Б.Лакшми: Бизнесийг хөгжүүлэхийн тулд бүртгэлжүүлэх тогтолцоог бий болго

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж байгаа билээ. Тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэж байна. Энэ удаагийн зочноор “Өрсөлдөх чадвар, сургалт судалгааны төв”-ийн захирал Б.Лакшмийг урилаа.

ХАВТГАЙРСАН ХАЛАМЖИЙН БОДЛОГО

Хэдийгээр зах зээлийн нийгэмд шилжсэн ч төвлөрсөн эдийн засгийн зарим агуулга, шинж тэмдэг одоог хүртэл байдаг. Эдийн засгийн бүтцийг авч үзвэл халамжийн бодлого хадгалагдаж байгаагаар илэрхийлэгддэг. Тухайлбал, улсын болон хувийн цэцэрлэгээс харж болно.

Улсын цэцэрлэгийн бүх зүйл үнэгүй байхын зэрэгцээ хөгжүүлэх боломжгүй байгаа нь харагддаг. Мэдээж тодорхой бүлэгт зориулсан зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж болно. Тэгэхээр үүнийг үе шаттайгаар зохицуулах боломж бий. Өөрөөр хэлбэл, өрхийн орлогоос хамааран төлбөр төлөх тогтолцоог бүрдүүлж болох юм. Ингэснээр цэцэрлэгийн багшийн цалинг нэмэхээс гадна хөгжүүлэх боломжтой. Түүнчлэн дунд сургуульд хэрэгжүүлж байгаа үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Гэтэл чанартай, чанаргүй гэдэг шүүмжлэл дагуулсаар ирсэн. Энэ нь улсын төсвийн зардлаар бүрдэж байгаа учраас төсөвт ачаа болж байгаа. Эдгээрийг дурдсаны учир нь халамжийн бодлогыг зөв зохистой хэрэгжүүлээгүйгээс гарч буй эрсдэл шүү дээ. Тиймээс төр халамжийн бодлогыг зорилтот төвшинд хэрэгжүүлэхийн сацуу ажлын байрыг нэмэхэд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Зах зээлийн нийгэмд зөв голдиролоор хөгжихийн тулд хавтгайрсан халамжийн бодлогыг цэгцлэх учиртай. Учир нь энэ нөхцөл байдал улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болж байгаа юм.

БҮРТГЭЛЖҮҮЛЭХ ТОГТОЛЦОО АЛГА

Бизнесийг хөгжүүлэх процессийг харвал, бүртгэлжүүлэх тогтолцоог бий болгоогүйгээс зарим алдаа, дутагдал гарч байгаа юм. Тухайлбал, аж ахуйн нэгжийг бүртгэхдээ ямар ч шалгуургүйгээр ХХК гэж бүртгэдэг. Ингэхдээ дүрмийн санг нь нэг сая төгрөг гэх мэтчилэнгээр цаасан дээрх компанийг бий болгож байна. Үүнийг эргээд харвал, тогтвортой, хариуцлагатай үйл ажиллагаа явуулах орчныг бий болгоогүйгээс борооны дараах мөөг шиг маш олон компаниудтай болсон. Эдгээр нь тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг эргэж шалгадаггүй. Тэгэхээр ажил, үйлчилгээ эрхлэхээр төлөвлөн аж ахуйн нэгж байгуулахаар зэхэж байгаа бол тухайн компани тогтмол, тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага бий. Нөгөөтэйгүүр компани үүсгэн байгуулах гэж байгаа бол дүрмийн сангийн хэмжээг зааж өгөх нь зүйтэй.

Магадгүй 10 сая төгрөг хүртэлх дүрмийн сантай байж болно. Гэхдээ түүнийгээ бүрдүүлэхдээ заавал бэлэн мөнгө байх албагүй. Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг нь тооцож болох юм. Хэрэв тухайн компани дампуурах болвол тэрхүү дүрмийн сангийнхаа хөрөнгөөр хохирол барагдуулдаг хэлбэрт шилжих нь зүйтэй. Учир нь ХХК гэдэг бол хариуцлагатай, хязгаарлагдмал гэсэн тодотголтой шүү дээ. Тиймээс аливаа асуудал үүссэн тохиолдолд хариуцлага хүлээх чадамжтай байх ёстой. Дэлхийн банкны судалгаанаас харахад тухайн аж ахуйн нэгж дампуурлаа зарлахын тулд дөрвөн жилийн хугацаа зарцуулдаг юм байна. Ийнхүү хугацаа зарцуулах болсон шалтгаан нь ердөө л бүртгэлжүүлэлтийг нь зөв хийгээгүйгээс үүдэлтэй. Түүнээс гадна Дампуурлын тухай хууль Хууль зүйн яаман дээр дөрвөн жил явж байгаа. Яагаад энэ хуулийн тухай сөхсөн бэ гэвэл, тухайн аж ахуйн нэгж ямар хариуцлага үүрэх ёстой, ямар хэлбэртэйгээр ажиллах ёстой вэ гэдгийг хуулиар тогтоосон байдаг.

АЖ АХУЙН НЭГЖИЙГ ДЭМЖСЭН ХӨШҮҮРЭГ ХЭРЭГТЭЙ

Хариуцлагын тогтолцоо байхгүйгээс үүдсэн асуудлыг шийдвэрлэхэд бэрх. Магадгүй үүнээс болж хэн нэгэн хохирох эрсдэл ч бий. Тиймээс компани байгуулахын тулд дүрмийн санг нь тухайн статуст нь таарсан байдлаар тогтоосон байх ёстой гэдэг зүйлийг яриад байгаа юм. Нөгөөтэйгүүр “Х” тайлан өгч байгаа компани албан ёсоор үйл ажиллагаа эрхлэхэд ямар давуу тал байна вэ. Татвар, нийгмийн даатгал төлж эхлэх үед НӨАТ-ын босгоос өөр зүйл байхгүй. Тэгэхээр аль ч компанийн хувьд ямар нэг хөшүүрэг байхгүй учраас “Х” тайлан өгөх сонирхол байх л болно.

Тэгэхээр бид татварын суурь баазыг нэмэх, ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд тогтвортой ажилладаггүй ч бүртгэлтэй байдаг компаниудаа дэмжиж ажиллуулах хөшүүрэг, урамшуулал байх ёстой. Аль ч Засгийн газрын үед бизнесээ дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлнэ гэдэг. Гэхдээ ямар нэгэн хөшүүрэг хэрэглэхгүйгээр юунд ч хүрч чадахгүй гэдгийг зах зээлийн нийгэмд шилжсэн 28 жилийн хугацаанд харсан. Тиймээс Монгол Улсын Засгийн газар бизнесийн орчныг сайжруулан, шударга татвар төлөгч, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжээ дэмжинэ гэж байгаа бол хөшүүрэгтэй байх ёстой.

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ ЧУХАЛ

Гадны орны жишгээс харвал, жижиг, дунд үйлдвэр хамгийн их ажлын байрыг нэмэгдүүлдэг ч төдийлөн өндөр ашиг, орлого олдоггүй юм билээ. Тэгэхээр тэдгээр аж ахуйн нэгжийг дэмжих тусгай хөшүүргүүд зайлшгүй хэрэгтэй. Манай улсын хувьд Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг 2007 онд анх баталсан байдаг. Гэтэл жижиг, дунд үйлдвэрийн тодорхойлолт байдаггүй боловч гурван төрлийн тодорхойлолттой, түүнийгээ өөрийнхөө онцлогт тохируулж хэрэглэдэг жишиг тогтсон байна. Жишээлбэл,хуульд “…Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч гэдэгт хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн…, …Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж нь компани, хоршоо, нөхөрлөл гэсэн хэлбэртэй байх бөгөөд энэ хуулийн 5.1-д заасан шаардлагыг хангаж буй эсэхийг тогтоохдоо тухайн хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар, хараат болон охин компанийн холбогдох үзүүлэлтийг оруулж тооцно” гэсэн байгаа.

Гэтэл статистик болон арилжааны банкууд өөр, өөр тодорхойлолт гаргасан байх жишээтэй. Тиймээс нэн тэргүүнд жижиг, дунд үйлдвэрлэл гэж ямар хэмжээний хөрөнгө, орлоготой, хэдэн ажлын байртай вэ гэдгийг тодорхой болгох нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл, улсынхаа хүн амыг тооцоолон тухайн үйлдвэрт ажиллагсдын тооноос хамааруулж тодорхойлох нь чухал. Хууль болон, статистик судалгаанаас харвал 99-199 ажилтантай бол жижиг, дунд гэсэн ангилалд багтана. Гэтэл манай улсын хувьд энэ нь том үйлдвэрлэлд орох боломжтой. Учир нь энэ хэмжээний хүмүүсийг цалинжуулах, нийгмийн даатгал, татварт мөнгө төлж байгаагаас нь харвал томоохон аж ахуйн нэгж байх төвшинд хүрч байгаа юм. Тиймээс хуулийн хүрээнд тодорхойлолтоо зөв гаргаж, зааг, ялгаатай байдлаар тогтоосны дагуу дэмжих, хөгжүүлэх боломжийг бүрдүүлсэн хөшүүрэг хэрэглэх шаардлагатай.

БЛИЦ

Боловсрол:

  • ХБНГУ-ын Форст хотын Техник, эдийн засгийн МСҮТ мэргэжлийн сургалтийн төвийг эдийн засгийн туслах ажилтан мэргэжлээр, Дрезден хотын Эдийн засаг, техникийн дээд сургуулийн бакалавр,Берлин хотын Эдийн засаг, техникийн дээд сургуулийн мастерийн дипломтой.

Мэргэжил:

  • Эдийн засагч

Хэлний мэдлэг:

  • Орос, герман, англи

Ажлын туршлага:

  • Мигма ХХК-ийн маркетингийн менежер/маркетингийн албаны дарга;
  • “Наран Моторс” ХХК-ийнгүйцэтгэх захирал;
  • Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал

ХҮН АМЫН ӨСӨЛТ БА НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН ШАТЛАЛ

Нөгөөтэйгүүр, улсын хөгжилд өрхийн амьжиргааны төвшинд тодорхой байр суурийг эзэлнэ. Өөрөөр хэлбэл, тухайн өрхийн орлогын хэмжээ худалдан авалтад шууд нөлөөлдөг хүчин зүйл. Тиймээс татварын бааз суурийг нэмэгдүүлэхийн тулд өрхийн орлогыг тодорхойлохдоо хувь хүний орлогын албан татвар нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттай болгож өөрчлөх шаардлагатай гэж хардаг. Яагаад гэвэл, одоогийн нөхцөл байдалд хүн бүр ижил хэмжээний татвар төлж байгаа. Тэгэхээр хувь хүн гэхээс илүүтэй өрх гэдэг байдлаар авч үзэх нь илүү тохиромжтой. Жишээлбэл, “А” болон “Б” гэсэн хоёр өрх байна.

“А”-гынх дөрвөн ам бүлтэй. “Б”-гынх зургаан ам бүлтэй. Энэ хоёр айлын нэг сарын өрхийн орлого нь хоёр сая төгрөг. Эцсийн дүндээ “Б” зургаан ам бүл тэжээж байгаа учраас ачаалал илүү ногдоно. Хоёр жилийн өмнө гарсан Үндэсний статистикийн хорооноос хүн ам эрчимтэй өсч байгаа судалгаа гарсан. Тэнд манай улсын хүн ам 2040 он хүртэл сайн өснө. Харин 2040 оноос эхлэн буурна гэсэн тооцоо бий. Тэгэхээр хүн амын өсөлтөө дэмжихийн тулд өрхийн орлогыг нэмэгдүүлэх хөшүүрэг хэрэгтэй. Үүний тулд нийгмийн даатгалын шимтгэлийг ялгаатай байдлаар тогтоож болно. Ер нь сангуудын үйл ажиллагаа хэрхэн явдаг вэ гэвэл, ажлын байр олноор бий болсноор мөнгө төвлөрнө. Тиймээс залуу үеийг тасралтгүйгээр бүр цаашилбал, олноор бий болгохын тулд төрөлтийг нэмэх шаардлагатай.

Үүнийг хэрэгжүүлэхийн тулд нийгмийн даатгалаар дамжуулан хөшүүргийг бий болгож болох юм. Тодруулбал, 1-2 хүүхэд төрүүлсэн ээжийн цалингаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ энгийн ажилтнаас тодорхой хэмжээгээр бага байх хэрэгтэй. Энэ мэтчилэн хүүхдийн тооноос хамаарсан шимтгэл төлөх шатлалыг бий болгох нь зүйтэй. Ингэхдээ тэрхүү шатлалтай шимтгэлийг зөрүүг ажил олгогчид ногдуулж болохгүй. Бүр тодруулбал, дөрвөн хүүхэд төрүүлсэн эмэгтэй хүүхдээ эрүүл, саруул өсгөж, хүмүүжүүлсний дараа тэдгээр хүүхдүүд ажил хийж нийгмийн даатгалд шимтгэл төлнө шүү дээ. Тэгэхээр жижиг чулуугаар том чулууг хөдөлгөнө гэдэгтэй утга дүйнэ гэсэн үг. Бас нэг зүйл бий. Нийгмийн даатгалын шимтгэл бага төлж байгаа учраас ирээдүйд тэтгэвэрт гарахад нөлөөлөх вий гэх болгоомжлол байж болно. Тэгвэл төр бодлогоор үүнийг зохицуулах учиртай. Үндсэн цалин нэг сая төгрөгтэй хүнд хэдий хэмжээний тэтгэвэр олгодог яг түүнтэй ижил төвшинд тогтоож өгөх нь зүйтэй.

ЭДИЙН ЗАСГИЙН БҮСЧЛЭЛИЙГ ТОГТОО

Манай улсын хувьд эдийн засгийн бүсчлэлийг тогтоох цаг болсон. Одоогийн байдлаар байгалийн тогтолцоогоор нь хуваасан байдаг. Тэгэхээр үйлдвэрлэлээ хөгжүүлж ажлын байрыг нэмэгдүүлэх орон зай хумигдмал болж байгаа юм. Жишээлбэл, Сэлэнгэ, Орхон, Булган, Дархан аймгийн эдийн засгийн хувьд нэг бүс гэж бодъё. Тэгвэл эдгээрийн дунд нэг махны үйлдвэртэй байх нь илүү өгөөжтэй. Гэтэл одоогийн нөхцөл байдлыг харахаар аймаг тус бүртээ махны үйлдвэртэй болно гэж төлөвлөсөн байдаг. Энэ нь ямар ч үр өгөөжгүй, хөрөнгийг хоосон үрэгдүүлсэн зүйл болж хувирна шүү дээ. Учир нь Орхон аймагт махны үйлдвэр байсаар атал Булган махны үйлдвэр барих нь илүүц зүйл.

Нэгдүгээрт, зах зээл жижиг учраас борлуулалт байхгүй. Энэ нь эргээд аж ахуйн нэгжийг унагах эрсдэлтэй. Хоёрдугаарт заавал махны үйлдвэртэй байх ёстой гэвэл, нэг нь махаа ангилж борлуулдаг. Нөгөөх нь дайвар бүтээгдэхүүнээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байж болно. Нөгөөтэйгүүр, хөдөө орон нутагт ажлын байрны хомсдол бий болсон. Түүнийг бууруулахын тулд үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай. Гэхдээ бүх аймгийг эдийн засгийн бүс болгон хуваах хэрэгтэй. Ингээд тухайн бүст ямар үйлдвэр илүү хөгжих вэ гэдгийг тодорхойлох нь зүйтэй.

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГОО ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

Эдийн засгийг солонгоруулах, төрөлжүүлэх тухай маш олон жил ярьж байгаа хэдий ч биелэлээ олж ажил хэрэг болсон зүйл алга гэвэл хилсдэхгүй. Үнэхээр эдийн засгийг төрөлжүүлье гэвэл, удаан хугацаанд төлөвлөж, түүнийг ажил хэрэг болгох бүхий л алхмыг хийсний дүнд тодорхой эерэг нөлөөллийг авчирна. Үүний тулд тогтвортой бодлоготой байх зайлшгүй шаардлагатай. Бид сонгуулийн дөрвөн жилийн мөчлөгийг дагаад саваад байвал эдийн засаг тогтворгүй, ажлын байрыг нэмэгдүүлэх боломжгүй, дундаж давхаргынхнаа чадавхжуулах ямар ч боломжгүй гэдгийг цаг хугацаа харуулж байгаа. Тиймээс улс төрийн орчинд ч эдийн засаг, бизнесийн орчинд ч тогтвортой бодлого маш чухал.

ЭДИЙН ЗАСАГТ МӨЧЛӨГ СӨРСӨН БОДЛОГО ЧУХАЛ

Уул уурхай сэргэж байх үед их хэмжээний орлого олсон ч хуримтлал үүсгэж чадаагүй учраас эдийн засгийн хямралын үед хүнд байдалд орсон. Манай улс Баялгийн сан, Хуримтлалын сантай болно гээд олон жилийн турш ярьж байгаа ч бодит ажил болгоогүй. Аливаа улс орлого сайн олж байх үедээ баялгийн болон хуримтлалын сандаа тодорхой хэмжээний орлого төвлөрүүлэхийн зэрэгцээ төсвийн бодлогоо хумидаг. Харин эдийн засгийн нөхцөл байдал муудсан үед төсвийн бодлогоо тэлж, хуримтлалын сангийнхаа хөрөнгийг гарган бизнесээ дэмжин ажлын байрыг хадгалах, тэлэх боломжийг бүрдүүлдэг.

Харамсалтай манайх орлого олж байх үедээ төсвийн бодлогоо зэрэгцүүлэн тэлж хуримтлал үүсгэхгүйгээр зарцуулалт хийсэн. Үүнийхээ гороор эдийн засгийн хямралд өртөж маш олон аж ахуйн нэгж хүнд байдалд орсон шүү дээ. Энэ нь эцэстээ улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа юм. Хэрэв бид зөв бодлого явуулж чадсан бол хямралыг даван туулах боломжтой. Өөрөөр хэлбэл, мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлэх учиртай гэсэн үг. Одоогоор манай улс сүүлийн жилүүдэд байнга алдагдалтай төсөв баталж, гадны орноос зээл авсаар улам хүнд байдалд орж байна. Мэдээж үүнээс гарахын тулд төр бизнесийн орчноо дэмжиж, тодорхой бодлого, зохицуулалт хийж, хөшүүрэгдэх хэрэгтэй.

Д.Оюунчимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ