Зүрхний хагалгаа хийлгэсэн өвчтнүүдийн нас баралтын шалтгаан тодорхойгүй байна

УНТЭ-т зүрхний мэс засал хийлгэсэн өвчтнүүд нас барсан талаар гавьяат эмч Л.Жамбалжав өглөөхөн мэдээлэл хийсэн юм. Тэгвэл энэ талаардөнгөж сая УНТЭ-ээс мэдээлэл хийлээ. Нээлттэй мэс засал хийлгэсэн өвчтний нэг нь хагалгааны үеэр нас барсан байна. Харин нөгөө нь хагалгаанаас нэг хоногийн дараа нас барсан аж. УНТЭ-ийн удирдлагууд мэс заслаас үүдэн хүний амь эрсэдсэнд харамсаж буйгаа илэрхийлэв.

Тус мэс засал нь зүрх шилжүүлэн суулгах хагалгаа биш аж. Харин нээлттэй зүрхний хагалгаа юм байна. Энэ талаар УНТЭ-ийн Эмнэлзүй, сургалт эрхэлсэн захирал Д.Чулуунбаатар “Нээлттэй зүрхний хагалгаа хийх бэлтгэл ажил 2016 оноос эхэлсэн.Зүрх шилжүүлэн суулгах хагалгааны бэлтгэл болгож энэ мэс заслыг хийж, хөгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Энэ ажлын хүрээнд АНУ-ын Юта анагаах ухааны их сургуультай гэрээ байгуулж, эмч нараа бэлтгэж, зарим мэс заслыг хамтран хийхээр болсон. Мөн III эмнэлгийн ачааллаас хуваалцах үүднээс хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Тэгээд энэ хагалгааг хийсэн ч харамсалтай нь ийм байдал үүссэн” гэдгийг тайлбарлав.

Тухайн өвчтнүүд нь нэгдүгээр эмнэлгийг хяналтад байсан хүмүүс аж. Мэс заслыг Монгол Улсад мөрдөгддөг стандартын дагуу АНУ-ын Юта их сургуулийн цээжний хөндийн мэс заслын баг удирдсан юм байна. Харин манай эмч нарын хувьд цээжний хөндийн мэс засал хийх лицензээ авсан, Ютагийн их сургуульд зургаан сар ажилласан туршлагатай эмчнар гэдгийг хэлж байна.

УНТЭ-ийн Чанар, аюулгүй байдлын эмнэлзүй хариуцсан албаны дарга Т.Болормаа өвчтнүүдийн ар гэрийнхэн задлан шинжилгээ хийлгэхээс татгалзсан гэдгийг тодотгов. Мэс засал хийсэн баг задлан шинжилгээ хийх хүсэлтийг гэр бүлийнхэнд нь тавьсан ч зөвшөөрөөгүй аж.

Гавьяат эмч Л.Жамбалжав эмч нарын буруугаас болж өвчтнүүд нас барсан гэж мэдэгдээд буй. Харин нэгдүгээр эмнэлгийн эмч нар өвчтнүүдийн нас баралтын шалтгааны талаар тодорхой зүйл хэлсэнгүй. Тэд мэргэжлийн баг ажиллаж байгаа гэдгээс өөр тодорхой мэдээлэл өгсөнгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ