Ц.Нямдорж: Би сэтгүүлчдийг тагнаагүй

Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тодорхой тооны сэтгүүлчийг гэр бүлийнхэнтэй нь хамт тагнаж чагнасан гэх мэдээлэл цацагдсан. Энэ хэрэгтэй холбогдуулан өнөөдөр Нийслэлийн прокурорын газраас хэвлэлийн хурал хийсэн юм.

Ингэхдээ Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж үүрэг өгсөн эсэхийг мэдээллээгүй ч сэтгүүлчдийг тагнасан, чагнасан гэх асуудлыг шалгаж байгааг нотолсон юм. Тэгвэл Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн тайлбарыг хүргэж байна.

-Таны захиалгаар есөн сэтгүүлч болон тэдний ар гэрийнхнийг тагнаж, чагнасан гэх асуудал сөхөгдөж байна. Түүгээр ч зогсохгүй нэгнийх нь машин руу буудаж, айлган сүрдүүлсэн гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ үнэн үү?

-Би худлаа зүйлд тэр болгон тайлбар өгөөд байлтай биш. Би мэдэхгүй, тэр бичсэн сэтгүүлчээсээ асуу. Нэг сэтгүүлчийн машины дугуйг буудсан л гэнэ. Та нар намайг тагнадаг болохоос би сэтгүүлчдийг тагнаж байсан тохиолдол миний амьдралд байхгүй.

-Прокурор хүртэл сэтгүүлчдийг тагнаж, чагнаж байгаа асуудлыг шалгаж байгаагаа мэдэгдсэн. Гэтэл ийм төрлийн мэдээлэл зохиомлоор тараана гэж байх уу. Хэрвээ худлаа мэдээлэл тараасан бол хэн тараасан гэж үзэж байна вэ та?

-Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг гаргаж тавьснаас хойш намайг гүтгэх явдал хэрээс хэтэрсэн. Энэ бол зориудаар зохион байгуулж байгаа улс төрийн ажиллагаа. Ер нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой том луйвар, хаалттай шүүх хурлын цаана байгаа элдэв гаж үзэгдлийн тухай ярьсан хүн бүрийг ингэж дарамталж байна. Уржигдар Л.Болдыг байцаасан, өчигдөр Ж.Батзанданг байцаасан.

Өнөөдөр миний тухай худлаа мэдээллээ цацаж эхэллээ. Мөнхтөр гэдэг өмгөөлөгч өчигдөр надтай анх удаа уулзсан. Гадуур тийм яриа яваад байна гэж. Би тэр өмгөөлөгчийн тухай юу ч яриагүй. Ер нь бол айлган сүрдүүлэх, дарамтлах, эрүү үүсгэх бусармаг зүйлүүд болж байна.

-Энэ бүхний эсрэг та хуулийн байгууллагад хандах уу?

-Би сэтгүүлчидтэй зууралдахгүй ээ, хэзээ ч шүү. Харин ийм бусармаг зүйл хийгээд байгаа цаад эзэдтэй нь хуулийн хүрээнд ярина. Намайг “Эрдэнэт”-ийн асуудал ярьж байхад 27 настай жоохон хүүхэд 100 гаруйтэрбум төгрөг хайгаад л байсан. Гэтэл тэр хүүхдийн данс руу гурав хоногийн дараа Монголбанкнаас орсон байна. Энэ бүхэн нь мэдэгдээд ирэхээр эд сандарч байна.

-УИХ дахь АН-ын бүлгээс таныг мөн Ч.Хүрэлбаатар сайдыг огцруулах шаардлага тавьсан. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Миний байрны асуудлыг ярьсаар байгаад би залхажбайна ш дээ. Би бүх үнэнээ хэлээд л АТГ-т ийм байранд амьдарч байгаа гэдгээ мэдүүлээд арван жил болж байна. Өөр оролдох зүйл байхгүй болохоор үүнийг л байнга сөхдөг юм. Жаст, Г.Алтангийн хоорондын элдэв наймаа надад огт падгүй асуудал ш дээ. Би монголын бүх толгой бизнесмэнүүдийг танина. Таньдаг болохоор холбоотон болчихдог юм уу хаашаа юм. Зориуд л ийм мэдээлэл тараагаад байгаа.

Гэхдээ их сонин байдлаар хийж байгаа. Иргэний гомдлоор Ж.Батзандантай холбоотой хэрэг шүүхээр шийдвэрлэгдлээ. Яг тэр өдөр намайг хоргоох ажиллагаа хийгдсэн ш дээ. Сэтгэл санаагаар дарамталж, дайрсаар байгаад унагах том юм явж байгаа. С.Зоригийг амьд байхад иймэрхүү зүйл өдөр шөнөгүй явагдсаар байгаад тэр хүн дууссан. О.Дашбалбарыг ч яг л ингэж байсан. Төрийн төлөө зоригтой үг хэлчихдэг хүмүүсээ иймэрхүү маягаар л дайрч байсан. Одоо ээлж нь над дээр ирчихээд байна.

Т.Номин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ