ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: “Иргэд хуваасан талх байтугай, ганц ширхэг төмс ч авах мөнгөгүй болсон” гэв


Тал талх, 100 грамм ургамлын тос, хагас килограмм будаа, цувдай зэргээр хоногийнхоо хоолыг залгуулдаг иргэд Улаанбаатар хотын захын гэр хороололд хэвийн үзэгдэл болон хэвшжээ. Бид энэ удаагийнхаа өдрийн сурвалжлагыг Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооноос бэлтгэлээ.

Эдийн засгийн хямрал гэх хар сүүдэр хэдэн жилийн өмнө гадаадын хөрөнгө оруулалтай томоохон компаниудад мэдрэгдэж байсан. Өнөөдөр Монгол Улсын бүхайл өрхүүд шар бор өдрүүдийг ширхэгийн хоол хүнс, тал талх, атгахан будаагаар залгуулж буй. Иргэдийн худалдан авах чадвар захын хорооллуудад эрс буурсныг Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны Улаанчулуут руу явж байхад мэдрэгдэж байлаа. Зам зуурт хаяг нь урагдаж, гандсан цонхоо төмрөөр дарж хадсан хүнсний дэлгүүр, ТҮЦ хэдэнтээ дайралдав. Цааш явсаар Улаанчулуутын эцэст байрлах автобусны буудлын дэргэд үйл ажиллагаагааявуулдаг нэгэн жижигхэн хүнсий дэлгүүрийн үүдээр орлоо.

-ЯДУУ БҮЛГИЙН АЙЛУУДДАА ХҮҮХДИЙН 20 МЯНГАН
ТӨГРӨГИЙГ НЬ ӨГӨХГҮЙ БАЙНА-

Худалдагч лангууныхаа цаанаас “Би чамд үгүй гэж хэлээд байгаа юм шүү, өмнөх өрөө төлж чадахгүй байж ахиад зээл өгөөч гээд байхын яасан түвэгтэй юм бэ” хэмээн их л ууртайгаар хариулах нь сонсогдов. Туниа муутай, 30 орчим насны жижигхэн бор хүүхэн “Нөхөр маань барилгын компанид ажилд орсон. Хэд хоногоос цалин нь бууна. Та дүүдээ хагас кг шар будаа, ганц цувдаа зээлчихээч дээ. Гурван хүүгээ хоосон хонуулалтай нь биш” гээд худалдагч эмэгтэйг царайчлан харна. Нэг их удалгүй худалдагч эмэгтэй зээл өгөхийг зөвшөөрч өрийн дэвтэрээ гаргаж ирэн лангуун дээрээ шидэв. Оройн хоолтой болсон бүсгүй худалдагчид дахин, дахин талархалсаар чихэр нэхэн уйлах бага хүүхдээ чирч гулдарсаар дэлгүүрээс гарав. Тэд өнөөдөр гэдэс цатгалан хонох боловч маргааш дахиад л хоолгүй...

Энэ дэлгүүрийн худалдагч эмэгтэйг Ж.Оюунсүрэн гэдэг. Улаанчулуутад дэлгүүр ажилуулаад таван жил болж байгаа. Тэрээр дэлгүүртээ элдэв төрлийн амттан бараг л зардаггүй, өдөр тутамын хэрэглээний жаахан бараа, талх, сүү, тараг зардаг аж. Бид түүнээс иргэдийн худалдан авалт ямархуу байгааг асуутал “Хоёр жилийн өмнө хүмүүс ойр зуурынхаа хэрэгцээний барааг торох юмгүй авдаг байлаа. Өнөөдөр манай дэлгүүрийн хамгийн их гүйлгээтэй бараа нь цувдаа, ямаа, хонины толгой. Тиймээс ундаа, чихэр гээд амттан татахаа больсон. Лангуу бараг л хоосон байгаа биз. Хүмүүс авахгүй юм чинь их бараа татаж, алдагдалд орохоос болгоомжилж байгаа. Хүүхдүүд хүртэл амттай зүйл худалдаж авахаа больсон” гэв. Тэрээр цааш нь “Энэ жилийн цагаан сар, шинэ жилийн баяр ёстой шог болсон. Урьд жилүүдэд баярын өдрүүдээр арай ч ийм байгаагүй ээ. Иргэд хуваасан талх байтугай, ганц ширхэг төмс ч авах мөнгөгүй болсон. Ийм айлууддаа хүүхдийн мөнгийг нь өгөх хэрэгтэй. Сая надаас цувдай зээлээд гарсан эмэгтэйг харсан уу, манай гудамжинд амьдардаг юм. Нөхөрт нь тогтсон ажил байхгүй. Энэ хүүхэн бага хоёрыгоо хараад гэртээ суудаг. Амьдрах аргаа олохгүй будилж л яваа хоёр доо. Эднийхийг “Зурагттай” гээд хоёр жилийн өмнө хүүхдийн мөнгийг нь хасчихсан гэсэн. Монгол Улс эзэнгүй айл шиг л байна. Төр засагтаа хандаж ядуу эмзэг бүлгийн айлуудад тал талхны мөнгө хүүхдийн 20 мянган төгрөгийг нь хэл амгүйхэн шиг өгөөч ээ” гэж биднээр дамжуулан төр засгийн удирдлагуудад үгээ дайлаа.

-“ӨӨРИЙН МЭДЭЛГҮЙ Л ЗЭЭЛ ӨГӨӨД ГАРГАЧИХСАН БАЙХ ЮМАА”-

Улаанчулуутаас 21 дүгээр хороолол руу ирж орон сууц, гэр хороололын дунд байрлах Мини маркет руу орлоо. Эднийх хотын захын дэлгүүрүүдийг бодвол бараа сайтай худалдан авагч ихтэй харагдав. Бид худалдагч эрэгтэйгээс “Танайх хүмүүст зээл өгдөг үү” гэж асуутал “Өрийн дэвтэргүй хүнсний дэлгүүр бараг л байхгүй дээ. Зээл өгөхгүй гэж хичээх л юм. Нэг л мэдэхэд өөрөө ч мэдэлгүйгээр зээл өгөөд гаргачихсан байх юм. Манайх өнөөдөр л гэхэд 10 хүнд зээл өгсөн байна. Эргүүлж өгдөг нь ховор, зарим нь бүр таг чиг алга болдог. 500 төгрөгийн шилтэй ундаа авч уучихаад 100 төгрөгийг нь дараа өгье гэдэг боллоо. Саяхнаас хүмүүс тамхи зээлээч гэдэг боллоо. Уг нь тамхи татдаг хүмүүс чинь яаж ч мөнгөгүй болсон тамхиныхаа мөнгийг цааш нь хийдэг л байхгүй юу. Байрны гадаа тоглож буй хүүхдүүд ундаа, зайрмаг авдагаа бүр больсон. Хүүхдүүд хүртэл амттанаас татгалзаж байна. Би энэ дэлгүүрийг дөрвөн жилийн өмнө худалдаж авсан. Тэр үед өдрийн орлого сая гардаг байлаа. Одоо 500 мянга хүрвэл дээдийн заяа. Улс орны эдийн засаг сэргэж иргэдийн худалдан авах чадвар сайжрахыг хүлээж л байна даа” гэлээ.

Захын хорооллын дэлгүүрүүдийн худалдаа хийх, иргэдийн худалдан авах чадвар ийм байна. Бидэнд ерээд оны эхээр хүнсний бараа олдохгүйн эрхэнд урт дараалалд дугаарлаж, өлсч явсан өдрүүд бий. Харин мөнгөгүйн эрхээр “өлссөн” түүх хэдэн үедээ үгүй. Тэр тусмаа XXI зуунд хүүхэд өлсгөж, мах, талх, гурил гурваа чадан ядан залгуулж амьдарна гэдэг туйлын харамсалтай хэрэг юм. Захын хорооллын дэлгүүрүүд худалдан авагчгүйн улмаас үүдээ барьж байна. Эдийн засаг эрчимжтэл хэчнээн дэлгүүр үүдээ хааж, хэчнээн айл хоосон хонохыг хэлэхэд ч эмзэглэмээр...

М.АМАРЖАРГАЛ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ