Б.Энх-Амгалан: Хэзээ нэгэн цагт Монгол Улс ШХАБ-ын гишүүн болно гэдэгт эргэлзэхгүй байна

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалантай ярилцлаа.

-Монгол Улс ШХАБ-д элсэх эсэх асуудлыг УИХ, Засгийн газрын төвшинд ярьж байна. Энэ асуудлаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Бид ШХАБ-ыг ярихаасаа өмнө олон улсын харилцааны чиг хандлага хаашаа явж байгааг харах ёстой. Өмнө нь дэлхий нийтээрээ олон туйлт харилцаагаар явж байсан. Өөрөөр хэлбэл, дэлхий хавтгай болж байгаа учраас глобалчлал явуулах ёстой гэсэн зарчмын байр суурьтай байжээ. Энэ нь ч манай улсад үр дүнгээ өглөө. Харин өнөөгийн нөхцөл байдлыг харахад олон улсын харилцаа Европын холбоо, Арабын холбоо, Евразийн холбоо гэх мэт бүс нутгийн шинжтэй болж байна.

Бүс нутгаараа манай улс төв Азидаа хамаардаг. Далайд гарцгүй улс. Харин ШХАБ-ын гол хоёр түнш нь Орос, Хятад Улс. Тиймээс манай улс бүс нутгийнхаа харилцаанд нэлээд идэвхтэй байр суурьтай байх зарчмын асуудал бий. Гэхдээ энэ асуудлыг олон талаас нь судалж үзэх ёстой. Бидний хүнд хэцүү байсан үед хандивлагч болж хамт байсан олон орон бий. Тиймээс энэ орнуудтай харилцах харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг зөв тооцоолох нь чухал.

Үүнээс гадна ШХАБ гэж ямар байгууллага болох талаар хүмүүс өөр өөр байр суурьтай байдаг. Зарим нь цэргийн байгууллага гэдэг бол зарим нь цэргийнх биш гэдэг. Харин энэ байгууллага цэргийнх биш гэдгээ зарлаж, Энэтхэг, Пакистан Улсыг гишүүнээр элсүүллээ. Манай улсын хувьд бүс нутгийн харилцаагаа хөгжүүлэх, тэр дундаа Монгол, Орос, Хятадын дундуур явуулах эдийн засгийн коридорын асуудлыгсайжруулах, томоохон төслүүдээ хөдөлгөе гэвэл ШХАБ-д элсэхээ шийдэх л ёстой. Хэзээ нэгэн цагт Монгол Улс ШХАБ-ын гишүүн болно гэдэгт би эргэлзэхгүй байгаа. Тиймээс бид судалж, төрийн нарийн бодлого явуулах нь зүйтэй.

-ШХАБ-д элсэх талаар Засгийн газар УИХ-д мэдээлэл танилцуулж, хаалттай байдлаар хэлэлцсэн. Засгийн газар ямар суурьтай байгаа бол?

-Засгийн газар энэ асуудлыг хэлэлцүүлэхээр оруулж ирсэн. Ерөнхийдөө тал талаасаа саналаа ярьж байна. ШХАБ-д элсэхэд болохгүй зүйл байхгүй байлгүй дээ.

-ШХАБ-д элсвэл гуравдагч хөршийн хамтын ажиллагаа хумигдана гэсэн болгоомжлол байгаа л даа?

-Засгийн газраас бидэнд өгсөн мэдээллээр гуравдагч хөршийн харилцаа хумигдахгүй юм билээ. ШХАБ бол эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих байгууллага. Тиймээс хамтран ажиллахад асуудал байхгүй. Ер нь элсэх нь зөв гэсэн байр суурьтай байгаа юм билээ. Тэгэхээр бидэнд ямар нэгэн байдлаар ноцтой нөлөөлөхгүй байх.

-Тавантолгойг хөдөлгөх хувилбарыг Засгийн газраас танилцуулж байгаа. Та энэ төслийг хөдөлгөх хувилбарт ямар саналтай байгаа вэ?

-Эдийн засгаа зөв голдрилд нь оруулахын тулд томоохон төслүүдээ хөдөлгөх нь зөв. Би Засгийн газрын хувилбарыг дэмжиж байгаа. Монгол Улс одоо төмрийн хүдэр, нүүрс хоёрыг л их хэмжээгээр экспортолж байна. “Ханги-Мандал” боомтоос 130 километрийн цаана нүүрс болон төмрийн хүдрийн хамгийн том хэрэглэгч буюу Бутатын төмөрлөгийн үйлдвэр байгаа. Энэ үйлдвэр нэг жилд таван сая тонн коксжих нүүрс, зургаан сая тонн төмрийн хүдэр хэрэглэдэг гэсэн.

Энэ хэрэглээг бид нийлүүлэх боломжтой эсэх, Бугатын төмөрлөгийн үйлдвэртэй урт хугацааны гэрээ байгуулах боломжийг судлах ёстой. Хэрвээ гэрээ байгуулчихвал бүгээгдэхүүнээ хоёрдогч, гуравдагч худалдан авагчаар дамжуулахгүй шууд үйлдвэрлэгч рүү нийлүүлэх боломжтой болно. Хоёрдугаарт, Монгол Улс тал талын гарцтай байх ёстой. Зөвхөн Хятад Улс гэлтгүй ОХУ руу экспортлох гарц нээх хэрэгтэй. Тухайлбал, Дорнодын буюу Хатавч боомтоос 240 километрийн цаана жилд 850 сая тонн нүүрс экспортолж байна. Харин манай улс жилд 17 сая тонн нүүрс гаргадаг. Үүнийг нэмэхийн тулд хэд хэдэн гарц нээх хэрэгтэй гэсэн үг.

ОХУ руу экспорт гаргахаар тээврийн зардал нэмэгдэнэ гэдэг. Харин энэ асуудлыг Засгийн газар хоорондын дэд комиссын хуралдаанаар ярилцаж, ОХУ манай улсад төмөр замын тарифтаа 45-93 хувийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргасан. Тиймээс төмөр замаар дамжиж алс дорнодод бүтээгдэхүүнээ гаргах боломжтой гэж хараад байгаа юм. Энэ мэт зах зээлийн гаргалгааг судалж байж Тавантолгойг хөдөлгөөсэй гэсэн байр суурьтай байна. Мөн Тавантолгойг зөв хөдөлгөвөл жилд 100 сая тонн нүүрс олборлох боломжтой гэдгийг Засгийн газрынхан халж байгаа. Хэрвээ ийм хэмжээний нүүрс олборлож чадвал төсвийн орлогод их хэмжээний дэмжлэг үзүүлэх болно.

-Та эдгээр саналаа Засгийн газарт өгсөн үү?

-Хэд хэдэн төсөл өгсөн. Бид транзит тээврээс тун боломжийн орлого олно. Уул уурхайн бүтээгдэхүүнээ зөв гаргавал эдийн засагт томоохон өөрчлөлт оруулах боломж бий. Мөн уул уурхайгаас гадна эдийн засагт том өөрчлөлт авч ирэх салбар бол мал аж ахуй. Мал аж ахуйн гаралтай түүхий эдийг иж бүрэн боловсруулах ажил их чухал. Малын гаралтай түүхий эдийг боловсруулах Аж үйлдвэрийн технологийн парк барьчихвал жилд нийлүүлж буй 10 сая ширхэг арьс, 400-500 мянган тонн ноос, 6-8 мянган тонн ноолуураа боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн хийх экспорт нэмэгдэхийн зэрэгцээ ажлын байр ихээр бий болно.

Ингэхийн тулд бид монгол малаа эрүүлжүүлж, амьдын жинг нь нэмэх ёстой. Малын өвчлөлийг бууруулахын тулд сум бүрт дэлхийн жишигт нийцсэн мал эмнэлгийн газартай байх ёстой. Ингэж чадвал малын гаралтай бүтээгдэхүүнээ гадагшаа нийлүүлэх боломж гарна. Малын таваарлаг чанарыгсайжруулахаасгадна эцсийн бүтээгдэхүүн бэлтгэх шаардлагатай.

-Засгийн газраас Тавантолгой төслийг хөдөлгөх ажлыг шуурхайлж байгаа хэр нь үнэлгээ хийгээгүй гэсэн шүүмжлэл байгаа. Энэ ямар учиртай юм бэ?

-Бүлгийн хурлаар энэ асуудлыг ярьсан. Судалгаа болон эдийн засгийн ашгийн тооцоогоо сайн хийж, гарцаа зөв тодорхойлбол энэ төслийг хөдөлгөх нь зөв гэсэн байр суурь гарсан. Одоо Засгийн газар тооцоо судалгаагаа хийж байгаа байх.

-Оюутолгойн гэрээг эргэж харах талаар яригдах боллоо. Энэ асуудалд та ямар байр суурьтай байдаг вэ?

-Оюутолгойн гэрээг сайжруулах ёстой. Яагаад гэвэл төсөвт орох ёстой, Монголын ард түмний ирээдүйн сайн сайхны төлөө зарцуулах ёстой мөнгө арай өөр шугамаар буюу Дубайн төлөвлөгөө мэтээр хойшлох хандлага байна. Тиймээс Оюутолгойн гэрээг эргэж харж, сайжруулах ёстой. Харин хөөж гаргах асуудал байж болохгүй.

-Нийслэлээс сонгогдсон гишүүний хувьд танаас асууя. УИХ-аар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байгаа. Энэ хуулийн төслөөр нийслэлийн эрх зүйн байдлыг сайн шинэчилж чадах болов уу?

-Би Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг нийслэлийн ИТХ-д байхдаа ч ярьдаг байсан. Нийслэл бол том айл. Энд улсын хүн амын 50 хувь нь оршин сууж байна. Төсвийн орлогын ихэнхийг нийслэл бүрдүүлж байгаа. Гэтэл нийслэлийн статус аймгийн статустай адилхан болчхоод байгаа юм. Тэгэхээр нийслэлийн статусыг өөрчлөх асуудал их чухал.

Хуулийн төсөлд нийслэл өөрийгөө санхүүжүүлдэг, хөрөнгийн зах зээлд гарах боломжтой зэрэг зохицуулалт байх шаардлагатай. Нийслэлд тулгамдсан асуудал олон бий. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд хувийн саналаа өгсөн байгаа. Хэлэлцүүлэгт нь идэвхтэй оролцоно гэж бодож байна.

-Хүн ам ихтэй дүүргүүдийг хоёр хуваах эсвэл хот болгох зэрэг санал гарч байсан?

-Дүүргүүдээс гадна аймгууд ч хот болох сонирхол байгаа юм билээ. Даланзадгадад ажиллаж байхад хүмүүс “20 мянган хүн амтай сум байж болохгүй” гэдгийг хэлж байсан. Энэ үүднээс нийслэл, дүүргүүдийн статусыг харж үзэх талаар гишүүдэд санал ирж байгаа. Үүнийг ажлын хэсгийн хурлаар ярина.

-“Монгол-Оросын санаачилга 2018” арга хэмжээ удахгүй болох гэж байна. Уг арга хэмжээг зохион байгуулах хүмүүсийн нэг нь та. Энэхүү арга хэмжээний хүрээнд ямар ажил зохион байгуулахаар төлөвлөсөн бэ?

-“Монгол-Оросын санаачилга 2018” арга хэмжээ энэ сарын 7-10-нд Улаанбаатар хотод болох гэж байна. Арга хэмжээний хүрээнд нэлээд олон цуврал арга хэмжээ зохион байгуулна. Тухайлбал, хоёр улсын бизнес эрхлэгчдийг хамруулсан эдийн засгийн чуулга уулзалт, ОХУ-ын тэргүүлэх техник технологийн үзэсгэлэнгээс гадна ОХУ-ын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн болно. Мөн И.Моисеевын нэрэмжит ОХУ-ын академик чуулгын тоглолт, залуу жудочдын халз барилдаан, фото зургийн үзэсгэлэн, өсвөрийн залуу зохион бүтээгчдийн үзүүлэн тоглолт болно.

Энэхүү арга хэмжээ нь хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд хоёр улсын Засгийн газар, холбогдох яамд хамтран зохион байгуулж байна. Миний хувьд Эдийн засгийн чуулга уулзалтыг зохион байгуулах Монголын талыг хариуцсан ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. Жил ирэх тусам энэ арга хэмжээний цар хүрээ тэлж, оролцогчдын тоо нэмэгдэж байна.

Монгол-Оросын харилцаанд шинэ хуудас нээж, эдийн засгийн харилцаанд бодит хувь нэмэр оруулах байх гэж найдаж байгаа. Арга хэмжээний үеэр ОХУ-ын банк санхүүгийн байгууллагын төлөөллүүдээс гадна бүс нутгийн удирдлагууд ирнэ. Эрчим хүч, дэд бүтэц, боловсролын асуудлаар салбар хуралдаан зохион байгуулахаар төлөвлөсөн.

-Эдийн засгийн чуулга уулзалтаар ярилцах гол чиглэл нь юу байна вэ?

-Таван чиглэлээр голчлон ярилцана. Тухайлбал, Монгол-Оросын олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, бараа эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, хилийн болон бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зэрэг чиглэлээр ярилцана.

Мөн Монгол-Оросын хил орчмын мужуудын хамтын ажиллагаа, Монгол-Оросын хөрөнгө оруулалт, санхүүгийн хамтын ажиллагаа, Эрчим хүчний хамтын ажиллагаа, хоёр талын харилцааг шинэ шатанд хүргэх гарц, Монгол Улсын дэд бүтцийн хөгжил, шинэчлэл, аж үйлдвэр, зам тээвэр, барилгын төслүүдийг хэрэгжүүлэх, Хөдөө аж ахуйн үйлдвэрийн цогцолбор, хүнс хөнгөн үйлдвэрийн салбарт хоёр талын хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр салбар хуралдаан болно.

Б.Цэнд-Аюуш

СЭТГЭГДЭЛ БИЧИХ