Сүхбаатар дүүргийн МАН гурван хүний амь эрсэдсэн ослыг “нууж” байгаа нь зөв үү

Сүхбаатар дүүргийн МАН-ын “Хэсгийн ахлагчдын холбоо”-ны нэр бүхий гишүүд аяллаар явах үедээ Дорноговь аймгийн Хамрын хийд орчимд осолдсон харамсалтай хэрэг гарсан билээ. Уг осол өнгөрсөн сарын 29-ний өдрийн үүрээр гарсан бөгөөд Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны гурван гишүүн болох Б, Ю, Т нар газар дээрээ нас барж, хоёр хүний биеийн байдал муу, ГССҮТ-д эмчлүүлж байгаа аж.

Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга М.Отгонтуяа тус аяллын багийг ахалж явсан байна. Тэрээр ослын улмаас хүнд гэмтэл авч, ГССҮТ-д эмчлүүлж байгаа талаар эх сурвалжууд мэдээлэв. М.Отгонтуяа нь Нийслэлийн орлогч дарга П.Баярхүүгийн туслахаар ажиллаж байсан нэгэн аж.

Гурван ширхэг “Старэкс” микро автобусанд 30 орчим хүн тээвэрлэж яваад осолдсон уг мэдээллийг П.Баярхүү, Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай холбон тайлбарласаар байгаа юм. Учир нь, Нийслэлийн МАН-ын хорооны даргыг удахгүй томилохоор хурлын тов хүлээгдэж буй. Улмаар Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга Д.Цогтбаатарын суудлыг П.Баярхүү авах зорилгоор саналын эрх бүхий хэсгийн ахлагч нарыг аялуулсан гэх хардлагууд хөвөрч байна.

Гол нь ослын газарт эрдэнэт гурван хүний амь эрсдэж, нийслэлд 1-2 хүний амь нас дээсэн дөрөөн дээр байхад юунд ослын талаарх мэдээллийг нуув. Нийслэлийн МАН-аас уг ослын талаархи мэдээллийг зохион байгуулалттайгаар бүрхэгдүүлж байгаа шалтгаан нь анхаарал татаж буй юм.

Эдүгээ МАН дотор уг ослын талаар тасралтгүй яригдаж, “Хүний амь эрсэдчихээд байхад улс төр хийж, зориуд нууж байгаа нь буруу” гэсэн үүднээс хандах хүн олон байгаа аж. Энэ талаар уг аяллыг зохион байгуулсан гэгдэж буй Нийслэлийн орлогч дарга П.Баярхүүгээс тодруулга авах гэсэн боловч утсаа авсангүй. Улмаар түүний 9911... дугаар луу тодруулга авах хүсэлт илгээсэн ч хариу өгсөнгүй.

Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Уг аялалд миний бие болон намын хороо оролцоогүй. Тухайн үед аяллын талаархи мэдээлэл бидэнд байгаагүй. Миний бие ослын дараа талийгаачдын ар гэрийнхэнтэй биечлэн уулзаж, боломжит тусдэм үзүүлсэн” гэх тодруулга өглөө.

Зарим хэвлэлүүдээр Сүхбаатар дүүргийн МАН-ын хороо дотоод хагаралтай. Дүүргийн намын хорооны даргын суудлыг Д.Цогтбаатараас авахын тулд П.Баярхүү нууцаар саналын эрх бүхий хэсгийн ахлагчдыг аялуулсан хэмээн мэдээлсэн.

Энэ талаар Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас лавлахад “Миний араар манай намын бүтцийнхэн ийм зүйл хийгээгүй. Ер нь Нийслэлийн МАН-ын хорооноос олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон байгаа” гэсэн хариулт өгсөн юм.

Ж.Мядагбадам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ