Д.Гантулгын шийдвэрийн цаана...
УИХ-ын гишүүн Д.Гантулга өчигдөр УИХ-ын дарга М.Энхболдод гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө. Тэрбээр хүсэлтээ өгөхийн өмнө сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. УИХ-ын гишүүн Д.Гантулга “Олон удаа та бүхэнтэйгээ индэр дээр уулзах хүсэлт тавьсан боловч боломж олдоогүй. Ер нь бол УИХ-ын гишүүн хувь хүний болон өөрийнхөөрөө шийдвэр гаргах боломжгүй өдрүүд олон байлаа. Яагаад гэвэл УИХ-ын гишүүн хувь хүн биш сонгогчид, намын хамт олон, Монгол төрийн дээд байгууллага гэх мэт олон шалтгаан байдаг. Гэхдээ би энэ удаад хувь хүний хувьд шийдвэр гаргалаа" гэдгээ мэдээллийн эхэнд тодотгосон.
Мөн “УИХ-ын гишүүн Дорждугарын Гантулга миний бие залуу насныхаа гэнэн итгэмтгий зангаас болж, ийм асуудалд орооцолдсондоо чин сэтгэлээсээ харамсаж байна. Юуны өмнө гэр бүл, хайртай ханиасаа чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна. Намайг дэмждэг үе тэнгийнхээ найз нөхөд, хамт олноосоо хүлцэл өчье. Энэ бүх давааг давж чадахгүй энэ хүрч байгаад хүлцэл өчиж байна. Итгэж төлөөлөгчөө болгосон хан Хэнтий нутгийнхаа сонгогчдодоо, намайг үргэлж дэмждэг байсан намынхаа хамт олон, намын гишүүд дэмжигчид, хууль батлалцаж байсан танхимынхаа УИХ-ын гишүүдээс хүлцэл өчиж байна.
Мөн надтай нэр холбогдож, хохирсон гэх Ч.Наранзаяа, Ч.Саранзаяа, н.Цэрмаа гэх бүсгүйчүүдээс улстөрийн золиос болсон энэ хэрэгт нэр нь холбогдож, эмэгтэй хүнийхээ хувь нэр төрөөрөө хохирсон явдалд өмнөөс нь харамсаж байгаагаа илэрхийлье. Залуу улстөрчийн хувьд ихийг хийнэ гэсэн итгэл, зүтгэлээ харуулж чадаагүй, харуулахыг хүсэж байсан ч чадаагүйдээ харамсаж байна.
Яг үнэндээ Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигчээ дэмжиж, хэт дэврүүн мэдэгдэл хийж байсандаа, яг одоо энэ үйлдлийг хийгээд зогсож байгаа хүртлээ явсандаа харамсаж байна. Монголд үнэн гэж байдаг бол гэм буруугүй гэдгээ нотолно. Улстөрийн золиос болж байгааг би ч, та ч, Монголын ард түмний маань нэгээхэн хэсэг ойлгож байгаа гэдэгт итгэж байна. Энэ бүхэн гэмт үйлдэл байгаагүй, улстөр байсан юм аа гэдгийг ойлгох тэр өдөр удахгүй ирнэ гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байна. Тиймээс УИХ-ын гишүүний албан тушаалаас түдгэлзэх биш чөлөөлөгдөх хүсэлтээ үүгээр гаргаж байна" гэв.
Түүнийг гэмт хэрэгтэй холбоотой гэх мэдээлэл өнгөрсөн оны долоодугаар сарын эхээр “олон нийтэд” ил болсон бөгөөд хохирогч гэж мэдүүлээд байгаа бүсгүйнхээр бол өдийгөөс яг нэг жилийн өмнө төрийн түшээ хүчингийн хэрэг хийсэн болж таараад байгаа.
Д.Гантулга гишүүн “УИХ-ын гишүүний албан тушаалаас түдгэлзэх биш чөлөөлөгдөх хүсэлтээ үүгээр гаргаж байна” гэсэн нь түүнийг ёстой л “од” болгов бололтой. Түүгээр зогсохгүй хүн бүрийн хардах эрх нээлттэй байдагтай адил харах өнцгүүд ч өөр өөр гарч буй нь тодорхой.
Юун түрүүнд түүний энэ үйлдлийг УИХ-аас эцэслэн шийдээгүй. Мэдээж УИХ-ын тухай хуульд заасны дагуу эхлээд байнгынхороодоор, дараа нь чуулганы хуралдаанаар хэлэлцээд, нууц санал хуралтаар шийднэ. Өмнө нь УИХ-ын гишүүнээсээ татгалзах өргөдлийг өнөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргаж, чөлөөлүүлж байсан. Харин дараа нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргал хүсэлтээ гаргасан ч УИХ-ын тухай хуульд зааснаар хэлэлцээд хүлээж аваагүй. Мань гишүүн парламентын хугацаагаа дуусгасан.
Тиймээс Д.Гантулгыг парламент өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар авч үлдсэн шигээ үлдээх магадлал бий. Мэдээж энэ хугацаанд түүнийг монголчууд аль хэдийн өрөвдөж эхэлсэн байх болно. Энэ бол эхний бас их энгийн гаргалгаа. /Угаасаа өчигдөр Д.Гантулга, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр боллоо гэх даруйд ухаантай, сайн залуу, улстөрийн золиос болсон гэх мэтээр цахим орчинд магтан дуулах ажиллагаа эхэлсэн/
Нэгэнтээ нийгэмд буруу үлгэр дууриал болсон хоёр гишүүнээ авч үлдсэн парламент бүхэлдээ муу нэр зүүсэн. Энэ үйлдлийнх нь зогссон эмэгтэй гишүүд Ерөнхийлөгчид "хоригтавиач” хэмээн хандсан, Ерөнхийлөгчийн хувьд Д.Гантулгыг бол явуулах нь тодорхой, харин Д.Муратыг хэрхэх вэ гэдэг нь нууц. Тиймээс үүнээс урьтаж Д.Гантулга хүсэлтээ өгсөн байх магадлалтай.
УИХ-ын гишүүний албан тушаалаас түдгэлзэх биш чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Үнэхээр хуулийн байгууллага буруугүй гэдгийг нь нотолбол буцаад ирнэ. Гэхдээ мэдээж Ерөнхийлөгч Д.Мурат гишүүнийг хэрхэхээс асуудал шийдэгдэх болов уу.
Түүнийг бараг УИХ-ын даргад хүсэлтээ өгөхтэй зэрэгцээд нөхөн сонгуулийн тухайн яриа гарсан. Хэрвээ УИХ-ын чуулганаас түүний хүсэлтийг ёсоор болговол УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болох нь дамжиггүй. Ингэхдээ нөхөн сонгуульд МАХН-аас Н.Энхбаяр, МАН-аас У.Хүрэлсүх аль эсхүл Хэнтий аймгийн Засаг дарга Д.Ганбямба, Үнэн ба зөв намаас Ш.Сайхансамбуу, АН-аас Ж.Оюунбаатар нар өрсөлдөж магадгүй гэх мэдээлэл бий.
Түүний хувьд УИХ-ын түүхэн дэх хамгийн залуу гишүүн хэмээн шагшуулж байсан бол хоёр жилийн дараа муу нэртэй болж, жигшигдэж үлдлээ. Мэдээж нэр төрөө цэвэрлэж, сэргээхийн төлөө тодорхой төлөвлөгөө боловсруулсан л байх. Юутай ч өөрийнх нь хэлснээр “залуу насныхаа гэнэн итгэмтгий зангаас болж” зургаадугаар сарыг хэзээ ч мартахааргүй болж байх шиг. Учир нь Д.Гантулга 2016 оны зургаадугаар сард УИХ-ын гишүүн болж, 2017 оны зургаадугаар сард хүчингийн “хэрэг хийсэн" гэх асуудалд холбогдож, 2018 оны зургаадугаар сард парламентын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байгаа аж.
Б.Төгөлдөр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ