“Саруул” хотхонд амиа алдсан бүсгүйг дүү нь санаатайгаар хөнөөжээ
Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах “Алтай” констракшины “Саруул” хотхонд өнгөрсөн амралтын өдрүүдэд хоёр хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан. Тухайлбал, Саруул хотхоны 112-р байрны давхартшөнийн 00.01 цагтгал гарч 27 настай эмэгтэй нас барсан юм. Тус хэргийг талийгаачийн төрсөн дүү 19 настай эрэгтэй Б, 20 настай эрэгтэй Э гэх нар бүлэглэн үйлдсэн байдаг. Зарим мэдээллийн хэрэгслүүдээр талийгаач бүсгүйг эмэгтэй дүү нь хөнөөсөн гэж ташаа мэдээлж байгааг цагдаагийн байгууллагаас бидэнд мэдээлэв.
Хэргийг эргэн сануулахад, 19 настай эрэгтэй Б нь төрсөн эгчийгээ найзтайгаа нийлэн өс хонзонгийн сэдэлтэйгээр хувийн өс хонзон санаж, боомилж хөнөөгөөд гэрийнхэн тагтан дээр гал тавиад зугтсанаа мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн байна. Тэд хүн амины гэмт хэрэг үйлдэж хэргийн ул мөрөө баллахын тулд амьдарч байсан хоёр өрөө байранд нь санаатайгаар гал тавьсан болохыг цагдаа нар шуурхай илрүүлсэн юм.
Ингээд галын улмаас дээд, доод хажуугийн гээд дөрвөн айлын тагт галд өртөж, орц тэр чигээрээ утаа униарт дарагдсан аж. Тухайн үед Нийслэлийн онцгой байдлын газрынхан “гал гарлаа” гэх дуудлагын дагуу очиход найман давхрын айлаас гал гарч, найм, ес, 10,11 давхрын цонхны хүрээ, тагтан дээрх эд хогшил шатаж байжээ. Оршин суугчдын мэдээлснээр гал гарах үед хүчтэй дэлбэрэлт мэдрэгдэх шиг болж галын дохиолол утаа гарахтай зэрэгцэн дуугарч эхэлжээ. Харамсалтай галын улмаас 27 настай эмэгтэй нас барж тус байрны 64 том хүн, 24 хүүхдийг угаартахаас сэргийлэн холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.
Дээрх аймшигт хэргийг үйлдсэн гэмт этгээдүүдийг маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 22-ны өдөр /2018.04.22/ Налайх дүүргийн нутаг дэвсгэрээсбаривчилж ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулжээ. Уг хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Эл хэрэг гарсан тус хороололд бид 16.00 цагийн үед очлоо. Орцны үйлчлэгчээс болсон явдлын талаар асуухад “Найман давхарт шөнийн 11.55 цагт хүчтэй дэлбэрэлт болох шиг болсон. Бид нар хамаг хурдаараа гал команд дуудан, зогсоол дээр машинаа байрлуулсан хүмүүс руу утас цохисон. Шөнө болохоор ч тэр үү хүмүүс машинаа гаргах гэж нэлээн удсан. Энэ хооронд галын машин ирчихсэн машин гарахыг хүлээж хэсэг хугацаа алдсан” гэж ярилаа. Биднийг тус байрны үүдээр ороход тус хотхоноос хоёр айл нүүж байв. Ингээд хэрэг гарах үед энд чухам юу болж өрнөсөн талаар тус хорооллын “Бадамлах өргөө” СӨХ-ийн ажилтантай хэсэг хором ярилцав.
Талийгаачийг хэдүүлээ амьдардаг байсныг мэдэхгүй
Тэрбээр “Найман давхарт гал гарч байна гэдгийг 11.55 цагт мэдсэн. Галын шалтгаан нь гаднын нөлөөтэй гэж цагдаа нар үзээд байгаа юм билээ. Бид нарын хувьд шөнийн 11.40 цагт найман давхарт гал гарчбайнагэх мэдээлэл ирсэн. Камерын бичлэгээс үзэхэд гал маш богино хугацаанд гарсан. Гал гарсан тоот айлын яг дээд давхрынх нь айл бас ялгаа байхгүй цонх нь хагарчихсан, хажуу талын айлуудын тагт шатсан. Хохирлын хэмжээг одоогоор тогтоогоогүй байгаа. Мөн орцондоо яаралтай засвар үйлчилгээ хийх шаардлагатай болчхоод байна. Байрны гадна талын засвар үйлчилгээг хийхээр мэргэжлийн байгууллагад хандсан. Гэвч бид нарт зөвшөөрөл ирээгүй. Хүн амины онц ноцтой гэмт хэрэг буюу санаатайгаар үйлдсэн хэрэг учраас олон газраас зөвшөөрөл олгосны дараа засвараа хийх юм байна. Шатсан гадна талын фасадыг Мэргэжлийн хяналтын газар, ОБЕГ, Цагдаагийн газраас зөвшөөрөл ирсний дараа янзална гээд хүлээгээд сууж байна.
Талийгаачийг хэдүүлээ амьдардаг байсныг бид нар мэдэхгүй. СӨХ-ийн бүртгэл дээр утасны дугаар нь байдаг. Ер нь бол ганцаараа амьдардаг бүсгүй байсан. Гаднаас нь харахад дарууханшар охин яваад байдаг байсан шүү дээ. Дүүг нь бол мэдэхгүй. Манайхтай байрныхаа төлбөр тооцоог хийгээд байнга холбоотой явж байдаг хүүхэд байсан. Талийгаачийн байр хоёр өрөө, өөрийнх нь нэр дээрх байсан. Бид нар өнгөрсөн сард оршин суугчдын дунд судалгаа явуулж, утасны дугаар, ам бүлийн тоог авахаар холбогдох гэсэн боловч энэ айлын тэмдэглүүлсэн утасны дугаарууд бүгд холбогдох боломжгүй байсан. Осол гарсны дараа гэр бүлийнхэнтэй нь холбогдох гэхэд утасны дугаарууд нь мөн л холбогдохгүй байсан. Одоог хүртэл бидталийгаачийн гэр бүлтэй холбогдож чадаагүй байна. Тэдний яг зэргэлдээ 37 тоотын айлын хананд нь бага зэрэг цууралт өгсөн. Нэг зүйлийг хэлэхэд манай барилга галд тэсвэртэй, сайн чанарын хөөсөнцрөөр баригдсан учраас гал авалцаж байхад зөвхөн тагтнууд нь галд өртсөн. Хэрэвзээ хямд хөөсөнцөр, муу материалаар барьсан бол барилга тэр чигтээ галд автах эрсдэлтэй байлаа. Ганц нэг хүмүүс угаартсан юм шиг байна лээ. Тэгэхдээ галын дохиолол маш хурдан ажилласан болохоор оршин суугчид цаг алдалгүй гарч чадсан байх. Тийм тулдаа өөр хүний амь нас эрсдээгүй. Дээд талын айлын мэдээлснээр гал гарах үед их хэмжээний бензин үнэртэж байсан гэж хэлсэн. Гаднаас санаатайгаар гал тавьсан гэж таамаглаж байна. Хэрвээ манай хотхонд газ хэрэглэдэг айл байх юм бол ямар нэгэн байдлаар бид нарт мэдэгдэнэ шүү дээ. Шөнийн 11.55 минутад дэлбэрэлт болсон” гэж мэдээллээ.
#c0392b;">Талийгаач бүсгүйг хөршүүд нь огт танихгүй
Ингээд бид болсон явдлын талаар тодруулахаар тус хотхоны 112-р байрны найман давхарт гарч ирэв. Цахилгаан шатны хаалга нээгдэхэд талийгаач бүсгүйн амьдарч байсан хаалга, тоот харагдлаа. Хаалганы гадна “орох хориотой” гэсэн цагдаагийн бичигтэй тууз татан гэрийг нь битүүмжилсэн байлаа. Үнэхээр ч энэ давхарт эл хуль оргиж бүхэлдээ жихүүдэс дааж, нам гүм ноёлж байв. Хаалга, хана тааз гээд нүднээ харагдаж бүхий л хэсгүүд утаа тортгоос болж сааралтсан харагдаж байлаа. Талийгаач бүсгүй 36 тоотод ганцаараа амьдардаг байсан ба хөршүүдтэйгээ тэр бүр үг сольдоггүй, даруухан нэгэн байжээ. Хөршүүд нь ч түүнийг гэртээ байгааг тэр бүр анзаарч байгаагүй гэв. Талийгаач бүсгүйн хөрш айлын хаалгыг цохиход нэгэн эмэгтэй хэн бэ гэж намуухан дуугаар асуув. Тэрбээр“Талийгаач бүсгүйг огт танихгүй. Цахилгаан шатанд ганц нэг удаа таарсан байх. Үүнээс өөр зүйл мэдэхгүй” гээд хаалгаа хаалаа. Энэ давхрын айлууд хэрэг гарснаас хойш үндсэндээ гэрээсээ дайжсан байдалтай байгааг эндхийн оршин суугчид ярьж байсан юм. Тэд мөн орцондоо орохдоо ч айдастай, сэтгэлд нь сэвтэй байгааг бидэнд хэлж байлаа.
Ингээд бид есөн давхрын айлуудтай уулзахаар дээшээ гарав. Энэ үед тагтан дээр нь гал дүрэлзсэн гэх айлынд орлоо. Тус айлын эзэгтэйн мэдээлснээр “Гал гарах үед манайх гэртээ байгаагүй. Ирэхэд тагтан дээрх эд зүйлс шатчихсан, цонх хагарчихсан байсан.Манайд учирсан хохирлыг хэн төлөхийг бид мэдэхгүй байна. Гал дүрэлзэж байхад галын машин орох зай байгаагүй гэж хүмүүс ярьж байсан. Бид нар сүүлд л мэдсэн. Хэрэв энд байсан бол угаартаж ч болох байсан” гэлээ. Харин тус байрны 12 давхрын оршин суугч бид нарт нэрээ нууцлан дараах мэдээллийг өгөв. Тухайн үед би унтаж байсан. Галын дохиолол дуугарахад хоёр дүүгээ аваад гаръя гэж бодсон. Хаалгаа онгойлгоход юуч харагдахгүй хар утаа байсан. Нүд хорсоод арайл гэж амьсгаа авсан. Галын үнэр нь сэтгэлд шингэчихсэн эвгүй л байна. Ер нь айлууд мэр сэр нүүж байгаа харагдсан. Байрны хүмүүс ярьж байхыг сонсоход Солонгост суралцаад ирсэн эмэгтэй гэж дуулсан” гэж ярьсан юм.
Өөр нэгэн оршин суугч хэлэхдээ “Энэ байранд хоёр удаа ойрхон хүн амины гэмт хэрэг гарчихлаа. Гал гарсан айлынд эхэндээ газ дэлбэрсэн гэж сонссон ч маргааш нь цагдаа нар, СӨХ-ийн хүмүүс камераар шүүгээд санаатай гал тавьсан гэдгийг нь тогтоосон гэсэн. Галын улмаас хохирсон айлуудын нөхөн төлбөрийг “Алтай” констракшин төлөх байх гэж бодож байгаа” гэв.
Урьдчилсан дүгнэлтээр гал гарсан шалтгаан нь ил галаас үүдэлтэй
Энэ асуудлаар Нийслэлийн онцгой байдлын газраас лавлахад “Саруул хотхоны галын шалтгааныг тодруулахаар шинжээч нар цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллаж байна. Урьдчилсан дүгнэлтээр гал гарсан шалтгаан нь ил галаас үүдэлтэй. Хэргийн мөрдөн байцаалт дуусаагүй учир хохирлын хэмжээ нарийвчлан гараагүй” гэсэн юм. Мөн цагдаагийн байгууллагаас хувийн таарамжгүй харилцаанаас болж эгчийнхээ аминд хүрсэн байх магадлалтай. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа учраас тэдний хооронд чухам юу болсныг бид мэдэхгүй” гэсэн хариултыг өглөө. Энэхүү хэргийг цагдаагийн ерөнхий газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Баянзүрх дүүргийн цагдаагийн I хэлтсийн ажлын хэсэг үргэлжлүүлэн шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ