Б.Бямбасайханы эхнэр Д.Өнөржаргал: Надад уйлах ч завдал олдохгүй байна

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Б.Бямбасайханы эхнэр Д.Өнөржаргалтай ярилцлаа.

-Б.Бямбасайханыг хориод хоёр сар болчихлоо. Энэ хугацаанд нөхөртэйгөө хэдэн удаа уулзсан бэ?

-Долоо хоногт нэгээс хоёр удаа шилний цаанаас утсаар ярих маягаар уулзаж байгаа. Нэг удаа уулзах хугацаа 15 минут гэхээр долоо хоногт дээд тал нь хагас цаг уулздаг гэсэн үг.

-Уулзалтын үеэр хүүхдүүдээ л их асуух уу?

-Хүлээгдээгүй гэнэтийн явдал тохиолдсон болохоор хүүхдүүддээ, аав, ээждээ санаа зовсон асуулт их тавина. Долоо хоногт хагас цаг уулзах гэж бүтэн хоёр өдрийг зарцуулж байгаа минь ерөөсөө л нөхөртөө эрч хүч, сэтгэлийн тэнхээ өгөх. Сэтгэл санаагаар дэмжих гэж уулзаж яваа болохоор аль болох эерэг зүйлс ярьж, хүүхдүүдээ өвдсөн үед ч “Санаа зоволтгүй ээ, зүгээр” гэж хэлж байгаа.

-15 минут уулзах гэж бүтэн өдөр зарцуулдаг хэрэг үү?

-Үдээс урагшдаа АТГ-аас нэвтрэх зөвшөөрөл авна. Яваад очихоор ойр дотныхоо хүмүүстэй уулзах гэсэн хүмүүс дугаарлаад зогсч байдаг. Бүгд л дотны хүмүүстэйгээ уулзах гэж яарч байгаа улс. Яалаа гэж хөл хүнд гээд намайг урдуураа оруулах билээ. Хүлээж байгаад ханьтайгаа уулзаад гэртээ ирэхэд оройны зургаа, долоон цаг болчихдог.

-Тэгж удаан дугаарлахаар бэлдэж очсон хоол цай хөрөхөөс эхлээд хэцүү л юм байна?

-Хоол унд оруулахгүй, зөвхөн эмчийн заавраар шаардлагатай эм тариа, унших ном, тухайн улирлын нэг ээлжийн солих хувцас л оруулдаг юм билээ. Эхний хоёр долоо хоногт бол зөвшөөрдөг хувцсыг нь ч аваачиж өгч мэдэхгүй будилж явсаар таарсан.

-Танай хүнийг нэлээд жин хаясан гэж хэвлэлээр мэдээлж байна. Биеийн байдал нь ямаршуу байгаа бол?

-Хоёр сарын хугацаанд 13 кг турсан байна. Хэр стресстэй, сэтгэлийн дарамттай байгаа нь эндээс харагдах байх. Огцом жин хаясан нь дархлаанд нь нөлөөлөөд өвчин ороогоод эхэллээ. Гаднаас нарийн мэргэжлийн эмч очиж үзсэн гэсэн. Манай хүн элэг муутай. Элэг өвддөггүй эрхтэн болохоор хүндрэх вий гэж айгаад байх юм. Олон цаг сууж ажилладаг, биеэ хайхардаггүй байсан болохоор санаа зовоод л байна.

ШАЛГУУЛАХГҮЙ ГЭЖ ГАНЦ Ч УДАА ХЭЛЭЭГҮЙ БАЙХАД ХОРЬСОНД НЬ ҮНЭХЭЭР ГАЙХАЖ БАЙНА

-Эмчилгээ хийлгэж байгаа юу?

-Эмчилгээ хийлгэсэн. Гэхдээ яг тохирсон эмчилгээ хийгдээгүй юм шиг санагдсан. Сүүлийн үед хамраас нь байнга цус гарч, гүйлгэж байна. Бид хууль дүрмийнх нь дагуу шалгах ёстой гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа шүү дээ. Шалгуулахгүй гэж нэг ч удаа хэлээгүй. Оргон зайлах оролдлого ганц ч удаа гаргаагүй. Байцаалт өгөхгүй гэж татгалзаагүй. Ийм байхад гэрчийн мэдүүлэг авъя гэж дуудангуутаа хорьсон нь үнэхээр хүнд санагдаж байна. Гайхаж байна. Эцэст нь эрүүл мэндээрээ хохирч байгаад сэтгэл дундуур байна.

-Хөл хүнд, хэзээ мөдгүй төрөх дөхсөн хүн ийм хүнд үеийг ганцаараа туулна гэдэг хэцүү. Уулзах үед нулимсаа барьж чадахгүй үе гарна биз?

-Эрч хүч өгөх гэж нөхөртэйгөө уулзаж байгаа хүн чинь уйлж болохгүй. Харц тулгарахгүйгээр “Хүүхдүүд сайн байгаа. Санаа зовох хэрэггүй” гэх мэт ерөнхий зүйлс ярьж байгаад л гарч ирдэг. Ханьдаа санаа зовсноо ил гаргахгүй шүү гэж хичээгээд нулимсаа барьдаг. Үнэнийг хэлэхэд надад уйлах ч газар олдохгүй л байна. Гэртээ хүүхдүүддээ мэдэгдэхгүй гэж хичээнэ. Нөхөртөө сэтгэлээр унаснаа харуулж болохгүй. Ээж, аавынх нь санааг зовоож хямрааж бүр болохгүй. Уулзах үеэр манай хүн ч надад сэтгэлийн дэм өгөх гэж сэтгэлээ барьж байгаа нь анзаарагддаг. Би ханьтайгаа уулзахаараа “Бидэнд санаа зовоод хэрэггүй. Өөртөө л анхаар” гэдэг юм. Тэгж хэлсэн хэр нь хүүхдүүддээ, надад, ээж, аавдаа санаа зовж суугаа нь мэдрэгдээд хэцүү юм (нүдэнд нь нулимс цийлэгнэв).

-Ямар учраас яагаад хорьчихов гэж хандсан газар байна уу?

-Огт мэдэхгүй процесс болохоор хэнд хандахаа ч сайн мэдэхгүй л байна. Үнэн, мөн нь тогтоогдоод удахгүй гараад ирнэ гэж явсаар хоёр сарын нүүр үзэж байна. Хуучнаар бол Ганц худаг, одоогийн 461 дүгээр хорих ангийг хөдөө байдаг гэж л боддог байлаа. Ийм л юм руу гэнэт орчихлоо. Өмгөөлөгч маань хуулийн хүрээнд холбогдох арга хэмжээг авч байгаа.

ТЭР ӨДӨР ЯАХ ГЭЖ САЛХИНД ГАРАВ ДАА ГЭЖ ХАРАМСААД БАЙХ ЮМ

-Танай хүний компанийн ажил төрөл ямаршуу байгаа вэ?

-Ойр зуурын жижиг ажлууд нь хэвийн явж байгаа. Манай хүн байхгүй болохоор өөрөөс нь хамааралтай бүх ажил зогсчихсон.

-Б.Бямбасайханы өмгөөлөгч “Хүүхдүүдээ гэрийнх нь гадаа буулгаад л АТГруу мэдүүлэг өгөхөөр яваад хоригдсон” гэж манай сонинд ярилцлага өгөхдөө ярьсан. Тэгэхээр яаж ч бодсон сэтгэл зүйн хувьд хүнд үеийг туулсан байх...?

-Тэр үед надад хүртэл маш хүнд байсан. Хүүхдүүдээ агаарт гаргая, төрөхөөсөө өмнө гэр бүлээрээ амаръя гэж ярьж ярьж ганц салхинд гарсан нь тэр л дээ. Тэр өдөр яах гэж салхинд гарав даа гэж гэмшээд, харамсаад байх юм. Арга ядсан хүний л бодол байх даа. Манай хүнтэй АТГ-аас холбогдсон өдөр нь хагас сайн байсан. Бүтэн сайнд заавал ир гэхээр нь учир байдлаа тайлбарлаж даваа гаригт ажил цуглангуут яваад очъё гэсэн л дээ. Бүр хэд хэдэн удаа учир байдлаа хэлсэн ч байн байн залгаад байхаар нь амралтын хугацаагаа богиносгох шийдвэр гаргахаас аргагүйд хүрсэн. Манай хүн “Очиж мэдүүлэг өгөх хэрэгтэй бололтой. Яаралтай юм шиг байна. Тодруулах зүйл байна гэнэ” гээд л бүтэн сайнд Улаанбаатар руу яарч ирсэн. Ирэх замд хүүхдүүд машиндаа унтчихсан байсан болохоор тэдэнтэйгээ тухтай ярьж, үнсэж ч амжилгүй “Хайр нь хурдхан мэдүүлэг өгчихөөд ирье” гээд явсан хүнийг шууд хорьчихоор хэцүү шүү дээ. Сэтгэл зүйн хувьд нэлээд хүнд цохилтод орсон байх. Би ч тухайн үед олон юм бодоогүй. Удахгүй ирчих байх гээд хоолоо хийчихээд хүүхдүүдээ усанд оруулаад байж байтал танихгүй дугаараас дуудлага ирсэн л дээ. Утсаа автал манай хүн “Яаралтай АТГ дээр ирэх хэрэгтэй байна. Миний дулаан хувцсыг авчраарай” гээд л утсаа тавьсан. Би ч яаруу сандруу хувцсыг нь бэлдээд очтол түр саатуулах шийд гаргаад манай хүнд танилцуулчихсан байсан.

-Тэр үед тухтай ярьж амжсан уу?

-Тухтай ярих ямар ч боломж байгаагүй. Бараг хувцсыг нь өгөөд л салсан. Тэр үед манай хүн “Удахгүй ээ. 48 цаг саатуулж мэдүүлэг авна гэсэн болохоор тайван байгаарай. Хоёр өдрийн дараа гарчих болохоор аав, ээж, хүүхдүүдэд битгий хэлээрэй. Санаа нь зовчихно” гэснээс өөр юм хэлэх завдал гараагүй.

ХҮҮХДҮҮДДЭЭ ААВЫГ НЬ ОНГОЦОНД СУУГААД ЯВСАН ГЭЭД ХЭЛЧИХСЭН

-Хүүхдүүд нь аавыгаа санаад хэцүүхэн байна уу?

-Өмнө нь ингэж олон өдрөөр явж байгаагүй болохоор хэцүү байгаа. Томчууд нь сонин хэвлэл, зурагт, сайтаас аавынхаа тухай олоод мэдчихсэн болохоор яах ч аргагүй. Жаахнууддаа “Аав нь ажил хийхээр онгоцоор явчихсан” гээд хэлчихсэн чинь онгоц хардаг болцгоосон. Сүүлдээ бүр барьж байсан тоглоомоо хайгаад олохгүй болохоороо “Онгоцонд суугаад явчихсан” гэцгээгээд. Тэгж хэлэхээр нь уйлчих гээд их хэцүү. Сураггүй алга болсон юмыг л онгоцонд суугаад явчихдаг гэж ойлгоод байх шиг байгаа юм. Манай хүн хөдөө, гадаа хаашаа ч явсан ажлынхаа зав чөлөөгөөр хүүхдүүдтэйгээ байнга утсаар ярьдаг л даа. Энэ удаа огт ярихгүй болохоор гайхаж цочирдоод байх шиг. “Аав ямар дүрсгүй юм бэ, тийм ээ ээж ээ. Яагаад утсаар ярихгүй байна аа. Аавыгаа санаад байна ш дээ. Хүзүүн дээр нь суумаар байх юм” гэх мэтээр байнга л аавыгаа ярьдаг боллоо. Аавынхаа тухай ярих болгонд нь сэтгэл сэмрээд хэцүү санагддаг. Манай хүн жаахан цаг гарахаараа л хүүхдүүдтэйгээ өнгөрөөх дуртай. Баргил хоолойтой, хүн харахаар сүрдмээр төрхтэй ч гэлээ их зөөлөн. Хүүхдүүддээ бол хайлаад урсчихна. Тийм болохоор аавынх нь орон зай үгүйлэгдэнэ л дээ.

-Танайх хэдэн хүүхэдтэй вэ. Аавын амины хүүхдэд бүр хүнд байгаа байх даа...?

-Манайх 2-16 насны таван хүүхэдтэй. Олон охинтой. Охин хүүхдүүд аавдаа амь байдаг болохоор бүгд л аавыгаа гэнэ. Хоёр настай жаахан маань аавыгаа ганц хоёр өдрөөр явсан ч халуурдаг их сонин хүүхэд л дээ. Тэгээд ирэнгүүт нь өргөс авсан аятай зүгээр болчихдог юм. Хоригдсон эхний өдөр нь халуурсан. Өнөөдөр ч ларингит болчихсон халуунтай байгаа. Сүүлийн сард хоёр удаа дараалаад антибиотикийн эмчилгээ хийлгэж байна. Том охин нь хөлөө бэртээгээд гипсдүүлсэн. Ер нь хүүхдүүд маань аавыгаа явснаас хойш их өвдөх болсон. Өвдсөн гээд хэлчихвэл санаа нь зовчихно гээд аавд нь хэлж чадахгүй л байна. Сургуулийн хүүхдүүдийн шалгалтын үе нь ирчихлээ, яаж байгаа бол гэж санаа нь зовж суугаа хүнд өвдчихлөө гэж хэлбэл бүр хэцүүднэ.

-Багыгаа халуурдгийг нь мэддэг болохоор байнга биеийг нь асууна биз?

-Очих болгонд л хүүхдүүд яаж байна гэж асуудаг. Сүүлд очихдоо өвдсөн гэж хэлэхгүй нуух гэж байгаад “Ерөнхийдөө гайгүй” гээд хэлчихсэн чинь “Ерөнхийдөө гайгүй гэдэг чинь юу гэсэн үг юм бэ” гээд их сандарсан.

-Мэдээж хүүхдүүдтэйгээ тэнд уулзах аргагүй. Ядаж зургийг нь харуулах боломж олдож байна уу?

-Зургийг нь өгсөн. Тэгж л дэвтэж байх шиг байна. Сүүлд байцаалт өгөхөөр ирээд байхад нь завсарлага дундуур нь хувцсыг нь аваачиж өгөнгөө нүүр тулж уулзах боломж гарсан юм. Хүүхдүүдийнх нь зургийг, бас хэвлийд байгаа ургийн зураг үзүүлсэн чинь “Яасан том болоо вэ” гээд цурхиртлаа уйлсан (уйлав). Манай хүн хүүхдүүдээ төрөхөд дэргэд нь байж, хүйг нь өөрөө хайчилдаг юм. Энэ удаад ч бага хүүхдээ төрөхөд нь хамт байх юмсан гэж их ярьж байгаа.

-Томчууд нь аавыгаа хоригдож байгааг мэдчихээр хүндхэн л байгаа байх...?

-Сургуулийнх нь хүүхдүүд сэтгэл зүйн дарамт үзүүлэх вий гэж айх юм. Дунд, ахлах ангийн хүүхдүүдэд тийм дам нөлөө ирвэл сургуульдаа явмааргүй санагдахаас эхлээд санаа зовоосон маш олон асуудал гардаг.

-Б.Бямбасайханы аав, ээж нь ямар хүмүүс байдаг вэ. Хүнийг ямархуу зан чанартай вэ гэдгийг хардаг нэг шалгуур нь аав ээж, гэр бүлийнх нь суурь хүмүүжил байдаг гэдэг утгаар асууж байна л даа...?

-Манай хадам аав Засгийн Газрын болон Гадаад Хэргийн Яамны авто баазад насаараа жолоочоор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүн бий. Хадам ээж маань гадаад харилцааны яаманд насаараа ажиллаад тэтгэвэртээ гарсан дипломатч. Ханийн минь суурь боловсрол, хүмүүжлийг өгсөн ачтай хүмүүс дээ. Сайн хүн байх, шударгаар ажиллах, зөв байх ухааныг өгсөнд нь тэдэндээ талархаж явдаг. Аав, ээжийг гадаад яамныхан андахгүй. Тэтгэвэрт гарсан ч гэсэн ГХЯ-ны Ахмадын Хорооны тэргүүлэгч гишүүнээр ажилладаг, завгүй, идэвхтэй гэж жигтэйхэн хүн. Ер нь их зөв улс. Манай хүн аав, ээжийгээ дагаад арван жилд байхдаа л Америкт амьдарч байсан болохоор англи хэл сайтай. Унаган хэл нь шахуу болчихсон. Хэл сайтай учраас 1990-ээд оны сүүлч, 2000 оны эхээр оюутан байхаасаа л англи хэлний орчуулагч хийж аав, ээждээ тусалдаг байсан гэж ярьдаг юм.

-Хоригдсон эхний өдрөө аав, ээждээ битгий хэлээрэй гэж захисан тухай ярианы эхэнд дурдагдсан. Ээж, аав нь хүүгийнхээ хоригдсоныг хэзээ мэдсэн бэ?

-Манай хүн аав, ээжтэйгээ утсаар байнга харилцдаг юм. Эхний өдрийнх нь орой ээжийн совин татсан уу яасан хэд хэд залгасан байсан. Нөхрийнхөө өмнөөс “Ажил ихтэй байна, сайхан амраарай” гээд мессэж бичээд хоносон чинь өглөө нь хэвлэлээр шуугьчихсан байсан л даа. Асууж тодруулах зүйл байгаа биз, удахгүй гараад ирэх байлгүй дээ гэж зоригжуулж нэг сарыг өнгөрөөсөн. Гэтэл 15 хоногоор сунгачихсан. Тэр үед хадам ээж нэлээд хэцүүдсэн. “Миний хүү зөв хүн шүү дээ. Бүх л хүнтэй эвтэй байдаг” гээд их хямарсан. Сүүлд 30 хоногоор сунгах үед хадам ээжийн бие огцом муудаж эмнэлэгт хэвтсэн. Хүүгээ амьд үзэх тавилан байна уу гэж уйлаад ярихыг нь сонсох үнэхээр хэцүү санагдсан. Ханийгаа гараад ирэхэд нь хөгшид, нялхсыг нь эрүүл саруул байлгахсан л гэж хичээж байна даа. Миний толгой дээр байгаа хамгийн том хариуцлага энэ л байна.

МИНИЙ ХАНЬ ЭХ ОРНЫХОО ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ ГЭЖ ЗОРИОД НУТАГТАА ИРСЭН

-Б.Бямбасайхан Монголд ирэхээсээ өмнө сэргээгдэх хүчний олон том төсөлд хөрөнгө оруулалт татсан туршлагатай, дэлхийн хэмжээний том байгууллагын чадалтай ажилтан байсан. Монголын анхны салхин станцын төсөл дээр ажиллах санал аваад ирсэн байх аа?

-Тэгсэн. Монголын хамгийн анхны салхин цахилгаан станц “Салхит”-ын төслийг ахлаж ажиллах санал хүлээж аваад ирсэн. Манай хүн Монголд ирэхээсээ өмнө Азийн Хөгжлийн Банкны төв оффист эрчим хүчний мэргэжилтэн байсан юм. Эрчим хүчний доголдол, хомсдолтой Төв Азийн орнуудыг эрчим хүчээр хангах чиглэлд тэрбум ам.доллараар хэмжигдэх хөрөнгө оруулалт босгож байсан туршлагатай. Тэндээ үргэлжлүүлээд ажиллаад явахад хэнээс ч дутахгүй мэдлэг боловсрол, ур чадвартай хүн. Гэнэт ажлаасаа гарах шийдвэр гаргахад нь удирдлагууд нь гайхаж хүлээж авсан гэж манай хүн ярьдаг юм. Чадалтай боловсон хүчнээ алдахгүй гэсэндээ “Цалингүй чөлөө өгье. Монголдоо нутагшихгүй бол буцаад ирээрэй” гэсэн юм билээ. Гэхдээ үр хүүхэд, ирээдүй хойч нь амьдрах эх орон юунаас ч эрхэм гэсэн үзэлтэй хүн болохоор Монголдоо ирэх шийдвэр гаргасан л даа. Эх орныхоо хөгжлийн төлөө зүтгэе гэж зориод нутагтаа ирсэн залуусын нэг.

-Салхит төсөл ч жишиг гэж бүтээн байгуулалт болсон шүү...?

-Би нөхрийнхөө бизнесийн ажилд төдийлөн оролцдоггүй болохоор нарийн ширийн зүйлийг нь мэдэхгүй л дээ. Салхит төсөл дээр нэлээд шаргуу ажилласан санагддаг юм. Бид хүүхдээ эргэж байгаа юм шиг хагас, бүтэн сайн алгасахгүй бүтээн байгуулалт өрнөж байгаа талбай дээр очдог байсан. Тэр том салхин станцыг барих хөрөнгийг амжилттай босгоод ажиллана гэдэг мэдээж цаг зав шаардсан нүсэр ажил. Ийм том ажлын ард гарсаныхаа дараа омогшсон байх. Анх “Ньюком” группийн сэргээгдэх эрчим хүч хариуцсан охин компанид ажиллаж байгаад дараа нь толгой компанийнх нь захирал хүртэл дэвшсэн. Тэр үед Азийн хөгжлийн банкны удирдлагууддаа “Би буцаж очихооргүй боллоо” гэсэн хариу өгсөн санагдаж байна.

-Б.Бямбасайханыг Монголоо Азийн супер сүлжээний гол тоглогч болгоно гэсэн том амбицтайгаар хувийн бизнесээ эхлүүлсэн гэж хардаг. Засгийн газраас яг энэ үед нь “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллах санал тавьсан байх аа?

-Тэгсэн. Ажил бизнесийнх нь гүн рүү ордоггүй болохоор илүү тодорхой зүйл хэлж мэдэхгүй байна. Гэхдээ нэг зүйлийг тодорхой хэлж чадна. Манай хүн сая таны хэлсэнчлэн Монголоо сэргээгдэх эрчим хүчний диваажин болгоё гэсэн том мөрөөдөлтэй ажиллаж яваа. Дундаршгүй байгалийн баялгаа экспортлоод дэлхийн хэмжээний том тоглогч болох боломжтой юм байна гэдэг санаандаа нэлээд хөтлөгдөж хувийн компаниа байгуулаад ажиллаж байсан юм. Тэр үед нь л Засгийн газраас ажиллах санал тавьсан болов уу гэж боддог. Том төслүүд дээр амжилттай ажиллаж байсан туршлагыг нь үнэлсэн байх. Хүний суурь хүмүүжил гэж байдаг даа. Манай хүн олонтой их нийцтэй, хүнийг том, жижиг гэлгүй нөхөрлөж чаддаг, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж, тэднийг төлөөлж үе үеийн Засгийн газартай хамтран ажилласан туршлагатай. Тэр чадварыг нь олж харсан байх.

-Олны танил нэг бизнесмэн Б.Бямбасайханыг “Салхит” төсөл дээр тун чадмаг гэрээ хэлцэл хийсэн гэж үнэлэхийг сонсч байсан. Гүйцэтгэгч компани нь ам.долларын ханшийн зөрүүнээс болж нэлээд хэмжээний алдагдал хүлээсэн ч гэрээгээ тултал хийсэн болохоор анх тохирсноороо хийхээс аргагүйд хүрсэн ч билүү, лав л Монголд маш ашигтай нөхцөлөөр Салхит станц боссон юм билээ. Гадны хөрөнгө оруулагч, бизнесмэнүүдийг уншиж, мэдэрч харилцдаг тун цөөхөн хүний нэг байх шүү...?

-Хувь хүний натур гэж ярьдаг даа. Манай хүний натур нь юмны арга эвийг мундаг олно. Зорьсон л бол эцсийг нь үздэг сайн зантай. Зориод зүтгэсэн ажлаа тултал нь хийдэг. Гадаадад ажиллаж, амьдарч байсан болохоор гадныхны сэтгэхүйг сайн ойлгоно. Дээр нь хэлний бэрхшээлгүй болохоор тухайн хүний юу хэлэх гээд байгааг, хоолойгоо яаж засахыг хүртэл уншиж мэдэрнэ. Хэлний бэрхшээлтэй бол хэцүү л дээ. Орчуулагчаар дамжиж харилцахаар цаад хүнийхээ хэлэх гээд байгаа зүйлийн 50 хувийг л ойлгодог. “Наанаа ингэж хэлсэн ч цаанаа тэгж бодож байгаа даа” гэж харж харилцана гэдэг том давуу тал. Тэр үүднээсээ аливааг бүх талаас нь харж, түүнийгээ цаасан дээр буулгаж чаддаг. Энэ чадвар нь олон том төслийг амжилттай хийхэд нь нөлөөлсөн болов уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ