Ц.Нямдорж үнэнд гүйцэгдсэн "үхэр тэрэг" шиг муухай харагдаж байна гэв

Хэдхэн хоногийн өмнө сэт­гүүлчдийг тагнаж чагнасан хэрэгт унаад буй хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой холбоотой дараагийн үйл явдал өрнөх гэж байна. Монголын хүний төлөө намаас өчигдөр хэвлэлийн хурал хийж нийтээрээ шударга ёсыг мөрдлөг болгоход Ц.Нямдоржийн шударга бус үйлдлүүд саад болж байгаа учраас түүнд ёс зүйн хариуцлага тооцохоор хэлэлцүүлэг хийхийг шаардаж байгаагаа мэдэгдлээ.

Тус намынхан Ц.Нямдоржтой холбоотой хэлэлцүүлгийг зохион байгуулахын тулд 5000 гаруй хүний гарын үсэг цуглуулаад байгаа бөгөөд хүсэлтээ УИХ, Ерөнхийлөгчид хүргүүлж дээрх хоёр субьектыг эрх мэдлийнхээ хүрээнд хэлэлцүүлэг зохион бай­гуулахыг шаардах юм. Ц.Нямдоржийн ёс зүйгүй үйлд­лүүдийн талаар төрийн зүгээс хэлэлцүүлэг зохион байгуулах боломжгүй бол энэ сарын 26нд Эрх чөлөөний талбайд ард түмний хэлэлцүүлгийг зохиохоор төлөвлөөд байгаа аж. Тус намынхан нийгэмд шударга ёс тогтоох, нийтээрээ ёс зүйтэй байхад наад зах нь хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн олон шударга бус, ёс зүйгүй үйлдэл муу муухайн үлгэрлэл болж байгаа нь зөвхөн түүгээр “дагнасан” хэлэлцүүлэг хийх үндэслэл бий болгосон гэж үзжээ.

Албаны эрх мэдлээ “эрдэнэт” үйлдвэрт “шахаа” хийх боломжийг хүүдээ олгосон

Энэ үйл явдал 2004 оноос эхтэй бөгөөд Ц.Нямдорж тухайн үед хууль зүй дотоод хэргийн сайдаар ажиллаж байжээ. Тэрбээр өөрийн том хүүгийн нэр дээрх компанид албаны нэр хүндээ ашиглан төрөөс ашиг хийх боломжийг бүрдүүлж өгсөн байдаг. Ц.Нямдоржийн том хүү Н.Анхбаяр 1979 онд төрсөн бөгөөд 2004 онд 25 настай байж. 25 настай залуу хэний ч дэмжлэггүй, бүр өндөр албан тушаалтай аавынхаа нөлөөгүйгээр Эрдэнэт үйлдвэртэй ийм өндөр дүнтэй гэрээ хийж чадна гэж үү. Н.Анхбаярын “Анлимитед” ХХК 2004 онд нийт 298700 ам.долларын гэрээг “Эрдэнэт” үйлдвэртэй хийж байсан баримт олонд ил болсон.

Мөн Ц.Нямдоржийг УИХ-ын даргаар ажиллаж байсан 2006 онд “анлимитед” ХХК, “Эрдэнэт” үйлдвэрийн хооронд 255000 ам долларын гэрээ хийгдсэн нь бас л олонд дэлгэгдэж дуулиан дэгдээсэн. Энэ тухай эрхэм сайдтан “аавын хувиар дэмжсэн, Эрдэнэт үйлдвэрийнхэнтэй манай хүү наана чинь явж байгаа шүү гэсэн маягаар ярьсан” гэх аястай үгсийг хээв нэг хэлж сууна. Нэгэнтээ сайд өөрөө “аль дээр үеийн асуудал” гэж хэрэг явдлыг “хуучруулж” хэлнэ лээ. гэхдээ хуулийнхан “хэрэг хуучирдаггүй” гэдэг байх аа.

Төрийн сайд хувийн компанийн байранд үнэгүй амьдрах нь ашиг сонирхлын зөрчил

УИХ-д завсаргүй долоон удаа сонгогдсон Ц.Нямдорж гэдэг хүн өөрийн гэсэн орон сууцгүй олон хаврыг угтаж байгаа мэдээ хөдөөгийн хөгшдийг ч уяраахаа больжээ. Боломжгүйдээ хүний байранд толгой хоргодож байгаа гэхээсээ илүү хийсэн ажлынхаа хөлсийг авч буй мэт харагдах энэ үйлдэл хууль зөрчсөн ямар ч сэдэлгүй гэдгийг Ц.Нямдорж хэлсэн. түүний амьдарч байгаа байранд жирийн иргэн түрээсээр суухад сард 5.7 сая төгрөг төлөх юм.

Гэтэл тэднийх алтжин компанийн захирал Г.Алтангийн хүүгийн нэр дээрх байранд 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл 72 сар амьдарч байна. УИХ-ын гишүүд орон сууцгүй бол төрөөс орон байраар хангадаг “ивээл хайр” бас байдаг юм шүү дээ, манай төрд. хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүдээс энэ “хаялга”-ыг ашиглаад орон сууцтай болоод авсан олон түшээ бий. Үнэхээр хүүдээ орон сууцаа өгөөд орох оронгүй болоод байсан юм бол Ц.Нямдорж сайдад төрийн ивээлд хамрагдах боломж одоо ч бий. Хардсан, хардаагүй төрийн сайд хувийн компанийн байранд үнэгүй амьдарч байна гэдэг ашиг сонирхлын зөрчил юм.

Ц.Нямдоржид 31 сая төгрөгийн хахууль өгсөн тухайгаа С.Жамъянсүрэн ярьж байв

“Алтжин” компанийг үүсгэн байгуулагч С.Жамъянсүрэн 2008 онд сонинд өгсөн ярилцлагадаа “Ц.Нямдоржийн хувьд гэвэл, 2003 онд Засгийн газрын хуралдааны 15 дугаар тэмдэглэл байдаг. Түүнд “Алтжин” компанийн охин компани болох “Боршоон Буянт” компани спирт, пиво үйлдвэрлэх эрхийг нэг өдөр олгосон байсан. Г.Алтан ярихдаа “Хөөрхий Ц.Нямдорж үдээс өмнөх хуралдаанаар Ерөнхий сайдтай нэлээн маргалдаад, харин үдээс хойшхи хуралдаанаар зүтгүүлж байж зөвшөөрөл өгчээ “ гэсэн юм. Дараа нь өрөөнд цай уугаад сууж байтал кассын эрхлэгчээ дуудаад 30 сая төгрөг аваад ир гэсэн. Нөгөөх нь ч 10 мянгатын гурван том боодолтой мөнгө оруулж ирсэн. Хүнд тэгш тоотой юм өгдөггүй юм гэнэ лээ гээд дахин нэг саяыг нэмж 31 сая төгрөг болгоод өөрийнхөө хамгаалагч Болдбаатарыг дуудаж, “Ц.Нямдоржийн жолооч гадаа зогсч байгаа. Үүнийг аваачаад өг” гэсэн. Тэгээд хамгаалагч нь аваачиж өгсөн юм. Харин дараа нь нөгөө зүйлийг чинь өгөөд явууллаа гэж ярьсан” хэмээжээ.

Энэ бол Ц.Нямдоржид 31 сая төгрөгийг архи пивоны үйлдвэрийн зөвшөөрөл авч өгсөнд нь зориулж “бэлэглэж” байсан” тухай яриа. Тухайн үед энэ ноцтой мэдэгдэл шатсан Бөмбөгөр, шаралхсан эхнэр нөхрийн маргаанд “хавчуурга” төдий болоод өнгөрсөн нь үнэн. Хэрэв хуулийг өндөрт дээдлэх ёстой сайд нь хувийн компаниас хахууль авч байсан нь үнэн бол авлигын эсрэг хуулийн заалт ч байж л байна. Энэ тухай Ц.Нямдорж сайд нэг ч тайлбарыг хийгээгүй байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ