С.Шаарийбуугийн мэдэгдэл Малайзын сонгуульд нөлөөлөв үү?

Малайз улс Их Британиас тусгаар тогтносноос хойш анх удаа засгийн газар нь шинэчлэгдэх нөхцөл байдал үүслээ. Малайзын төрийн эрхийг тасралтгүй 61 жил барьсан BN эвсэл 14 дэх удаагийн ерөнхий сонгуульд парламентад хангалттай хэмжээний санал авч чадалгүй ялагдал хүлээжээ. Харин сөрөг хүчний “Pakatan Harapan” нам лхагва гаригийн санал хүрээлтийн үр дүнд түүхэн ялалтыг байгууллаа. Малайзад парламентын сонгууль эхлэхээс хэдхэн цагийн өмнө тус улсад амиа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн аав сөрөг хүчний Pakatan Harapan” намын тэргүүн, экс ерөнхийлөгч Махатир Мухаммадад видео бичлэгээ илгээжээ.

Түүний бичлэгийг Малайзын сөрөг хүчин олон нийтэд цацсан байна. Сонгуульд Pakatan Harapan” нам олонхын санал авч чадвал Махатир Мухаммад дахин ерөнхий сайд болох магадлалтай. С.Шаарийбуу гуай Малайзын ард иргэдэд хандан шударга ёс, эрх чөлөөний төлөө зөв сонголт хийхийг уриалжээ. Тэрбээр “Малайзын ард иргэдээ, сонголтоо хийхдээ миний охин Алтантуяаг санаарай. Хэрэв та бүхэн буруу сонголт хийвэл охины минь аллага шиг шударга бустай нүүр тулна” хэмээн тус улсын далбааг барин видео бичлэг хийсэн аж.

Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа нь Малайз улсад амь үрэгдсэнээс хойш 12 жилийн хугацаа өнгөрсөн ч хэргийг эцэслэн шийдээгүй байна. Ш.Алтантуяа нь 2006 оны аравдугаар сарын 19-нд бусдын гарт амь үрэгдсэн юм. Тэрбээр эсэн мэнд байсан бол тавдугаар сарын 6-нд 40 нас хүрэх байжээ. С.Шаарийбуугийн нэхэмжлэлээр Малайзын засгийн газрыг тус хэрэгт яллагдагчаар татах Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг тус улсын Дээд шүүхэд хянах хүсэлтийг гаргажээ. Давж заалдах шатны шүүх өнгөрсөн наймдугаар сард Малайзын засгийн газрыг яллагдагчаар татах хүсэлтийг буцаасан аж.

С.Шаарийбуугийн өмгөөлөгчийг мэдээлснээр тэд ирэх зургадугаар сарын 6-нд Малайзын шүүхэд мэдүүлэг өгөх аж. Алтантуяагийн аав болон түүний хоёр хүүхэд болох Мөнгөншагай, Алтаншагай нар анх 2007 онд Малайзын шүүхэд зарга үүсгэсэн нь өдгөөг хүртэл үргэлжилж байна. Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэргээр 2015 онд Малайзын хоёр иргэнд цаазын ял оноосон юм. Гэвч нэг нь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс өмнө Австрали улс руу зугтаж, Сиднейн цагаачдыг хорих төвд хоригдож байгаа аж.

Ш.Алтантуяагийн хэрэг 2002 онд Франц-Испанийн “Армарис” гэх компани Малайзын Засгийн газарт гурван шумбагч хөлөг нийлүүлэх нэг тэрбум еврогийн хэлэлцээтэй холбогддог. Ш.Алтантуяа Бээжинд Эдийн засаг, менежментийн сургууль төгссөн англи, орос хэлээр чөлөөтэй ярихын зэрэгцээ хятад, япон хэлний мэдлэгтэй, өндөр боловсролтой нэгэн байжээ. Гэвч Малайзын Ерөнхий сайд Нажиб Разактай ойр дотны холбоотой Абдул Разак Багиндатай гэгчтэй холбогдсоноор түүний хувь тавилан орвонгоороо эргэсэн юм.

Багинда гэгч нь тухайн үед аюулаас хамгаалахын ажилтан, Малайзын Стратегийн судалгааны төвийн захирал байжээ. Багиндад оросоос англи хэл рүү орчуулга хийж өгдөг байсан Ш.Алтантуяа удалгүй түүнтэй амрагийн холбоотой болсон байна. Хожим Ш.Алтантуяа Парисын нэгэн клубт Нажиб Разак, Багиндатай авахуулсан зургаа үзүүлж байсныг нэгэн найз нь гэрчилсэн боловч Нажиб Разак коран судар дээр гараа тавьж, бүсгүйг амьдралдаа огт харж байгаагүй хэмээн мэдүүлэг өгсөн юм.

Д.Туяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ