Ш.Алтантуяагийн аав малайзчуудад хандан мэдэгдэл хүргүүлжээ


shaariibuuБусдын гарт зэрлэгээр хөнөөгдсөн Монгол Улсын иргэн Алтантуяагийн аав С.Шаарийбуу өнгөрсөн мягмар гаригт Малайзын парламентын сонгууль эхлэхээс хэдхэн цагийн өмнө тус улсын Ерөнхий сайд асан Махатхир Мохамадид хандан, улмаар малайзчуудад мэдэгдэл хүргүүлсэн талаар “Malaysiakini" мэдээлжээ.

С.Шаарийбуу Малайзын ард түмэн энэ удаагийн сонгуулиар зөв сонголт хийж, шударга ёсыг олж авна гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр мэдэгдэлдээ “Малайзчууд аа, сонголтоо хийхдээ Ш.Алтантуяаг санаарай. Хэрэв Малайзын ард түмэн буруу сонголт хийвэл миний охины аллага шиг шударга бус явдалтай нүүр тулах болно” гэжээ. Их сургуулийн багшаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан тэрбээр гуравхан өгүүлбэртэй мэдэгдэлдээ гарын үсгээ зурж, Малайзын туг барьсан гэрэл зургийн хамт илгээжээ.

Монголын нийслэл Улаанбаатар дахь түүний өмгөөлөгчөөр нь дамжуулан холбогдоход С.Шаарийбуу Малайзид шинэ засгийн газар байгуулагдаж, түүний Холбооны дээд шүүхийн эсрэг гаргасан иргэний заргыг нухацтайгаар авч үзээсэй гэж хүсч буйгаа илэрхийлэв. Тэрээр “Охин маань 12 жилийн өмнө амиа алдсан ч өнөөдрийг хүртэл энэ хэрэг шийдэгдээгүй байна. Бид хэр удаан хүлээх ёстой вэ?

altantuyaОхин маань амьд сэрүүн байсан бол тавдугаар сарын 6-нд 40 нас хүрэх байлаа. Түүний төрсөн өдөр Малайзын парламентын сонгуультай давхцаж байгаа учраас би тус улсын иргэдэд хандаж Ш.Алтантуяаг битгий мартаарай, сонголтоо ухаалгаар хийгээрэй гэж хэлмээр байна” гэв.

Тавдугаар сарын 2-нд С.Шаарийбуугийн нэхэмжлэлээр Малайзын засгийн газрыг тус хэрэгт яллагдагчаар татах Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Малайзын Холбооны дээд шүүхээс хянах хүсэлт гаргасан байна. С.Шаарийбуугийн өмгөөлөгч Сангийт Каур Деогийн хэлж байгаагаар түүний гэр бүл ирэх зургадугаар сарын 6-наас өмнө мэдүүлэг өгөх шаардлагатай аж.

Өнгөрсөн жилийн наймдугаар сард Шах Аламын Дээд шүүхээс С.Шаарийбуугийн хүсэлтийг“үндэслэлгүй” хэмээн хүлээж аваагүй байна. Гэвч гурван гишүүний бүрэлдэхүүнтэй Давж заалдах шатны шүүхийн шүүгч Мод Завави Мод Салле Дээд шүүхийн шийдвэрийг буцаан, С.Шаарийбуугийн хүсэлтийг хүлээн авчээ. Ингэснээр Малайзын засгийн газар 100 сая ринггитийн хэрэгт буцаж татагдсан байна.

С.Шаарийбуу болон Ш.Алтантуяа агсны хоёр хүүхэд Б.Мөнгөншагай, М.Алтаншагай нар 2007 онд иргэний шүүхэд ханджээ. Ш.Алтантуяаг хөнөөсөн ахлах мөрдөгч Азила Хадри, бага түрүүч Сирул Азхаар Умар нар болон Малайзын засгийн газар тус хэрэгт яллагдагчаар татагдсан байна.

2006 оны аравдугаар сард Шах Аламын ойролцоох ойд Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг хөнөөсөн бөгөөд 2015 онд Холбооны дээд шүүхээс Азила болон Сирулыг тус хэрэгт буруутай хэмээн цаазын ял оноосон билээ. Гэвч Сирул ялын тогтоол гарахаас өмнө Австрали руу оргон зайлсан бөгөөд Австралийн хууль сахиулагчдад баригдан, Сидней дэх Виллавүүдийн Цагаачлалын саатуулах төвд хоригдсоор байгаа аж.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ