О.Эскандон: Н.Төгсцогтод олимпийн медаль, надад туршлага бий Н.Төгсцогт: Яаж гэдгээ мэдэхгүй ч ямар ч байсан я?
МУГТ Н.Төгсцогт маргааш Колумбийн боксчин, “Дайчин” хочит Оскар Эскандонтой мэргэжлийн боксын ээлжит тулаанаа хийх гэж байгаа билээ. Энэхүү тулаантай холбоотой мэдээлэл уг тулааны шууд дамжуулах “Фокс спортс” телевизийн цахим хуудсанд тавигдсаныг хүргэж байна.
О.Эскандон: Н.Төгсцогт олимпийн медаль, харин надад туршлага бий
Уг мэдээлэлд юуны түрүүнд тоглолтын ач холбогдлыг үнэлжээ. Тулалдаанд ялалт байгуулсан нь хагас хөнгөн жиндээ гол өрсөлдөгч гэдгээ баталж харуулах учиртай аж. Оскар Эскандон 25 ялж, гурав ялагдсан, ирэх долдугаар сард 34 нас хүрэх юм байна. Манай Төгсөөгөө найман насаар ахмад, мэргэжлийн рингэнд хийсэн тулааны хувьд ч хамаагүй гэдэг утгаараа туршлага бага зэрэг илүү байх магадлалтай.
Харин манай Төгсөөг “Маш хурдацтай өсөн дэвжиж буй од” хэмээн тодорхойлжээ. О.Эскандон өнгөрсөн оны тавдугаар сард WBC-ийн дэлхийн аварга Гэри Расселтай тулалдаад долдугаар үед ялагдсан юм. Гэригийн хувьд хурд, хүчээрээ гайхагддаг боксчдын нэг учир үүнд хэн ч гайхаагүй. Г.Расселд ингэж ялагдаж байгаа нөхрийг манай Төгсөө бол ялчихна гэж бодож байлаа. Гэтэл О.Эскандоны ярьж байгаа зүйлсийг одоо бодохоор бас ч гэж болгоомжлол төрүүлж байна шүү.
Тэрээр Гэри Расселтай туладлдахдаа 14 хоногийн л бэлтгэлтэй байжээ. Тааруухан аваргуудын цолоо хамгаалдаг нэг арга нь энэ л дээ. Бэлтгэлгүй амарч яваа хэн нэгнийг цагийг нь тулгаж дуудаад багагүй мөнгө амалчихдаг. Тэр үед ч тийм зүйл болсон бололтой. О.Эскандон “Г.Расселтай тулалдахад надад хоёр долоо хоног л байсан. Би тулалдахыг хүсч байсан учраас дуудлагыг хүлээж авсан. Түүнээс надад мөнгө чухал байгаагүй” гэж “Фокс спортс”-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэгээд манай хүнтэй хийх тулаан эрт товлогдсон учир бямба гаригт оргил формтой очоод Нямбаярыг зогсооно гэсэн байв.
“Өрсөлдөгч маань сонирхогчдын төвшинд муугүй амжилт гаргасан залуухан, сайн боксчин. Тэр 2012 оны олимпод оролцож, мөнгөн медаль хүртсэн. Гэвч надад туршлага бий. Би бэлэн байна. Ялж чадвал Гэри Расселтай даагаа нэхэх юм уу, Абнер Марс-Лео санта Крус хоёрын хожсонтой нь тулаан хийх боломж гарч ирнэ гэж харж байна” гэж О.Эскандон ярьжээ.
Тэрээр ийнхүү ялалтдаа итгэлтэй байсан ч мэргэжилтнүүд төгсөөгийн эсрэг О.Эскандонд хэцүү байх болно гэж дүгнэжээ. Насаар ахимаг, намхан нуруутай гэдгийг нь сул тал гэж үзэж байгаа аж. Харин О.Эскандон өөрөө “Өндөр намын ялгаа асуудал биш. Би өөрөөсөө өндөр зөндөө боксчидтой тулалдаж, ялж байсан” гэсэн байна.
Н.Төгсцогт: Яаж гэдгээ мэдэхгүй ч ямар ч байсан ялна
Харин манай хүний хувьд тулааныхаа талаар олон юм ярихгүй байгаа аж. “Оскар сайн тулалддаг, аваргын төлөө тулалдаж үзсэн боксчин. Тиймээс саналыг хүлээж авсан. Ер нь хэн ч намайг дуудсан би тулалдахад бэлэн. Хагас сайны тулаанд ялбал чансаагаа ахиулна. Энэ л миний хүсч байгаа зүйл” гэж хэлжээ.
Мөн “Оскарыг хүндэлж байна. Би тулаанч учраас бусад тулаанчдыг ч хүндэлдэг. Оскар маш хэрцгий. Гэхдээ бий энэ тулаанд бэлэн. Тулааны талаар урьдчилж яримааргүй байна. Нокаутлах боломж гарвал мэдээж ашиглана, гэхдээ юу, юунаас илүү ялалт байгуулахыг л хүсч байна” гэжээ.
Энэ тулаанд ялбал 122 юм уу 126 паундын жинд бүсний төлөө өрсөлдөх боломж гарч ирэх болов уу гэж найдаж байгаа гэнэ. Монголчууд бид ч чухам үүнийг л хүсч байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ