Пхеньян АНУ-ын албаны хүмүүсийг цөмийн туршилтын талбайн хаалтын ёслолдоо урьсангүй
БНАСАУ-ын эрх баригчид АНУ-ын албаны хүмүүсийг тус улсын зүүн хойд хэсэгт байрлах Пунгери цөмийн туршилтын талбайд байрлах тоног төхөөрөмжийг устгах ёслолын ажиллагаанд уриагүй байна. Энэ талаар мягмар гаригт АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн нарийн бичгийн дарга Хезер Науэрт хэвлэлийн бага хурал хийхдээ сэтгүүлчдэд мэдээлснийг ТАСС уламжлав.
Хезер Науэрт "Бид тийм урилга хүлээн аваагүй, зөвхөн сэтгүүлчдийг л урьсан" хэмээн хэлжээ. Мөн тэрээр "Бид Хойд Солонгосын Засгийн газрын төлөөлөгчийн мэдэгдлээс цөмийн туршилтын талбайн хаалтын ёслолын ажиллагааг сурвалжлах сэтгүүлчдийн баг Хойд Солонгост очсон тухай мэдсэн" гэжээ.
Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга "Мэдээж хэрэг бид Пхеньян цөмийн туршилтаа зогсоох төлөвлөгөөгөө зарласныг таатай хүлээн авсан. Өмнө нь бидний онцлон тэмдэглэсэнчлэн цөмийн туршилтын талбайг бүрмөсөн хаах ёстой бөгөөд энэ нь Хойд Солонгосын хувьд цөмийн зэвсгээс ангид байх нэгэн алхам болно. Бид цөмийн туршилтын талбайд юу болж байгаа талаар илүү ихийг мэдэхийг хүсч байна" хэмээн хэлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ