Ж.Бат-Эрдэнэ: Актлагдсан 1000 вагоны асуудал Б.Цогтгэрэлд биш Д.Ганбатад хамаатай
Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэтэй Тавантолгой төслийн хүрээнд яригдаж буй Зүүнбаян-Ханги болон бусад төмөр замын асуудлаар ярилцлаа.
-ЗҮҮНБАЯН-ХАНГИ ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ БҮДҮҮН ЦАРИГААР БАРИНА-
-Засгийн газраас Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг концессоор бариулах шийдэлд хүрсэн. Энэ замыг тавих зайлшгүй шаардлага нь юу юм бэ?
-Саяхан Засгийн газраас Тавантолгойн орд газраа ашиглая. Энэхүрээнд дөрвөн чиглэлд төмөр зам, хоёр чиглэлд автозам барих шийдэлд хүрсэн. Гэхдээ Тавантолгой төслийн танилцуулгатай хамтатган оруулж ирж буй Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам нь энэ төсөлд хамааралгүй юм. Мэдээж уул уурхайн салбартай бол холбогдоно. 2010 онд УИХ-аас Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг тогтоол гаргаж баталсан байдаг. Энэ бодлогын жагсаалтад Зүүнбаян-Ханги чиглэлийг нэмж оруулж байгаа юм. Манай төв магистрал зам урагшаа Эрээн боомтоор гарч байгаа.
Эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор Эрээн боомт хүчин чадлаа дийлэхгүй байна. Хоёр улс төмөр замын асуудлаар жил бүр хэлэлцээр хийдэг. Уг хэлэлцээрээр 14 галт тэрэг хүлээж авахаар хамгийн сүүлд тохиролцоонд хүрсэн. Гэтэл одоогийн байдлаар 12л хүрч байгаа. Бидний санаа бол 14 хүргэчихмээр байдаг. Энэ нь цаад талдаа хүчин чадал бага байгаатай холбоотой. Мөн вагон найруулалт /ачаа тээврийн ангилалт/ цаад талд хийгдэж байгаа нь бас нөлөөлж байна. Манайх эндээ ангилчихъя гэхээр хүчин чадал бас хүрэхгүй байна. Үндсэндээ хоёр талд хүчин чадлын дутмаг байдал үүсчихээд байна гэсэн үг. Тэгэхээр тал талдаа асуудлаа шийдэх зайлшгүй шаардлага үүсчихээд байна.
-Эдийн засгийн өгөөжийн хувьд ч харьцангуй өндөр хүлээлттэй байгаа хэрэг үү?
-Зүүнбаян-Ханги чиглэлд төмөр зам тавигдсанаар Эрээн боомтын хүчин чадал нэмэгдэнэ. Одоогийн байдлаар Эрээн боомтоор нүүрс, төмрийн хүдэр тэргүүтэй нурмаг ачаа тээвэрлэх боломж асар хомс байгаа. Тиймээс ч нурмаг ачаагаа гаргах шинэ гарцыг бид бий болгох шаардлагатай байгаа юм. Гэхдээ мэдээж Зүүнбаян-Хангиар зөвхөн нурмаг ачаа гаргана гэж зааж өгөхгүй нь тодорхой. Хангиас ердөө 400 км-ын цаана төмөрлөгийн үйлдвэрлэлийн бүс болох Бугат хот байна. Эдийн засгийн үр өгөөж нь өндөр байгаа учраас шинэ шугам нээх нь зүйтэй юм байна гэсэн шийдэлд ерөнхийдөө хоёр улс байр сууриа нэгтгэчихсэн. Үүнийгээ Засгийн газрын хуралдаанаар оруулаад, албажуулаад явж байгаа нь энэ юм.
-Зүүнбаян-Ханги чиглэлд баригдах төмөр замын өртгийн ерөнхий төсөөлөл нь гарсан уу?
-Нийтдээ энэ чиглэлийн 270 км төмөр замыг 1 тэрбум гаруй ам.доллараар барина гэсэн ерөнхий төсөөлөлтэй байгаа. Гэхдээ бид үүн дээр эдийн засгийн үндэслэлээ гаргаж чадаагүй явна.
-ТЭЗҮ нь хийгдээгүй гэсэн үг үү?
-ТЭЗҮ хийгдээгүй. Ерөнхий байдлаар УБТЗ-ын хүрээнд хийсэн тооцоолол Засгийн газрын түвшинд яригдсан. Сайншандаас Зүүнбаян хүртэл 60 км орчим төмөр замаа хүчитгэе. Түүнээс цааш Зүүнбаян-Ханги чиглэлээр тусад нь ярихаар болсон.
-Цариг нь?
-Өргөн царигаараа тавигдана. Гол нь энэ чиглэлийг Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод багтааж өгч байгаа юм. УИХ-аар асуудлууд нь хэлэлцэгдээд батлагдахаар, бид нарийн ажлууд руугаа орно гэсэн үг.
-ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫГ ХУУЧИН
СУУРИН ДЭЭР НЬ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ-
-Ачаа эргэлт яг бодитойгоор нэмэгдэх үү?
-Яг тодорхой тоо хэмжээ хэлэх боломжгүй. Энэ нь өөрөө эдийн засгийн анхны төсөөлөл учраас тэр. Одоо тодорхой байгаа нэг зүйл нь, би дээр хэлсэнчлэн Эрээн боомтын хүчин чадал хоёр талдаа дутагдаад байна. Өнөөдөр л гэхэд 60 гаруй вагон хүлээгдээд зогсож байна. Бүр 20 гаруй хоносон чингэлгүүд ч байна. Энэ бөөгнөрлүүдийг сааруулах хэрэгтэй байна. Шинэ гарц нээгдсэнээр ачаа эргэлт эрс нэмэгдэх нь тодорхой.
-Яг одоогийн байдлаар энэ концесст оролцох хүсэлтээ илэрхийлсэн байгууллага байгаа юу?
-Яг албан ёсоор бидэнд хандсан ААН одоохондоо байхгүй. Саналууд нэлээд яригдаж байна. Тэр дундаа Бугат хотоос албан бусаар концесст оролцох хүсэлтээ илэрхийлсэн ААН-үүд гарсан байна лээ. Ер нь төмөр зам ярихаар л Ж.Бат-Эрдэнэ л тавихгүй байгаа юм шиг ойлголт яваад байна. “Ж.Бат-Эрдэнэ ээ, замаа тавь” л гээд байх юм. Энэ зам чинь ачаатай байж тавигдах ёстой. Өөрөөр хэлбэл, энэ замаар хэн, ямар ачааг, хэдий хугацаанд тээвэрлэх юм бэ гэдгээ бид тодорхой болгох ёстой. Ингэж байж эдийн засгийн эргэлт нь явах боломж бүрдэнэ. Бид үүнийгээ бүрдүүлэхийн төлөө эхлээд ажиллах ёстой.
-Та Зүүнбаян-Ханги чиглэлд төмөр зам барьж эхлэх хугацааг хэрхэн төсөөлж байна вэ?
-Яг төмөр замын ажил эхлэх хугацааг тодорхой хэлэх боломж байхгүй. Эхлээд саналууд нь орж ирнэ, ТЭЗҮ-гээ тодорхой болгоно. Бид одоогоор УБТЗ-ын хүрээнд л ерөнхий төсөөлөл боловсруулаад байна.
-Эдийн засаг, хүчин чадлынхаа хувьд “УБТЗ” ХНН Зүүнбаян-Ханги чиглэлд төмөр зам тавих боломжтой юу?
-Техникийн хүчин чадал нь бол байгаа. УБТЗ жилдээ 60 км зам барих хүчин чадалтай. Энэ хүчин чадлыг нэмэгдүүлж ч болох юм билээ.
-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд төмөр зам барихаар тавьсан далан дээрээ шууд барихаар тооцож байгаа юм уу?
-Энэ чиглэлийн төмөр замын ажил ТЭЗҮ-тэй, зам тавигдах бэлтгэлээ хангасан талбайтай. Санхүүжилтгүйн улмаас түр зогсчихоодбайна. Ингэж л ойлгох ёстой юм. Цаашид санхүүжилтээ хийгээд, ажлаа үргэлжлүүлнэ гэсэн үг. Өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд далан нь сэтрэх зэргээд эвдрэл явагдсан байгаа. Үүн дээрээ жаахан нэмэлт зардал гаргаад л, цаашдаа ажлаа үргэлжлүүлнэ.
-Тавантолгой төслийн хүрээнд дөрвөн чиглэлд төмөр зам барихаар Засгийн газар тооцоолсон. Үүнээс Зүүнбаян-Ханги концессоор баригдана гэвэл үлдсэн гурван чиглэлийнхээ санхүүжилтийг хэрхэн зохицуулах вэ?
-Ерөнхий байдлаар Тавантолгойн бүсчлэлд хамаарах төмөр замуудаа бид энэ төсөлд багтааж тооцсон. Гэхдээ яг Тавантолгой төслийн хүрээнд хийгдэх төмөр зам нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэл. Олон нийтэд нэг зүйл дээр ойлголт сайн өгөх хэрэгтэй байгаа юм. Төмөр зам гэхээр л хаанаас ч хамаагүй мөнгө босгоод барьчихдаг юм биш. Тавантолгой төсөлд хөрөнгөө оруулж байгаа хүн яг аль дэд бүтцэд нь мөнгөө зарцуулах юм бэ. Оруулсан мөнгөө хэдий хугацааны дараа хэрхэн олох вэ гэдгээ тооцоолж байж, шийдвэрээ гаргана. Тийм болохоор л Зүүнбаян-Хангийг Тавантолгой төслөөс салгаж үзээд байгаа юм. Тавантолгой төсөлд хөрөнгө оруулагч Зүүнбаян-Ханги руу зам тавихгүй нь тодорхой учраас тэр. Шивээ хүрэн ч бас тийм. Тэгэхээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэл Тавантолгой төслөөс, бусад нь холбогдох эдийн засгийн үндэслэлээсээ хамааран санхүүжилтээ татна гэсэн үг.
-АКТЛАГДСАН 1000ВАГОН ОРЖ ИРСЭН НЬ ҮНЭН-
-Тасайдынхаа чиг үүргийн хүрээнд “УБТЗ” ХНН-т ямар оролцоотой вэ?
-Ерөнхийдөө бодлого талаасаа чиглэл өгөх үүрэг хүлээдэг. Тээвэрлэлтийн зохицуулалт, дамжин өнгөрөх тээврийн бодлого, дотоодын тээврийг төрийн бодлогын хүрээнд зохицуулах байдлаар чиглэл өгч ажилладаг. Уг нь нарийн яривал “УБТЗ” ХНН Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай холбогдоод явах ёстой байгууллага. Нэг ёсондоо би салбарын сайдын хувиар төрийг төлөөлсөн эзэмшигч нь гэсэн үг. ОХУ-ын талаас бол Оросын төмөр зам, манай талаас Зам, тээврийн хөгжлийн яам төлөөлдөг.
-Дэд сайд чинь шууд оролцоотой юу?
-Дэд сайд “УБТЗ” ХНН-ийн хамтарсан зөвлөлийн Монгол талын даргаар ажилладаг.
-Та салбар яамыг удирдаж буй сайдынхаа үүднээс дэд сайд Б.Цогтгэрэлийн оролцоотойгоор “УБТЗ” ХНН актлагдсан 1000 вагон оруулж ирсэн гэх асуудлыг хянаж үзсэн үү?
-Хянаж үзсэн. Нийтдээ 1000 вагон оруулж ирэхээр гэрээ хийгдсэн байна лээ. Энэ харилцааг зохицуулсан сайдын журам бий. Журамднасжилтын тоог тодорхой хязгаарт бариулах асуудлыг тусгаж өгсөн байдаг. Тэр тооноос насжилт нь өндөрвагон орж ирсэнбайна лээ.
-Актлагдсан, манайд хэрэглэхийг журмаар хориглосон вагон орж ирсэн нь үнэн юм байна, тийм үү?
-Актлагдсан 1000вагон орж ирсэн үнэн. Өөрөөр хэлбэл, ОХУ-даа ашиглагдах боломжгүй гэж үзсэн вагонуудыг оруулж ирсэн гэсэн үг.
-Тэгэхээр сайдын журмыг зөрчсөн болж таарч байна?
-Сайдынхаа журмыг зөрчсөн байна. Тухайн үед Д.Ганбат сайд журамд өөрчлөлт оруулах саналаа Хууль зүй, дотоод хэргийн яам руу явуулсан юм билээ. Өөрчлөх хүсэлтээ явуулсныхаа дараа вагонуудаа оруулаад ирчихсэн байгаа юм. Харин ХЗДХЯ-наас зөвшөөрөөгүй, буцаагдсан юм билээ. Тэгэхээр яалт ч үгүй сайдынхаа журмыг зөрчсөн шийдвэр болчихсон байгаа юм.
-Энэ асуудалтай холбогдуулан дэд сайддаа хариуцлага тооцох уу?
-Энэ нь дэд сайдын хийсэн ажил гэхээсээ илүү тухайн үеийнх нь сайдын шийдвэр. Дэд сайд Монгол талаа л тэнд төлөөлж очиж байгаа. Эндээс удирдамжийг сайд шууд байдлаар төлөөлдөг. Төрийн өмч гэдэг утгаараа сайд нь нэг ёсондоо хувь эзэмшигч болчихдог. Тиймээс сайд л бүх удирдамжийг өгнө. Тэгэхээр актлагдсан 1000 вагон авсан асуудал Б.Цогтгэрэлд биш Д.Ганбатад хамаарна.
-Таныг дэд сайдаа АТГ-д шалгуулахаар өгсөн гэж сонслоо. Үнэн үү?
-Үгүй. Дэд сайд өөрөө сайдын орлогч. Сайдын өгсөн үүрэг даалгавар, удирдамжийн дагуу дэд сайд ажиллах учиртай. Энэ салбарт удаагүй, арга барил нь дутмаг зэрэг алдаа дутагдлууд байгаа. Үүнийг нь засаад л ажиллаж байгаа.
Ж.Мядагбадам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ