Л.Элдэв-Очир: Би хүүхдийн мөнгөний асуудлаар “АЛДААТАЙ” үг хэлээгүй

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очиртой ярилцлаа. Хүүхдийн мөнгөний асуудлаар илэрхийлсэн түүний байр суурь олны анхаарлыг ихээр татаж буй юм.

-ТАВАН ХҮҮХДИЙН 100 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ЯГ АМЬДРААД БАЙГАА АЙЛ БИЙ-

-Ярилцлагаа таны талаарх сүүлийн үеийн дуулианаас эхлүүлье. Таван хүүхэдтэй айл хүүхдийнхээ мөнгөөр амьдарч болоод байгаа тул ажил идэвхтэй хайхгүй байна. Эрэлттэй 3500 орчим ажлын байр байгаа хэдий ч олон нийтийн хөдөлмөрлөх сэтгэлгээ муу байна гэсэн утгаарилэрхийлсэн байр сууриа та дахин тайлбарлаж өгнө үү?

-Аль ч улсын Засгийн газар нийгмийн эмзэг давхаргадаа зориулж халамжийн бодлого явуулдаг. Улс орнууд өөрсдийн онцлог, санхүүгийн боломждоо зохицуулж, халамжийн бодлогоо тодорхой үе шаттайгаар зохион байгуулдаг. Гол нь халамжийн бодлогод хамаарч болох зорилтот бүлгээ зөв тодорхойлох ёстой юм. Ерөөсөө тэр хүмүүст л зориулж халамжийн бодлогоо хэрэгжүүлэх учиртай. Манайд хүүхдийн мөнгө халамжийн бодлогод орно. Гэтэл энэ мөнгийг хэт хавтгайруулах замаарбүх хүүхдэд 100 хувь олгоно гээд дайраад байна. Ингэж хавтгайруулах хэрэггүй гэдгийг сайн мэдэж байгаа хүмүүс нь өөрсдөө асуудлыг оруулаад ирж байх жишээтэй. Өмнөөс нь ОУВС-тай тохирсон. Улс орны эдийн засгийн нөхцөл ийм байна гэж тайлбарлаад байхад ойлгохгүй. Зориудаар улс төрийн хэрүүл болгох гэж асуудлыг оруулж ирж байгаа юм.

-“Зориуд хүмүүс” гэж та хэнийг хэлээд байна?

-Сөрөг хүчин. Тэр дундаа сошиал дээр энэ асуудлыг мушгиж, асар их түгээлт хийлгэж байгаа санхүүжүүлэгч нар л энэ асуудлыг оруулж ирсэн. Дээр үеийн түүхэн кинонууд дээр гардаг. Хоёр барсыг хооронд нь тулалдуулж байгаад хүчийг нь сулдахаар цохилт хийдэг. Ерөнхийдөө ийм л зорилготой хэрүүлийг бидний дунд гаргаад тавьчихаж байгаа юм. Уг нь улс төрчид, төр засгийн эрх барьж байгаа улсууд энэ асуудалд эрүүл ухаанаар хандах учиртай. “Яг зорилтот бүлэгт хэдэн хүүхэд багтаж байна. Юунаас үүдээд энэ бүлэгт орчихов” гэдгээ ярилцах ёстой. Хариулт нь маш ойлгомжтой. Төр засгийн алдаатай бодлогын хар гайгаар ард түмэн ядуурч, халамж авах хэмжээнд очсон. Өрхийн амьжиргаа, орлогын эх үүсвэр буурч, амьдралын эрхээр ажилгүй болсон иргэд ч олон байна. Ийм амьдралтай, таван хүүхэдтэй айл бол 100 мянган төгрөгөөрөө амьдраад л байгаа байхгүй юу.

-Төсөөлөхөд хэцүү л дээ?

-Амьдрахаас өөр арга байхгүй. Тэдэнд өнөөдөр санасны зоргоор ажил олдохгүй байна. Наанадаж шалгуурт нь тэнцэхгүй байх жишээтэй. Хүнд нэг ийм үндсэн араншин байдаг. Тэр нь юу гээч? Өнөөдөр идчих хоолтой л бол нэг их айхтар биеэ зовоож, 300-500 мянган төгрөгийн төлөө хөдөлмөрлөх гэж хичээдэггүй. Хувь хүнд ийм төлөвшил бий болоход халамжийн бодлогууд нөлөөлөөд байна. Тэгээд эцэстээ ажил хийх огт сонирхолгүй болчихвол яах вэ. Үүнийхээ оронд төр засаг хөдөлмөрийн насны иргэдээ ангилж, зохистой байдлаар зуучлах зэргээр бодлогын арга хэмжээ авах ёстой юм. Нийслэлд л гэхэд ажлын байр хангалттай их байна. Уул уурхайн компаниуд, томоохон төсөл хөтөлбөрүүдэд ажлын байрууд өчнөөн байна. Гол нь шалгуурт нь тэмцэхгүй байна шүү дээ. Орон нутагт мал маллах маш том орон зай байна.

Малчид олдохоо байчихсан. Хүүхдүүд нь хот хүрээ зорьчихсон байна. Хөдөө малчин байсан олон өрх хотын зах бараадаж ирцгээсэн нь ч үнэн. Ингээд ирчихсэн хүмүүс чинь нөгөө л таван хүүхдийн 100 мянган төгрөгөөр яг амьдраад байна. Яг амьдарчихаж байгаа юм. Сардаа нэг шуудай гурил авчихна. Таван хүүхдийн мөнгөн дээр нийгмийн халамжийн бусад бодлогдууд давхцаад ороод ирдэг. Түүгээрээ хэсэг хэрэглээгээ нөхчихнө. Эдгээр халамжуудынхаа хооронд амь зогоогоод л яваад байна. Халамж нь жаахан холдонгуут халамжийн дэвтэр, иргэний үнэмлэхээ хүнсний дэлгүүрт аваачиж тавиад л, хүнсээ авчихдаг. Ингээд л өлмөн зөлмөн байдлаар амьдраад байгаа юм.

-ЗАЛУУ БАЙХАД МАНАЙ ӨРХИЙН ЗАРЛАГА НЭЛЭЭД ӨНДӨР БАЙСАН-

-Та энэ санаагаа арай эвтэйхнээр тайлбарлачихаж болоогүй юм уу?

-Тэдгээр иргэд “Төр засаг минь биднийг хэзээ нэг ажлын байраар хангах бол” гээд хүлээгээд сууж байгаа. Нөхцөл байдал ийм байхад улс төрчид энд суучихаад, “Бүх хүүхдэд мөнгө өгнө” гэж хашгирч яадаг юм бэ. Үүнийхээ оронд зорилтот бүлэгт өгч байгаа халамжийн бодлогоо нэмэгдүүлэх ёстой. Ингэж чадвал тэдгээр хүмүүс чинь өрхийн амьжиргаагаа дээшлүүлж, ирээдүйдээ итгэх итгэл нь сэргэнэ. “Төр засаг маань дэмжиж байхад бид бас эрвийх дэрвийхээрээ зүтгэх ёстой” гэсэн үүднээс асуудалд хандаж эхэлнэ биз дээ. Наанадаж л жаахан төмс ногоо тарих, хуримтлал үүсгэх замаар жижиг бизнес эхлүүлэх боломжийг бид нээж өгөх ёстой. Энэ бүхний төлөө улс төрчид дуугардаг байх учиртай. Би энэ санаагаар л хэлсэн юм. Ярих хугацаа нь 5 минут. Үүндээ багтаагаад л хэлсэн. Би хүүхдийн мөнгөний асуудлаар нэг их алдаатай үг хэлчихсэн гэж бодохгүй байгаа. Хүмүүс гуйвуулж, мушгиад байхыг бодоход бас тэр талаар нь бодогдож мэдэх үг ашиглачихсан юм болов уу гэж бодож байгаа.

-Танай өрхийн зарлага юун 100 мянган төгрөг байтугай өндөр биз дээ?

-Ний нуугүй хэлэхэд, залуу байхад манай өрхийн зарлага нэлээд өндөр байсан. Тэр тусмаа миний зарлага өндөр гардаг байлаа. Өдрийн хоолоо хүмүүстэй идчихнэ. Зарим гаригт ажил хэргийн шугамаар хүмүүстэй оройн хоолонд орох гэх мэтээр зарлага яваад өгдөг байв. Өмсөж зүүх дээрээ ч гэсэн нэлээд зардал гаргадаг байлаа. Гэхдээ миний хэрэглээг хасаад, өрхийн зардлаа тооцоход яг л бусад айлтай адилхан. Адилхан л мах, сүү,ус, ундаагаа авч байна. Түүнээс биш хүнээс илүү иднэ гэж байхгүй. Өмсөж зүүх дээрээ ч гэсэн сүүлийн үед бол хуучин нөөцөөрөө л амьдарч байна.

-Та 2016 оны УИХ-ын сонгуульд өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай өрсөлдөж байсан. Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох санаачлага Ерөнхийлөгчөөс гарсан. Энэ утгаараа та өрсөлдөгч гэж хараад, асуудалд хэт “шатчихсан” юм биш үү?

-Үгүй ээ. Би сонгуульд шударгаар өрсөлдөж, Х.Баттулгыг ялсан. Ялагдсан бол би танхимаа өгчихөөд, дуугүй л яваад өгөх байсан. Гэтэл энэ улс төр чинь өнөөг хүртэл оролдоод салдаггүй юм байна. Олон жил улс төрөөр явчихсан улсууд чинь нэг ялагдчихаараа тахимаа өгдөггүй. Тэгээд л нэг явуургүй, хоёрын хооронд зүйл хийгээд л явдаг юм байна. Хуучин улс төрчид микрофон дээр нэгэн рүүгээ дайрчихаад л, бусад үед мөрөө алгадалцаад явж байх юм. Би бол ингэж чадахгүй. Ингэж сураагүй. Сурах ч үгүй гэж бодож байгаа. Хэлэх үгээ шударгаар хэлчихдэг. Байр сууриа хамгаалдаг байх ёстой. Үнэн зүйл ярих гээд байгаа боловч “За төвөг. Өөр дээрээ гал дуудаад яах вэ” гэж ярьдаг улс төрчид ч олон байна. Одоо тэгээд улс орноо хөгжүүлэх үүрэгтэйгээр УИХ-д сонгогдсон гишүүд нь, Засгийн газрын гишүүд нь өөр дээрээ гал дуудахгүй гэж хаширлаад, нийгэмд тулгамдсан асуудлаа бодитойгоор ярихгүй байж болохгүй биз дээ. Энэ улс хөгжихгүй байгаагийн бас нэг шалтгаан энэ шүү. Улс төрчид нь үнэнийг хэлж, өөр дээрээ гал дуудахаас айдаг байдалтай холбоотой.

-Улс төрчид ийм тохиолдолд хэрхэх ёстой вэ?

-Улс төрчид тулгамдсан асуудлыг эвтэйхэн аргалаад өнгөрөөчихдөг. Нөгөөдөх нь ужгирч явсаар байгаад маш том асуудал болдог. Энэ бүхэн чинь эргээд улсыг дампуурал руу л хүргэнэ. Манай улс дэлхийд өрсөлдөх чадвараараа 65 улсын 62-т нь орлоо. Манай ард Венесуэл. Энэ улс авлигал, нийгмийн халамж хоёроороо дэлхийд номер нэг. Үндсэндээ дампуурч байгаа улс. Бид яг үүний л араас явж байгаа. Томчуудыг нь авлигалддаг, ард иргэдийг нь халамжаар уяж, нийгмийн идэвхгүй болгодог. Нийгмийн халамж хувь хүн өөрийнхөө төлөө зүтгэдэггүй байдал руу оруулж байгаа. Энэ бүхэн чинь том утгаараа ард түмнийг сүйрүүлж байгаа л нэг хэлбэр. Ийм зүйлийг харсаар байж, улс төрчид нь дуугай яваад л байх хэрэг үү. Хэлж, ойлгуулж, бодлогодоо зөв тусгах хэрэгтэй.

eldewochir

-БИ ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ХООЛОНД ОРООГҮЙ-

-Та УИХ-д анх удаа сонгогдсон гишүүн. Сонгогдоод хоёр жил парламентад суучихлаа. Энэ хугацаандаа өөрийгөө УИХ-ын гишүүний төвшинд хэр сайн төлөвшиж байна гэж дүгнэх вэ?

-Төлөвшиж байна уу гэж үү? Мэдээж УИХ-ын гишүүн болонгуутаа маргаашаас л муу зүйл сураад эхэлж болохгүй. Сайн зүйлүүдээ ойлгож, суралцах ёстой. УИХ-ын гишүүний үндсэн үүргүүдийн нэг хууль санаачлах. Хуулийн төслүүд дээр ажиллаж, батлалцаж, хэрэгжилтэд нь хяналт тавих учиртай. Энэ үүргээ шинээр сонгогдсон УИХ-ын гишүүн эхнээс нь зөв суралцаж, чиний хэлснээр төлөвших ёстой юм. УИХ-д орж ирэнгүүтээ л энэ микрофоныг ашиглаад, ард түмэнд таалагдах үг хэлэх ёстой. Сайн дуугарах хэрэгтэй гэсэн байдлаар мэдэх, мэдэхгүй асуудал руу орох нь буруу юм. Миний хувьд үүнээс өөр зарчим барьдаг. Олон хууль УИХ-аас батлагдан гарч байна. Мэдээж бүх хуулийн төслүүд дээр ажиллаж чадахгүй байгаа. Яг өөрийнхөө мэддэг салбарын, сэтгэл гаргаад хувь нэмрээ оруулчих юмсан гэсэн хуулийн төслүүдийн ажлын хэсэгт идэвхтэй орж ажилладаг. Хуулин дээр ажиллаж байгаа гишүүн чуулганы үеэр илүү, дутуу үг хэлээд, шоудаад явах зав гардаггүй. Тэр ч үүднээсээ би өөрийгөө УИХ-ын шинэ гишүүний хувиар зөв төлөвшиж байгаа гэж дүгнэнэ. Энэ төлөвшлөө зөв олж авдаг. Асуудалдаа бодитой ханддаг, хэрэгтэй үед зоригтой дуугардаг байх нь улс төрчдийн үүрэг. Ингэж ойлгодог учраас тэр чиглэлд төлөвших гэж хичээж л явна.

-У.Хүрэлсүхийн Засгийн газар намын шинэчлэл, 60 тэрбумын асуудлыг сөхөж ярьсаар бүх эрхийг гартаа авсан. Эрх мэдлийг гартаа авсан хойноо нөгөө л албан тушаалын хуваарилалтаа хийж, олны харддагчлан 60 тэрбумын жишгээр явчихлаа. Та энэ процессыг хэрхэн харж байна вэ?

-Засгийн газрын бүх гишүүн УИХ-аас сонгогдож, энэ хэрээр бодлогоо хүчтэй барихаар тооцсон. Үүн дээр нэг их асуудал байхгүй. Хоёрдугаар ээлж хоолонд орлоо гэсэн шүүмжлэл явсан нь үнэн. Засгийн газар солигдож байгаа нөхцөлд хоёрдугаар ээлжийнхэн хоолонд орох нь байх л ёстой асуудал.

-Та байнгын хорооны дарга болсон нь хоёрдугаар ээлжийн хоолонд орсон болж таарна шүү дээ?

-Би хоёрдугаар ээлжийн хоолонд ороогүй. Гуравдугаар ээлж гараад ирсэн ч би хоолонд орохгүй. Байнгын хорооны дарга болсон нь үнэн. Нэг нам парламентад олонхи болсон үед жил бүр байнгын хороодын дарга нарыг сунгаагаар тодруулах нь зүйтэй гэсэн зарчим бий. Энэ зарчмаар л би байнгын хорооны дарга болсон. Ирэх оны нэгдүгээр сард би сунгаанд дахин оролцоод, сонгогдохгүй бол ажлаа өгөөд л явна. Энэ бол УИХ-ын бүтцийн хувьд хийсэн нэг өөрчлөлт л байсан.

-Та шинэ Засгийн газартаа “Миний энэ хүнийг тэнд томилоод өгөөч” гэсэн хүсэлтүүд тавьсан уу?

-Би 2016 оны сонгуулийн дараа манай намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чадвар бүхий, намынхаа төлөө зүтгэж ажиллаж ирсэн нэр бүхий хүмүүсийг ажилд оруулах санал тавьсан. Би тэр үедээ аймгийн намын хорооны дарга байсан. Тиймээс намын бодлогын хүрээнд шинэ залуу боловсон хүчнүүдээ тодорхой албан тушаалд томилуулах хүсэлтээ тавьж байсан нь үнэн. Тухайн үедээ асуудал нь шийдэгдээд явсан.

-“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” КОМПАНИЙН 30 ХУВИЙГ ГАДНЫХАН АВАХ УУ
ГЭДЭГ НЬ ИХЭЭХЭН ЭРГЭЛЗЭЭТЭЙ АСУУДАЛ-

-Та тодорхой ажлуудыг амжуулна гэсэн итгэл үнэмшлээр шинэ Засгийн газар байгуулагдах асуудлыг дэмжсэн байж таарна. Яг ажил аваад явааг нь харахаар таны хүлээлтэд хэр нийцэж байна вэ?

-Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг бодвол илт сайжирсан. Хуучин Засгийн газарт ашиг сонирхлын зөрчилтэй, өөрсдөдөө тендер, концесс авчихсан улсууд танхимд байсан. Одоо ийм зүйл алга. Хуучнаасаа сургамж аваад, шинэ сайд нарыг би сайн ажиллаж байгаа л гэж хэлнэ. Үнэхээр энэ Засгийн газарт шийдэгдэхгүй дуншиж явсан олон асуудлыг нэг тийш нь болгох, улс төрийн зориг гаргах шаардлага үүссэн нь үнэн. Энэ болгоныг цэгцтэй шийдэх гээд л үзээд байна. Тухайлбал, саяхан Засгийн газраас газар тариалангийн бүс нутгийг тогтоочихлоо. Маш олон жил малчид, тариаланчид дунд маргаан дагуулсаар байсан асуудал шүү дээ. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд яригдаж, УИХ-д 5-6 орж ирсэн мөртлөө зориг нь хүрэлгүй буцаасан Бэлчээрийн тухай хуулийн төсөл удахгүй орж ирэх гэж байна. Бид зоригтой шийдвэр гаргахгүй явсаар байгаад бэлчээрийн мал ахуй эрхлэхэд асар хүнд байдалтай нүүр тулгарчихлаа. Бид малын хөлийн татвараа аваад, тэр мөнгөөр нь үүлдэр угсааг сайжруулах, бэлчээрийн зөв хуваарилалт хийх ажилд зарцуулаад явсан бол өнөөдрийнх шиг асуудал хүндрэхгүй. Тийм ч учраас би байнгын хорооны дарга байх хугацаандаа энэ хуулийн төсөл ороод ирэх юм бол галыг нь өөр дээрээ аваад, хуулийн төслийг батлуулахын тулд ханцуй шамлаад орно гэж бодож байгаа. Гэх мэтээр Засаг дээр зоригтой шийдэж байгаа ажлууд байна. Одоо үүнийг нь УИХ дээр зоригтойгоор батлах ёстой. Тэгэхгүй хэдэн малчдаа уурлуулчихна гээд бид орхичихвол дараачийн дөрвөн жилд дахиад л ийм байдал давтагдана.

-Засгийн газраас асуудлаа оруулаад ирдэг. УИХ дээр улс төржилтөө даахгүй уначихдаг байдал давтагдсаар байна. Та хувь гишүүнийхээ хувьд Тавантолгой төсөл танай намыг эрх барих хугацаанд хөдөлнө гэдэгт хэр итгэлтэй байгаа вэ?

-Уг нь хөдөлгөчихмөөр байгаа юм. Засгийн газраас хувилбараа оруулж ирж, намын бүлэг дээр ярилцсан. Тодорхой шийдлүүд нь бүлэг дээр гараад, УИХ руу орно. Тиймээс би Тавантолгой төслийг хөдөлчих болов уу гэж найдаж байгаа. Ядаж мэргэжлийн гацаагчдын гацаасан төмөр зам энэ хугацаанд баригдчихаасай гэж хүсч байна. Танай сайтаар дамжуулаад, нэг зүйл хэлмээр байна. Тавантолгой төслийг хөдөлгөх танилцуулга намын бүлэг дээр хэлэлцэгдэж байгаа энэ үед мэргэжлийн гацаагчид нь бас өөрсдийнхөө саналыг оруулж ирэх учиртай. “Бидэнд ийм хувилбар байна. Танай төсөл дээр бидний энэ саналыг тусгуулмаар байна” гээд ороод ирэх ёстой. Асуудал ид яригдаж байх үед дуугүй сууж байснаа гэнэт гарч ирээд, асуудлыг гацаадаг байж болохгүй. Би намын бүлэг дээр ч хэлсэн. Тэдний саналыг ав. Тэгээд зэрэгцүүлээд хэлэлцээд явах ёстой. Би хувиасаа саналаа оруулаад ир гэж уриалж байна. Тэд хэн ч байж болно. Гол нь Монголын ард түмэнд ашигтай байх ёстой юм.

-Уул уурхайн салбарыг мэдэх хүний хувиар Тавантолгой төслийн 30 хувьд IPO гаргах замаар 4.7 тэрбум ам.доллар босгоно гэсэн тооцоолол биелэх боломжийг та хэрхэн харж байна?

-Тавантолгой төсөл дээр шүүмжлэлтэй хандаж байгаа зүйлүүдийн нэг бол таны асуусан IPO гаргах хувилбар. Хөрөнгийн зах зээл дээр гаргахын тулд үнэлгээ хийсэн чинь 1 тэрбум ам.доллар гарвал яах вэ. Дээрээс нь төрийн эзэмшилт “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хувь дээр гадны хөрөнгө оруулагчид орж ирэх үү гэдэг асуудал байна. 2009 оноос хойш Монголд үйл ажиллагаа явуулж буй компаниудын гадны хөрөнгийн бирж дээрх хувьцаануудын ханш навс унасан байдаг. Бүр 100 дахин унасан шүү. Зэс, алтны үнэ дэлхийн зах зээл дээр өсөлттэй байгаа энэ үед Монголд IPO гаргачихсан компаниуд ашигтай ажиллаад эхэлж байгаа юм. Санхүүгийн тайлан баланс нь зөв харагдаад ирэхээр хөрөнгө оруулагчид сонирхдог. Хувьцааг нь худалдаж авдаг ерөнхий жишиг бий. Гэтэл Монголд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьцаа өсөхгүй байна. Одоо Торонтогийн хөрөнгийн бирж дээр Монголд үйл ажиллагаа явуулдаг 11, Хонконг дээр 21 компани бий. Бүгд хувьцааны үнийн өсөлтгүй.

-Монголд үйл ажиллагаа явуулж байгаа учраас уу?

-Яг тийм. Монголд улс төрийн нөхцөл байдал тодорхойгүй. Засаг төр нь тогтворгүй гэдэг үндсэн шалтгаан хэлдэг. Ингэхээр чинь нөгөө хөрөнгө оруулагчид оруулсан хөрөнгөөрөө үндсэндээ 10 жил шатчихлаа. Нэг ч ам.долларын ногдол ашиг авч үзээгүй хөрөнгө оруулагчид цөхөрнө биз дээ. Нөхцөл байдал ийм байхад улс төрийн томилгоо явагддаг, хамаг шахаагаа хийдэг “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хувийг гадныхан авах уу. Тэр дундаа төрийн эзэмшилтэй нь хэн зууралдъя гэж хүсэх юм. Тиймээс би өөрсдийгөө хуурсан зүйл битгий хийгээрэй гэж холбогдох сайдад нь хэлж байгаа юм. Нөхцөл байдал ийм байгаа учраас том төслүүдийг гацаадаг нөхдүүдтэйгээ ширээний ард суу. Санал бодлоо солилц гээд байгаа юм. Хамтраад суух л ёстой. Одоо гацааж байсан улсууд ч гэсэн ойлгож эхэлсэн байна. Ер нь том улс төрчид хувийн ашиг сонирхол, өшөө хорслоор том төслүүдийг гацаадаг. Үүнийгээ л больчих хэрэгтэй.

eldewochir

-БИ ГИШҮҮН БАЙХ ХУГАЦААНДАА “MCS”-Д ДАВУУ ЭРХ ОЛГОХ АШИГ
СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ ХЭЗЭЭ Ч ГАРГАХГҮЙ-

-Таниас би баялгийн тэгш хуваарилалтын талаар асуух гэсэн юм. Үүнээс өмнө таны “MCS” дэх байр суурь, бизнесийн холбоог асуумаар байна?

-Би “MCS”-ийн хувьцаа эзэмшигч. Би УИХ-ын гишүүн байх хугацаандаа “MCS”-д давуу эрх олгох эрх ашгийн зөрчил хэзээ ч гаргахгүй. Энэ бол миний хатуу зарчим. Нэмж хэлэхэд, 2009 оноос хойш би “MCS”-ээс нэг ч төгрөгийн цалин авч үзээгүй. Ногдол ашиг ч авч үзээгүй.

-Яагаад тэр билээ?

-Цалин авахгүй байна гэдэг нь би “MCS”-д ажиллаагүй гэсэн үг. Ашиг хүртэхгүй байна гэдэг нь “MCS” ашигтай ажиллаж, ногдол ашгаа хуваарилж чадахгүй байгааг илтгэнэ. “MCS”-ийг 2016 оны сонгуулиар баахан гөвсөн. Өртэй, зээлтэй байсан нь ч үнэн. Түүнийгээ төлөхийн тулд гэрээгээ шинэчилж, бүтцээ өөрчлөх замаар өр ширээ дараад л явж байгаа. Эдийн засаг жаахан сэргэж байгаа хэдий ч яг овойж, оцойтол ашигтай ажилласан зүйл алга.

-Та “MCS”-д харьяалагддаг тул алдарт 30 гэр бүлд бас багтаж таарах болов уу. Сүүлийн үед ихээр яригдаж байгаа баялгийн тэгш хуваарилалтыг хувь гишүүнийхээ зүгээс дэмжих үү?

-“Эрдэнэс Монгол” компанид байгаа төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан компаниудыг нэгтгээд, тэндээсээард түмэнд хувьцааны ногдол ашиг түгээх, баялгийн сан бүрдүүлэх асуудал яригдаж байгаа. Би ингэж л ойлгосон. Ер нь Баялгийн сан гэж байгуулах нь зөв. Ард түмэнд хувьцаа эзэмшүүлээд, ногдол ашиг тараах нь ч зөв. Гэхдээ Баялгийн сан байгуулчихаад, бодлого үйл ажиллагааг нь хатуу барьдаг байх ёстой. Хүйтэн сэтгэлтэй улс төрчдийн гараар орчихооргүй Баялгийн сан бий болгох ёстой. Ард түмний хараанд бүрэн байдаг. Захиран зарцуулах эрхийг нь цөөн улс төрчийн гарт өгч болохгүй. Гол нь эхлээд том төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй. Хуваарилах мөнгө байж л ногдол ашгаа ярина биз дээ.

-Сүүлийн асуулт. Та өнгөрсөн онд Баянхонгор аймагт нэг уурхайг шууд нүүлгэх арга хэмээ аван ажиллаж байсан. Одоо сошиалаар нүүгээгүй, усан буу нь хэвээрээ байна гээд мэдээлэгдээд байна. Та энэ асуудлын талаар хэр мэдээлэлтэй байна вэ?

-Байнга мэдээлэл авч байгаа. Баянхонгор аймагт зориудаар хар пиар хийж байгаа хэсэг бүлэг хүмүүс бий. Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж байгаа ААН, иргэн бүрийг л надтай холбодог. Аль ч тохиолдолд би өөрийнхөө тойргийн алтны уурхайнууд руу байнга анхаараад явдаг. Саяхан л гэхэд, Галуут суманд хоёр ч компани хууль бусаар үйл ажиллагаа явуулахаар очсон байсан. Бид үүнийг бас л зогсоосон. Ер нь алтныхан улайраад дайрчихдаг юм байна. Асуудал хоёр талтай байгаа юм. Засгийн газраас А лицензээ авчихсан. Ингэхдээ тодорхой хууль тогтоомжуудыг зөрчсөн байдаг. Энэ бүхнийг хууль хяналтынхан хянах учиртай. Мөн алтны уурхай орон нутагт үйл ажиллагаа явуулах бол заавал багийн болон сумын ИТХ-аас зөвшөөрөл авсан байх учиртай. Ийм шийдвэрүүдийг барьж, аймаг гэрээгээ хийх ёстой.

-Таныг зөвшөөрсөн гээд орон нутагт алтны уурхайнууд яваад очдог юм биш үү?

-Аймгийн мэргэжлийн хяналт, цагдаагийнхан надад “Таны нэрийг бариад ирдэг” гэж хэлж байгаа нь үнэн. Би зөрүүлээд “Миний нэрийг барьж явах тусам нь уурхайг хаа” гэж хэлсэн. Бүр миний нэртэй уул уурхайн компани ч байгаа. Ер нь гуйлтууд ирдэг. Би орон нутгаасаа эхлээд зөвшөөрлөө авчих гээд л гаргадаг. Сүүлийн үед “Энэ нөхөртэй яриад нэмэргүй юм байна” гэж бодсон байх. Хувийн гуйлтууд зогссон. Би уул уурхайн асуудал дээр маш хатуу зарчим барьж ажиллана.

Ж.Мядагбадам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ