Төрөөд удаагүй эх эмнэлгийн цонхоор үсэрч амиа алдсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна

ЭХЭМҮТ-д эрүүл саруул амаржсан эх эмнэлгийн цонхоор унаж амиа хорлосон харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 1-нд буюу Хүүхдийн баярын өдрийн 06 цагийн орчимд эл харамсалтай хэрэг гарсан бөгөөд талийгаач ЭХЭМҮТ-ийн гурван давхрын цонхноос үсэрсэн байжээ.

Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар, амиа алдсан 27 настай бүсгүй тавдугаар сарын 26-нд төрсөн бөгөөд эмнэлэгт 4-5 хонож байсан аж. Мөн сахиуртай байсан гэх бөгөөд сахиур нь түүнийг ийм үйлдэл хийснийг ч мэдээгүй, унтаж байсан бололтой. Болсон явдлыг нягтлан шалгаваас ар гэрийн ямар нэг дарамт шахалт байхгүй, хүүхэд нь эрүүл саруул төрсөн, юуны учир ийн амиа хорлох болсон нь тодорхойгүй байгаа юм байна.

Бид уг хэрэг явдал юунаас болсон талаар ЭХЭМҮТ-ийн албаны эх сурвалжтай холбогдоход “Тийм хэрэг гарсан нь үнэн. Гэхдээ эмнэлгийн зүгээс ямар ч зүйл мэдэхгүй байна. Тухайн үед сахиураас нь гадна эмч нар ч юу ч мэдээгүй. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа учраас бидэнд мэдэх зүйл байхгүй” гэсэн хариулт өглөө. Эл хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

-ДӨНГӨЖ ТӨРСӨН ЭХЧҮҮД ХӨНГӨН БОЛОН ХҮНД ХЭЛБЭРИЙН
СЭТГЭЛ ГУТРАЛД АВТДАГ-

Төрсний дараа эхчүүдэд тохиолддог хямрал түүнд хүчтэй нөлөөлсөн байж ч болох талтайг учир мэдэх хүмүүс хэлж буй юм. Тиймээс дөнгөж төрсөн эхчүүд болон тэдний асран хамгаалагч нарт анхааруулах үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ.

Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл эмэгтэй хүн жирэмсэн байх арван сарын хугацаанд цусанд эм бэлгийн даавар буюу эстроген, прогестерон байнга өндөр хэмжээнд байдаг төдийгүй төрсний дараа дааврын хэмжээ гэнэт буурснаас сэтгэлзүйд олон өөрчлөлтүүд гардаг аж.

Эм бэлгийн дааврын зохицуулга нь төрснөөс хойш 7-14 хоногт хэвийн байдалдаа буцаж ордог бөгөөд дааврын улмаас үүсч байгаа өөрчлөлтүүд нь эмгүйгээр засагдах учир нь үүнтэй холбоотой байдаг. Дааврын огцом бууралт болон бусад нөлөөллүүдээс үүдэн төрсөн эх цочромтгой, түргэн ууртай, уйламхай, олон ааштай, нойргүй, гунигтай, зожиг ганцаардмал, хоолондоо сонирхолгүй, эсвэл эсрэгээрээ хэт их идэх, мөн бэлгийн дур хүсэл буурах зэрэг өөрчлөлтүүд гардаг байна. Энэ үед тохиолддог сэтгэл гутралыг хоёр ангилж үздэг байна.

"ХӨНГӨН" хэлбэрийн сэтгэл гутрал (baby blue): Энэ нь ихэвчлэн төрсний дараах эхний хоёр долоо хоногт дээрх байдал илэрдэг бөгөөд ямар нэгэн эмчилгээ шаардлагагүй бөгөөд аяндаа хэвийн байдалдаа ордог.

"ХҮНД" хэлбэрийн сэтгэл гутрал (postpartum depression): Хэрэв сэтгэл санааны тогтворгүй байдал хоёр долоо хоногоос дээш хугацаагаар үргэлжилвэл төрсний дараах сэтгэл гутрал гэж үздэг.

~Сэтгэл гутралыг засахгүй бол эх хүн өөртөө болон хүүхэддээ санаанд оромгүй байдлаар сөргөөр хандаж эхлэх

~Үргэлж золгүй байдлыг зөгнөж бодох, улмаар ярьж эхлэх

~Байнгын сэтгэл түгшүүртэй болох

~Улмаар эх хий зүйл харах, дэмийрэх гэх мэт сэтгэцийн гүн эмгэгтэй болох шинж тэмдэг илэрдэг аж.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ