дагуу намар аравдугаар сарын долоонд явагдах нөхөн сонгуультай хамт УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг явуулж болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ