Л.Болд: АТГ-аас эрүү үүсгэсэн бичиг өчигдөр хүлээж авсан

АТГ-аасУИХ-ын гишүүн Л.Болд болон Ж.Батзандан нарт Б.Хурцны гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэж байгаа гэсэн мэдээлэл гараад байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Болдоос зарим зүйлийг тодрууллаа.

-Та ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид очиж, зарим хүмүүстэй уулзсан гэсэн. Үүнтэй зэрэгцээд танд болон УИХ-ын гишүүн Ж.Батзанданд ТЕГ-ын дарга асан Б.Хурцын гомдлоор хэрэг үүсгэх гэж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна?

-УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагааны хүрээнд миний бие Оюутолгойн гэрээний асуудлаар шалгагдаж, хоригдож байгаа нэр бүхий хүмүүстэй уулзаад ирсэн. Бүгдтэй нь уулзах гэсэн боловч Ерөнхий сайд асан С.Баяртай уулзуулсангүй, нөгөө дөрөвтэй нь уулзаад, хоригдож байгаа нөхцөл байдалтай нь хүний эрхийн талаас нь танилцаад ирсэн. Нөхцөл байдал сайнгүй бөгөөд улс төр хийгээгүй л бол эдгээр хүмүүсийг хорьж шалгах зайлшгүй шаардлага байна уу гэдэгт эргэлзэж байгаа.

-УИХ-ын гишүүн Ж.Батзандан болон таны нэр дээр хэрэг үүсгэх гэж байгаа талаар?

- АТГ-аас өчигдөр мэдэгдэл ирүүлсэн. УИХ-д нээлттэй сонсгол хийж иргэдээ сонссоноос болж Б.Хурц гэдэг хүн биднийг буруутгаж өргөдөл гаргасан. Нээлттэй сонсгол хийсэнд Эрүүгийн хуулийн 22.1-р зүйлээр хэрэг үүсгэсэн байна. Ер нь иргэдийнхээ асуудлыг сонссоноос болж парламентын гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн түүх дэлхийд ганцхан Монгол Улсад л гарах гэж байна.

Хамгийн хачирхалтай нь бид шүүхэд хандахаар Б.Хурцын хаяг тогтоогдохгүй байна гэдэг. ХУД дээр мухардаад, Баянзүрх дүүргийн шүүхэд хандахаар энэ хаяг дээр байхгүй гээд сар гаруйн дараа буцаадаг. Тэгвэл Б.Хурцын талаас Зайсангийн хаягаараа өргөдөл гаргахаар Ж.Батзандан гишүүнийг хоёр шатны шүүхэд буруутгасан шийдвэр гаргачихдаг. Одоо АСЕМ Виллагийн хаягаараа бид хоёрт Нээллтэй сонсголын шалтгаанаар хэрэг нээлгээд байгаа юм.

- Нээлттэй сонсголд Ж.Батзандан гишүүн та хоёроос гадна өөр нэр бүхий гишүүд оролцсон. Тэдэнд мөн ийм хэрэг үүсгэсэн үү?

- Уг таван ч УИХ-ын гишүүн хамтдаа нээлттэй сонсгол хийж дүгнэлтэд гарын үсгээ зурцгаасан. Эндээс хоёрыг онцолж байгаа учрыг мэдэхгүй байна. Бусад гишүүдэд мэдэгдэл ирсэн эсэхийг мэдээгүй.

-Та 461-р ангиас ирээд хэвлэлд яриа өгөхдөө Эрдэнэс Монголын захирал асан Б.Бямбасайханыг 20 гаруй хоног хорьсон хэрнээ нэг ч удаа байцаалт аваагүй гэж ярьсан. Харин АТГ үүнийг үгүйсгэж байх юм?

-Хүний эрхийн нөхцөл байдал талаас нь очиж уулзсан. Энд өмнө нь Б.Бямбасайханаас байцаалт мэдүүлэг авсныг огт дурдаагүй, зөвхөн цагдан хоригдсоноос хойш байцаалт авсан эсэх асуудлыг ярьж байгаа гэдгийг ойлгоорой. Миний зүгээс ямар ч худал үг зохиож хэлэх шаардлагагүй. Сонссоноо л ярьсан. Нэг үгээр хэлбэл Б.Бямбасайхан хүний эрх зөрчигдөж байна гээд энэ тухайгаа хэлсэн, хэн үнэн ярьж байгааг прокурор тогтооно биз дээ.

Улстөрчид бид яах вэ, төрийн хуулинд шалгуулах нь байх асуудал. Харин таван нялх хүүхэдтэй, одоо эхнэр нь өнөө маргаашгүй төрөх гэж байгаа, улсынхаа хөгжилд бодитой хувь оруулж байгаа, өндөр боловсролтой, 40 нас ч хүрээгүй залууд ийм хатуу хандах нь зөв үү.

Ш.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ