Санал асуулгад тэргүүлсэн Д.Даваа-Очир АТГ-ын даргын "Хүлээлгэ"-нд шилжих үү

Авлигатай тэмцэх газрын дарга болон дэд даргад гар дэвшигчийг тодруулахаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны www.president.mn цахим хуудсаар иргэдээс авсан санал асуулга долоо хоногийн хугацаанд үргэлжилж, энэ сарын 1-ний 22:00 цагт дууссан.

Энэ хугацаанд “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга”-ын албан тушаалд нэр дэвшүүлэх санал нийт 6,405 иргэнээс иржээ. Тухайлбал, АТГ-ын даргад 6,382 иргэний саналаар 179 хүнийг, дэд даргад 5,657 иргэний саналаар 317 хүнийг нэр дэвшүүлсэн гэнэ. Ерөнхийлөгчийн тамгын газраас иргэдээс ирүүлсэн саналыг нэгтгэж, өчигдөр орой хамгийн их санал авсан арван хүнийг танилцууллаа.

Тэдгээр эрхмүүдийг ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Д.Даваа-Очир тэргүүлсэн. Түүнчлэн санал авсан дарааллаар нь танилцуулбал, ШШГЕГ-ын дэд дарга асан, хурандаа Ж.Батсайхан, ЦЕГ-ын дарга асан Б.Билэгт, ЭЦГ-ын дарга асан Н.Ууганбаяр, Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар, ЦЕГ-ын дарга асан Ө.Энхтөр, АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд, БНН-ын дарга, Буян ХХК-ийн захирал Б.Жаргалсайхан, өмгөөлөгч Д.Пүрэвбаатар нар эхний арван байрт оржээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдээлснээр дээр дурдсан 10 нэр дэвшигч иргэдийн олонхын санал, дэмжлэгийг авсан боловч тухайн нэр дэвшигч нь Авлигын эсрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх ёстой.

Тодруулбал “Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй”. “Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй" зэрэг шаардлагыг хангасан байх ёстой.

Олонхын санал авсан дээрх 10 хүний зарим нь “төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх, эрх зүйч мэргэжилтэй байх, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхлээгүй байх” зэрэг шаардлагыг хангаагүй аж. Түүнчлэн иргэдээс ирүүлсэн нийт саналд нэр хаяг, утга агуулга тодорхойгүй зүйлс байжээ. Гэсэн ч Ерөнхийлөгчийн тамгын газраас дарга, дэд даргын албан тушаалыг тусгаагүй саналыг нэгтгэж нийт саналын тоонд оруулсан юм байна.

Ямартай ч Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх нэр бүхий 10 хүнээс хоёр нэр дэвшигчийн нэрийг АТГ-ын дарга, дэд даргаар томилуулахаар УИХ-д өргөн барихаар болжээ.

Гэхдээ энд нэг хачирхалтай үйл явц өрнөөд байгаа АТГ-ыг одоо даргалж буй Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болоогүй. Тэр байтугай хуульд зааснаар бол түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь нотлох баримттайгаар баривчлахгүй бол, эсвэл бүр шүүх түүнийг гэмт бурууг нотолж, хуулийн хариуцлага хүлээлгээгүй нөхцөлд дараагийн даргын талаар яригдаж, бүр хүнийг нь тодруулчхаад байгаа нь их л анхаарал татсан сэдэв хийгээд улстөрчдийн “арааны шүлс”-ийг асгаруулсан байгууллага болох нь тодорхой болж орхилоо.

Б.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ