Д.Цогтбаатар: Монголын тусгаар тогтнолын баталгааны гадаад хүчин зүйл нь Орос, Хятад хоёр
Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэх эсэх талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас тодрууллаа.
-ШХАБ-д гишүүнээр элсэх нь зөв, буруу гэсэн янз бүрийн байр суурь гарч байна л даа. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?
-ШХАБ-д гишүүнээр элсэх эсэх асуудлаар улстөрчид, судлаачид янз бүрийн байр суурь илэрхийлж байна. Монгол Улс бол нээлттэй ардчилсан орон. ШХАБ-д Энэтхэг, Пакистан Улс нэгдэж, өөрийн гэсэн стратегийн бичиг баримтаа боловсруулснаас хойш тус байгууллагын нөхцөл байдал өөрчлөгдсөн.
Энэ өөрчлөлтийг судалж, гишүүнээр элсэх эсэхээ шийдэхийг улстөрчид, судлаачид хэлж байна. Манай албан ёсны байр суурь бол Орос, Хятад Улстай стратегийн түншлэлийн харилцаатай байх. Стратегийн түншлэлийн харилцаа гэдэг бол нэг талаараа оршин тогтнохуйн харилцаа.
Өөрөөр хэлбэл, Монгол Улс оршин тогтноход энэ хоёр улсын түншлэл чухал хэрэгтэй гэсэн үг. Бид тэдэнтэй бүх л зүйлд хамтарч ажиллах хэрэгтэй.
-ШХАБ-д элссэнээр хоёр хөрштэйгөө нягт харилцаатай болох ч гуравдагч хөршийн харилцаа суларна гэж үзэх хүмүүс байгаа. Мөн Орос, Хятад Улсаас хэт хараат болно гэсэн болгоомжлол байна л даа?
-Ингэж үзэх хүмүүс байгаа. Орос, Хятад хоёр улсыг манай улсын тусгаар тогтнолд далдуур сөргөөр нөлөөлөх нь гэж болгоомжилж байгаа юм билээ. Харин манай улс оршин тогтноход энэ хоёр улсын түншлэл хэрэгтэй. Бид энэ асуудлыг дотооддоо л ярьж, шийдэх ёстой. Хөрш орнуудынхаа эсрэг зүйл ярих нь Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй. ШХАБ-д элсэх эсэх асуудлыг ярьж байхдаа хоёр хөрш рүүгээ маш их дайрч байна. Үүнээс би их болгоомжлоод байгаа юм.
Энэ асуудлыг эсэргүүцэж байгаа хүмүүс Орос, Хятад хоёр улс нийлчхээд Монголыг ганхуулах гэж байгаа мэтээр ярьж байна. Харин гадаад бодлогын үзэл баримтлалд Монгол Улсын тусгаар тогтнолын гадаад хүчин зүйлийн тэргүүн эгнээнд Орос, Хятад хоёр улс байдаг юм. Энэ хоёр улсын дараа бид бусад улс оронтой харилцаагаа тогтооно. Тэгэхээр Монголын тусгаар тогтнолын баталгааны гадаад хүчин зүйл нь Орос, Хятад хоёр улс юм.
-Тэгэхээр манай улс ШХАБ-д элсэх нь зайлшгүй гэж ойлгож болох уу. Манай улсад гарах эерэг үр дүн нь юу байх бол?
-ШХАБ стратегийн бичиг баримтаа боловсруулснаас хойш нэг зүйл тодорхой болсон. Юу вэ гэвэл энэ байгууллага цэргийн эвсэл биш. Аливаа нэг улсын эсрэг чиглэсэн байгууллага биш. Дотооддоо тулгамдсан асуудал болон терроризм, хар тамхитай тэмцэх зэрэг бидэнд хэрэгтэй олон асуудлыг ярьж байгаа. Манай Монголд хар тамхины асуудал ямар их хурц болж байгаа билээ. Бид хар тамхины хэргүүдийг илрүүлэхийн тулд тусгай байгууллагын мэдээллийг ашигладаг.
Гэтэл хоёр хөршийн тусгай байгууллагуудын мэдээллийг авч чадахгүй бол их мөнгөтэй холбоотой далд хэлбэрийн хэргүүдийг илрүүлэх боломжгүй болно. ШХАБ жилдээ 380 гаруй хар тамхины хэрэг илрүүлдэг. Өдөрт нэг хэрэг илрүүлдэг гэсэн үг шүү дээ. Тиймээс бид яриа хэлэлцээрээ эрүүлээр үргэлжлүүлэх ёстой. Хөрш орнуудаа хардаж, сэрдэхгүйгээр шийдэх боломж байгаа шүү дээ.
Б.Цэнд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ