Э.Бат-Үүлийн хууль ганцаардаж байна
Монголд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хууль батлагдаад 20 жил өнгөрч байна. Дөрөвхөн заалт бүхий энэ хуулийг Ардчилсан намын олонх бүхий парламентын үед буюу 1998 оны наймдугаар сарын 28-нд баталсан. Э.Бат-Үүлийн гэж бас санаачлагчийнхаа нэрээр нэрлэгддэг энэ хууль ардчилсан Монголын нийгмийн нэг тулгуур болох хэвлэл мэдээллийн эрх чөлөөт байдлыг баталгаажуулж, улмаар иргэдийн мэдэх эрхийг хангаж өгсөн суурь хууль.
20 жилийн өмнөх хуулиар юуг зохицуулж өгсөн бэ? Үүнд, нэгдүгээрт, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглосон, хоёрдугаарт төрөөс мэдээлэлд хяналт тавихыг хориглосон, гуравдугаарт, төр өөрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг тус тус хориглосон юм. Төрөөс хэвлэл мэдээлэлтэй харьцах заагийг ийнхүү тогтоож өгөхийн зэрэгцээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээхийг хуульчилсан.
Хууль батлагдан гарч байсан 1998 онтой харьцуулахад өнгөрсөн 20 жилд хэвлэл мэдээллийн салбар танигдахын аргагүй болтлоо өөрчлөгджээ. Энэхүү өөрчлөлт нь дотроо хөгжлийг ч агуулж байна, гажуудлыг ч агуулж байна.
Иргэдийн мэдээлэл авах эх сурвалж, сувгийн тоо эрс нэмэгдсэн. Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн судалгаагаар 2017 оны байдлаар Монгол Улсын хэвлэлийн зах зээлд 4462 хүн, 430 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажиллаж байна. Хууль батлагдсаны дараа жил буюу 1999 онд энэ салбарт 1646 хүн,197 байгууллагад ажиллаж байжээ.
Мэдээллийн хэрэгслийн төрлөөр нь авч үзвэл хамгийн олон нь телевиз-127, сайт-100 ажиллаж байгаа гэсэн судалгааны дүн гарчээ. Гэвч бодит байдал дээр онлайн орчинд үйл ажиллагаа явуулж байгаа мэдээллийн хэрэгслийн тоо илүү байх магадлалтай.
Гурван сая гаруй хүн амд 430 гаруй мэдээллийн хэрэгсэл байгаа нь хэтэрхий их гэж олон хүн шүүмжилдэг ч 430 янзын дуу хоолой, үзэл бодлыг гурван сая хүн шингээсээр байгаа учраас тэд оршин тогтнож байгаа. Хүн амын тоонд харьцуулж төрөөс механикаар зохицуулахгүй байгаа нь яах аргагүй дэвшил. Зах зээлийн жамаар ийнхүү явж байгаад цаг нь ирэхэд сайн, саар нь шигшигдэнэ.
Хэдийгээр 20 жилийн өмнөх хуулиар хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарласан хууль батлахыг хориглосон ч эрх баригчид парламентаас батлагдан гарч байгаа хуулиуд, төрийн агентлагуудын шийдвэрүүдэд сэтгүүлчийн чөлөөтэй ажиллах, мэдээлэл олж авах эрхийг боогдуулсан заалтуудыг шургуулах хандлагатай байгаа нь үнэн. Шинээр батлагдан гарч байгаа хууль, төрийн агентлагуудын шийдвэрүүдэд соргог хандаж байхгүй бол ниргэсэн хойно нь хашгирах тохиолдол гарч байгаагийн хамгийн тод жишээ нь хэрэгжиж эхлээд нэг жил болох гэж байгаа Зөрчлийн тухай хууль юм.
Өмнө нь Эрүүгийн хуулиар зохицуулж байсан гүтгэх, доромжлох гэмт хэргийг Зөрчлийн хууль руу оруулж, гомдлыг барагдуулах эрхийг цагдаад ногдуулсан нь энэ салбарын онцлогийг огт харгалзаж үзээгүй муйхар шийдэл болсон гэж хэлж болох ч эрх баригчид хэвлэлийн амыг барих, атгандаа байлгах гэсэн далд санаархлаа энд шингээсэн.
Онлайн орчинд ажиллах мэдээллийн хэрэгслийн тоо эрс нэмэгдсэнээр энэ орчинд тохирсон зохицуулалтыг шаардаж эхэллээ. Цахим орчинд түгээгдсэн мэдээллийг хуулбарлан зөвшөөрөлгүй түгээх, алдаатай мэдээллийг тэр даруй засварлах боломжтой нь энэ салбарт шинэ зохицуулалт шаардаж байна.
Мөн олон жил ярьсан мэдээллийн эх сурвалжаа нууцлахыг баталгаажуулахгүй байгаа нь сэтгүүлчдийг төрийн хууль хяналтынхны өмнө хүчгүйдүүлсээр байна. Хуульд заасан хариуцлага хүлээх хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж хэнийг хэлэх вэ гэсэн тодорхойлолт ч бүрхэг боллоо. 20 жилийн өмнө хууль гарч байх үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэг бол багаар бодоход 10 хүнтэй редакц байлаа.
Харин одоо “мн” өргөтгөлтэй домайн нэр болгоныг хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үзэх үү. Ялангуяа цахим орчинд байгаа мэдээлэл түгээгчдээс сэтгүүл зүйг ялгаж, салгаж ойлгох шаардлага зайлшгүй гарч байгаа. Мөн мэдээлэл түгээх платформ анхдагч уу, мэдээлэл бүтээгч анхдагч уу гэсэн асуулт ч хариу нэхэж байна.
Хорин жилийн өмнө батлагдсан суурь хууль маань дэмжигч “дүү” хуулиуд нэхэж байна.
Д.Нарантуяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ