Охиныг таван жилийн турш сэтгэцийн эмгэгтэй болтол хүчирхийлсэн хойд эцэгт 15 жилийн ял оноолоо

Бага насны хүүхдийг бүхэл бүтэн таван жилийн турш хүчирхийлж байсан этгээдэд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд Хяналтын шатны шүүх хурлаас 15 жилийн хорих ял оноожээ. Ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасныг хүчирхийлэгчийн өмгөөлөгчид хүлээн зөвшөөрөхгүй давж заалдсан байна. Гэвч Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг Дээд шүүх ч баталжээ.

Эдүгээ 38 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй Г гэх этгээд эхнэр, гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг байсан бөгөөд хүчирхийлэлд өртөж хохирсон охины хойд эцэг аж. Тэрбээр өдгөөгөөс таван жилийн өмнө буюу 2013 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 2017 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх таван жилийн хугацаанд бага насны Н гэх охиныг “Ээждээ хэлж болохгүй, хэлэх юм бол хоёр дүү чинь өнчирнө шүү” гэх мэтчилэнгээр сүрдүүлжээ. Улмаар хүч хэрэглэхээр заналхийлж, хохирогчийг биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, амьдралын эрхэнд эрхшээлдээ байгааг далимдуулан олон удаагийн үргэлжилсэн үйлдлээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн байна.

-ОХИН БОЛСОН ЯВДЛЫГ ЗАХИДАЛДАА БИЧИЖ, ЭГЧИЙНХЭЭ ГЭРИЙН
ХААЛГАНД ХАВЧУУЛСНААР ХЭРЭГ ИЛ БОЛЖЭЭ-

Үүний уршгаар охин сэтгэцийн гэмтлийн дараах дарамтат эмгэг өвчин туссан нь Шүүхийн шинжилгээний эмчийн дүгнэлтээр тодорхой болжээ. Охин болсон явдлуудын талаар бүгдийг нь мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн байх бөгөөд ээжийг нь хөдөө явсны дараа буюу хамгийн сүүлд 2017 оны дөрөвдүгээр сарын 18-нд аавдаа хүчирхийлүүлсэн гэдгээ хэлсэн байна.

Тэрбээр энэ явдлаас айж эмгэг өвчтэй болсон байжээ. Энэ талаараа хэнд ч хэлэхгүй явсаар аргаа барахдаа хашаанд нь тусдаа гэрт амьдардаг ээжийнхээ төрсөн дүү болох эмэгтэйд захидал бичсэн байна. Охин өглөө эгчийнхээ гэрийн хаалганд захидлаа хавчуулаад хичээлдээ явсан байсныг эгч нь олж уншсанаар ээжид нь хэлж, энэ бусармаг явдал ил болжээ.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээр дүгнэлт гаргуулахад охины гараар бичсэн захиа мөн болох нь тогтоогдсон байна. Мөн шинжээч эмч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “Гэмтлийн дараах дарамтат эмгэг өвчин нь олдмол өвчин бөгөөд сэтгэцийн гэмтлээс болж үүсдэг. Насанд хүрээгүй хохирогч охины хувьд 9 наснаас хойд эцэг нь бэлгийн хүчирхийлэл хийх болсноос гэртээ харихаас айдаг, мөн ааваасаа айдаг болсон.

Айдас, түгшүүр, нойрны хямрал, 11 наснаас хар дарж зүүдлэх, зүгээр байж байгаад уур хүрнэ, хүнтэй юм яримааргүй санагдана, амиа хорлох бодол төрөх, сонгомол дуугүй болох зэрэг шинж тэмдгүүд илэрч байсан. Тиймээс Р43.22 буюу түгшүүрлэх, сэтгэл гутрах, холимог хариу бүхий дасан зохицох эмгэгтэй байна гэсэн онош тавьсан. Охины дээрх өвчин нь бэлгийн хүчирхийллийн улмаас үүссэн байна. Учир нь бэлгийн хүчирхийлэл нь хүнд хэлбэрийн сэтгэцийн гэмтэл үүсгэдэг юм” хэмээсэн байна.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ