Экс-ерөнхий сайдын гэрээс 280 хайрцаг мөнгө, үнэт эдлэл хураажээ

Малайзын ерөнхий сайд асан Нажиб Резакийн мэдэлд байдаг орон байрнуудаас нийт 280 хайрцаг бүхий бэлэн мөнгө, үнэт эдлэл, үнэтэй цаг, мөн Hermes-ийн эмэгтэй цүнхний хэдэн арван цуглуулгыг цагдаагийнхан хураан авсан байна. Уг хураагдсан зүйлсийг тээвэрлэн авч явахад таван ачааны тэрэг шаардагджээ.


Экс-ерөнхий сайдын үнэт эдлэлүүдийг Куала-Лумпур дахь элит орон сууцны цогцолборт байрлах гурван тансаг байрнаас нь олсон аж.

Нажиб Резакийн эхнэр Hermes-ийн 12 мянгаас 300 мянган долларын үнэ бүхий цүнхээр гангардаг тухай өмнө нь хэвлэлүүдээр мэдээлдэг байсан билээ. Мөн АНУ-ын Хууль зүйн яамны мэдээллээр, уг хатагтай Америкийн газар нутаг дээр 23 сая доллараар ягаан алмааз худалдаж авсан гэжээ.


Малайзад саяхан явагдсан парламентын сонгуульд ялсан шинэ ерөнхий сайд Махатхир Мохамад улсын хөрөнгө оруулалттай санд гарч байсан хулгайн хэргийг мөрдөн шалгах болно гэдгээ амласан юм.

2015 онд Резакийн данснуудад 700 сая доллар илрэх үед уг сангаас 4,5 тэрбум долларыг зориулалтын бус зүйлсд зарцуулсан гэх анхны мэдээллүүд гарч байжээ. Гэвч дараахан нь энэ хэргийн мөрдөн шалгалт зогсож, бүх материалуудыг нууцалсан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ