Под станцын галд түлэгдсэн эмэгтэй нас баржээ
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Алтай 28-р гудамжинд байрлалтай цахилгаан хуваарилах байгууламжийн ойролцоо гурван хүн түлэгдсэн ноцтой осол гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Хэрэг явдлыг сөхвөл өнгөрсөн тавдугаар сарын 25-нд 16.05 цагийн орчимд цахилгаан хуваарилах байгууламжид 25 настай бүсгүй хоёр бага насны эрэгтэй хүүхэд дагуулаад санамсаргүй орсон бололтой. Энэ үед гэнэт цахилгаан буудсанаас болж гурвуулаа түлэгдсэн. Одоогоор уг ослын талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт хараахан гараагүй байна. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм.
Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр “Шалгалтын ажиллагааны явцад буюу урьдчилсан мэдүүлгээр тус дэд станцын хаалга онгорхой байсан. Тодруулбал, бага насны хүүхдүүд дэд станцад ороод багаж, төмөр түлхүүр шидсэн байж болзошгүй. Энэ үед түүнд цохиодох масс үйлчилсэн гэсэн нөхцөл байдал тогтоогдсон. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэсэн хариулт өглөө.
Харин ослын үеэр түлэгдсэн Б.Анар-төгс хүүгийн ээж Д.Шүрэнчимэгтэй эргэн холбогдоход тэрбээр “2018 оны тавдугаар сарын 31-ний орой 25 настай Н нас барсан. Хариуцсан байцаагч нь эмэгтэйг нас барснаас хойш 22.00 цагийн үед байцаалт авсан гэсэн. Миний хүүгийн нүүрний хаван буусан ч нүд нь өнгө ялгахгүй, бүрэлзээд эхэлсэн. Тиймээс хагалгааг нь түр хойшлуулсан байгаа. Өнөөдөр нүдний эмнэлгээр явж байна. Бидэнтэй өнөөдрийн байдлаар хэн ч ирж уулзаагүй” гэв.
Эндээс гаднын хүн орохыг хориглосон аюултай объектын хаалга яагаад онгорхой байсан бэ гэх асуулт урган гарч байна. Иймд бид тус дэд станцыг барьсан 'Мон-Энержи Корпораци' ХХК компанитай болсон хэрэг явдлын талаар тодруулах гэсэн боловч хариулах эзэн олдсонгүй. Тус компанийн зүгээс бид “Нийслэлийн хот төлөвлөлтийн ерөнхий газарт 2017 оны наймдугаар сарын 31-ны өдөр тус дэд станцыг хүлээлгэн өгсөн” гэсэн хариулт хэллээ. Харин уг дэд станцыг хүлээн авсан гэх асуудал Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт харьяалагддаг ажээ. Биднийг очих үеэр тус газрын хэлтсийн дарга гадуур ажилтай тул яриа өгөх боломжгүй гэсэн тайлбар өглөө. Бид энэ асуудлыг эргэн мэдээлэх болно.
Э.Ариун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ