Эзгүй суудалтай, хөрөнгө оруулагчгүй “Эдийн засгийн форум”

Монголын эдийн засгийн форум “Хүчээ нэгтгэе” уриан дор хоёр өдрийн турш үргэлжилж, өчигдөр хаалтаа хийлээ. Форумд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, ЗГХЭГ-ын дарга, сайд нар, УИХ-ын гишүүд, агентлагийн дарга тэргүүтнүүд оролцож, тодорхой асуудлуудаар байр сууриа илэрхийлсэн юм. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газар хөгжлийн гурван тулгуурт бодлого хэрэгжүүлнэ гэж амалсан юм.

battulga

Ерөнхийлөгч Х.Баттулга “Энд геополитик биш улсын дотоод асуудлаа ярьж байгаа нь гэнэн хэрэг”хэмээн тодотгов. Нэгэн хэвийн унтаа, хий хоосон дарга нарын ярианаас Ерөнхийлөгчийн үг арай “ахиад” байсныг онцлууштай. Тэрээр “Монголын эдийн засагт бодитоор нөлөөлж, эрх ашгаа тулгаж, гацааж бас урагшлуулж байдаг хүчин зүйл бол Их гүрнүүдийн геополитик, гео эдийн засгийн хандлага, хүчний хуваарилалт, таталцал, түлхэлцэл юм” хэмээн онцолж, дэлхийн том гүрнүүдийн бодлогыг ойлгож байж тоглолт хийх учиртайг сануулав.

Форумын бэлтгэл ажлыг хангах үеэр МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Б.Лхагважав “Сайд дарга нар нь ирж сонсохгүй бол хувийн хэвшлийнхнээ дагуулаад гараад явчихна” гэж мэдэгдэж байсан. Тэрээр форумын өдөр “Бүтэн хоёр цаг сайд дарга нарын цэцэрхэл, хий хоосон яриаг сонслоо. Одоо хувийн хэвшлийнхнээ сонсоно байх гэж найдаж байна” хэмээн байр суурь илэрхийлсэн юм. Гэсэн хэдий ч салбар хуралдаан болон гол форумын үеэр төр төлөөлж хуралд албан ёсоор оролцогчдыг эс тооцвол идэвх сул хэвээр л байв.

Өнгөрсөн жил ОУВС-тай хэлэлцээр өрнүүлж буй тул форум зохион байгуулалтгүй өнгөрсөн. Эдийн засаг өсөлттэй, дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөлттэй байсан үед “Эдийн засгийн форум” амьтай, хөгтэй болдог байв. Гадны хөрөнгө оруулагчид форумд ирж, сайн төсөл байна уу гэж эрэлхийлдэг. Дотоодын ААН-үүд ч ажил хэрэгч байдлаар ханддаг үе бидэнд байсан.

Энэ удаа гадны хөрөнгө оруулагчид бараг ирсэнгүй. Дэлхийн банк, Азийн Хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудын Монголыг хариуцсан цөөн хэдэн хүн ирсэн юм. Гэхдээ энэ шинэ үзэгдэл биш билээ.

Сүүлийн жилүүдэд гадны хөрөнгө оруулагчид Монголыг төдийлөн сонирхохгүй байна. Давосын чуулга уулзалт дээр ч уур амьсгал манайхаас хөндий байсныг оролцогчид онцолж л байсан. Хөрөнгө оруулагчид манайхаас дөлөөд байгаа голлох шалтгааныг хууль эрх зүй, төр засгийн байдал тогтвортой биш, дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт, Оюутолгойн асуудлаар улс төрийн шийдвэр гаргасан хүмүүсээ хорьсон явдалтай холбон тайлбарлаж байна.

ediin zasag

-300 МЯНГАН ТӨГРӨГ ТӨЛЖ, ТӨРИЙН ОРДОНД ЗУРГАА АВАХУУЛАВ-

Форумаас дараачийн хөндөх асуудал нь хувийн хэвшлээ хэр сонсов гэдэг байв. Зохион байгуулагчдын онцолж буйгаар, форумд 1200 орчим төлөөлөгч оролцсоноос 763 нь манай дотоодын ААН-үүдийг төлөөлжээ. Төлөөлөгч бүр 300 мянган төгрөгийн хураамж төлж байж гол болон салбар хуралдаануудад суух эрхээ өвөртөлсөн байна.

Гэвч 300 мянган төгрөг форумд бүртгүүлсэн мөртлөө тэдний ихэнх нь Төрийн ордонд ирж, зургаа даруулаад л буцаж байгаа нь харамсалтай. Гол болон салбар хуралдаанууд дээр хувийн хэвшлийн төлөөллүүд гар өргөөд, санал бодлоо хэлэх боломж төдийлөн олдсонгүй. Хуралдаан болоод байгаа юм шиг мөртлөө 1000 хүний суудал бүхий Төрийн ордны танхим бараг тэр чигтээ эзгүй харагдсан нь ч анхаарч үзэх өнцөг байлаа.

Форум зохион байгуулагчид Ерөнхий сайдтай уулзах үеэрээ “Холбогдох зардлууд дээр төр ямар ч үүрэг хүлээгээгүй. Хувийн хэвшлүүд бүрэн хариуцаж байгаа” гэсэн мэдээлэл өгч байв. Улмаар “Ард” санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг хандивлагч ААН-үүд 30-150 сая төгрөг өгснийг тодотгосон юм.

ganhuyag

-МӨНГӨӨ ӨГСӨН НЬ ХӨГЖМӨӨ ЗАХИАЛДАГ ЖИШИГ ДАВТАГДЛАА-

Форумын голлох зохион байгуулагчаар Оюутолгой, “Ард” санхүүгийн нэгдэл оролцсон. Зохион байгуулагчид энэ удаагийн форумын шинэлэг тал нь блокчейн, дижитал шилжилтийн технологийг хөндөн ярилцах өнцөг гэж тодотгож байв. Тэр нь үнэн чанартаа Ч.Ганхуягийн сүүлийн үед хамгийн их хөөцөлдөж буй бизнес байх жишээтэй.

Яг энэ санааг батлах мэтээр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав“Хэн их мөнгө өгсөн нь өөрсдийнхөө сэдвийг түлхүү яриулах хандлага ажиглагдсан” гэх тайлбар ч өгөөд амжив. Угаас мөнгөө өгсөн нь хөгжмөө захиалдгийн жишиг энэ гэлтэй.

Энэ удаагийн форумаар Оюутолгойн асуудлаар хоёр ч том албан тушаалтан илтгэл тавьсан нь сайн хэрэг. Тэдний өгсөн голлох мессэж нь Монгол Улс гэрээгээ урт хугацаанд зөрчих ёсгүй гэсэн санаа байв.

baabar

Үүн дээр бас нэг элийрсэн санааг дахин нэмж онцолъё. Зохион байгуулагчид “Нийтлэлч Баабар ирнэ” гэсэн пиарыг маш сайн хийж, тэр нь ирж баахан сагсалзсан явдал. Цагтаа Оюутолгой төслийн гэрээг буруу жимээр зурагдах асуудал дээр массын тархийг хамгийн ихээр угаасан мөртлөө өнөөдөр ч энэ сэдвээр цэцэрхсэн хэвээр яваа эрхэм. Энэ хүнээр форумаа чимж байгаа нь нөгөө л хийрхэл биднээс арилаагүй яваагийн тод илрэл билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ