Хойд Солонгос АНУ-ын эдийн засгийн тусламжийг хэзээ ч хүлээн авахгүй гэв

АНУ-ын Засгийн газрын тайланд Хойд Солонгос улсыг цөмийн зэвсэггүй бүс болсны хариуд эдийн засгийн тусламж үзүүлнэ гэж тусгагджээ.

Хойд Солонгос улсын “Ажилчны Нам”-ын албан ёсны Родонг Синмун сонин АНУ нөлөө бүхий мэдээний агентлагуудыг шүүмжилсэн байна. Тодруулбал, Fox News, CBS, CNN зэрэг агентлагууд дэлхий даяар Хойд Солонгос улс Вашингтоны шаардлагыг биелүүлэн цөмийн зэвсгийн хөтөлбөрийг зогсоосныхоо хариуд их хэмжээний улс төрийн бус эдийн засгийн дэмжлэг авна гэх мэтээр ойлгуулж байгаад дургүйцэж байгаагаа илэрхийлжээ. Мөн АНУ-ын хэвлэлүүд хэн нэг эрх мэдэлтний гарт ажиллаж худлаа мэдээлэл түгээдэг хэмээн шүүмжилжээ. Хойд Солонгосын төрийн өмчит Korean Central News агентлаг үүнийг англи хэл дээр сийрүүлэн төв мэдээний агентлагуудаараа цацжээ.

“АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд БНАСАУ эдийн засгийн тусламж, дэмжлэг авахын тулд АНУ-тай хэлэлцээ хийнэ гэж мэдээлж байна. Бид ямар ч тийм хэлэлцээ хийгээгүй. Үүний учрыг тодорхой болгож тодруулах болно. Эдийн засгийн тусламжийн тухайд БНАСАУ хэзээ ч тусламж авахгүй. АНУ- Хойд Солонгос улсын харилцаанд найрсаг өөрчлөлт гарч байгаа нь БНАСАУ-ын ард түмний энх тайван, тогтвортой байдлыг хангах хүчин чармайлтын ачаар дэлхийд гайхалтай өөрчлөлт гарч байгаад дэлхий нийтээрээ талархан хүлээн авч байна” гэж хойдууд мэдэгджээ.

Мөн тус мэдэгдэлд АНУ-Хойд Солонгос улсын зургадугаар сарын 12-ны өдөр болох Сингапур дахь албан ёсны уулзалт төлөвлөсөн өдрөө зохион байгуулагдах болно гэжээ.

Бямба гаригт Хойд Солонгос улсын удирдагч Ким Жон Ун БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Интэй албан бус уулзалт зохион байгуулсан билээ. Тэгвэл Мун Жэ Ин тус уулзалтын дараа хэвлэлүүдэд хандан цөмийн зэвсгийн хөтөлбөрөө зогсоосны хариуд АНУ манай улсыг заналхийлдгээ зогсоож, Хойд Солонгосын дэглэмийн аюулгүй байдлыг анхаарч үзэхийг Ким Жон Ун хүсэж байгаа гэдгийг дамжуулсан байна.

T.ЗАНДАНМЯДАГ

Эх сурвалж: Yonhap

СЭТГЭГДЭЛ БИЧИХ